"Хөлбөмбөгийн холбоо 10.8 тэрбум төгрөгийн төсөв баталсан"

Хуучирсан мэдээ: 2023.10.26-нд нийтлэгдсэн

"Хөлбөмбөгийн холбоо 10.8 тэрбум төгрөгийн төсөв баталсан"

"Хөлбөмбөгийн холбоо 10.8 тэрбум төгрөгийн төсөв баталсан"

Монголын хөлбөмбөгийн холбооны зүгээс цаг үеийн асуудлаар өнөөдөр/2023.10.26/ мэдээлэл хийлээ. Сүүлийн үед тус холбооны санхүүжилт, төсөв, бодлоготой холбоотой хэрүүл маргаан олон нийтийн сүлжээнд дэгдсэн билээ.


Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж:

-Манай холбоо дөрвөн жил тутамд нэг удаа дотоод сонгуулиа хийдэг. Нөгөө талдаа олон улсын болон Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн байгууллага. Энэ жил их хурлаа хийн ерөнхийлөгчөө сонгосон. Гурван сар өнгөрчээ. Ерөнхийлөгч маань энэ салбартаа олон жил клуб хөгжүүлж, энэ спортоороо 40 гаруй жил хичээллэсэн хүн. М.Болд гэх хүн бий. Их хурлаас манай 15 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөл сонгогдсон. 80 гаруй хувь нь шинэ залуу боловсон хүч. Бүгд энэ салбараасаа бий болсон. Тэгэхээр бодлогын хувьд энэ салбарынхаа тамирчин, мэргэжилтнээс бий болсон. Миний хувьд ажлаа хүлээн аваад хоёр сар болж байна. Сүүлийн таван жил клуб хөгжүүлэлтийн менежмент дээр ажилсаар ирсэн.

Цаашдаа бид богино хугацааны хөтөлбөрөө гаргасан. Хоёр том ажил бий. Тогтоол гарсан. Техник хөгжлийн бодлогыг боловсруулах чиглэл өгсөн. Бид олон улсын шинж чанартай форум зохион байгуулна. Нөхөрсгөөр санал, шүүмжлэл өгч байгаа нөхдийнхөө санааг тусгана. Бид дэд бүтцээ хангах ажлаа сүүлийн найман жил сайн хийжээ. Талбай, орон зай, бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн байна. Технологийн шийдлийн дэд бүтцүүдийг бас хийж байгаа. LED дэлгэц, VAR-ийг хийж эхлүүллээ. Нийт 21 аймаг, есөн дүүргийн хүрээнд “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Энэ бол урт хугацааны хөтөлбөр учир дөрвөн жил хэрэгжинэ.

Монголын хөлбөмбөгийн холбооны санхүүгийн урсгалыг хүмүүс сонирхож байна. Бид олон улсын болон Азийн хөлбөмбөгийн дүрэм түүнтэй уялдсан Монголын хөлбөмбөгийн холбооны дүрмээ л баримталдаг. Эх үүсвэрийн тухайд жил бүр их хурлаараа төсвөө баталдаг. Энэ жил бид төсөөллөөрөө 10.8 тэрбум төгрөгийг баталсан. Үүнийг долларт шилжүүлбэл 2.1 сая ам.доллар байна. Энэ орлогын эх үүсвэрийн гол урсгал нь олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбооноос бүрддэг. Энэ жил бид олон улсын хөлбөмбөгийн холбооноос 1.25 сая ам.доллар, Азийн хөлбөмбөгийн холбооноос 500 мянган ам.долларын санхүүжилтыг өнөөдрийн байдлаар 6 тэрбум 57 сая 909 мянган төгрөгний орлого татан төлөврүүлсэн байна.

Зарцуулалтын тухайд нийтдээ бид 8 тэрбум 620 сая төгрөгний зардал гаргажээ. Задалбал, нас насны шигшээ багуудад 27 хувь буюу 2 тэрбум 324 сая 100 мянган төгрөг, үйл ажиллагааны зардал 29 хувь буюу 2 тэрбум 472 сая төгрөг, тэмцээн зохион байгуулалт 26 хувь буюу 530 сая төгрөг, гишүүн байгууллагуудын дэмжлэгт 18 хувь буюу 1.5 тэрбум төгрөг тус тус зарцуулагджээ.  Шагналын санд 1 тэрбум 749 сая 300 мянган төгрөг зарцуулна. Энэ зарцуулалт нь орлогын 71 хувь.

Төсвийн тодотгол оруулах тогтоол гаргасан. Энэ тогтоолоор клубуудын хүсээд байгаа санхүүжилтын тодорхой хэсэг болон шагнал урамшууллыг нэмэгдүүлье гэсэн. Шагналын санг төсвийн тодотгол хийн нэмэгдүүлсэн. Хөлбөмбөгийн холбоо жил бүр төсөв зохиогоод батлахдаа төсөөллөө гадаадын санхүүжилтээс гадна дотоодын маркетингийн орлогоор бүрдүүлэх орлогоо дутуу хэлбэрээр баталдаг. Дутуугаа үйл ажиллагааны, маркетингийн идэвхжүүлэлтээрээ нөхдөг. 2023 онд бид нар 2.5 тэрбум төгрөгийн төсвийн дутагдалтай батлаад ажиллаж байна. Ирэх онд 2.6 тэрбум төгрөгийн дутагдалтай төсвөө баталсан.

Монголд болсон Афганистаны шигшээ багийн эсрэг хариу тоглолтын өмнө нэг зүйлийг олж мэдсэн. Тоглолт нэгэнт эхэлсэн учир тогтоох шалгах ажлыг эхлүүлсэн. Тодруулбал, Афганистаны шигшээ багийн тамирчид эрх зүйн доголдолтой бичиг баримттай оролцсон байх асуудал үүссэн. Холбоо нотлох баримт бүрдүүлээд олон улсын хөлбөмбөгийн холбоонд хүргүүлсэн. Хүлээн авсан гэдгээ мэдэгдсэн. Одоо задлан шинжлээд зөрчил байна гэвэл манай шигшээ баг дараагийн шатанд шалгарна. Удахгүй дотоодын хяналтын хороо хуралдаж, манай асуудлыг хэлэлцэнэ гэсэн.

Монголын хөлбөмбөгийн холбооны гадаад харилцааны менежер С.Монголжингоо:

-Гадуур гадаадаас орж ирсэн мөнгийг хамаагүй тараадаг юм шиг ярьж байна. Хоёрдугаарт, мөнгөө өгөөд аудит оруулдаггүй, гуравдугаарт дэлхийн аваргын дараа бонус мөнгө өгдөг гэсэн ойлголт байна. Манайх жилдээ олон улсын хөлбөмбөгийн холбооны нэг, Азийн хөлбөмбөгийн холбооны нэг, дотоодын өөрийн аудит гээд гурван аудит оруулдаг. Сүүлийн хоёр жилийг харьцуулахад олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн Лондонд төвтэй байгууллагаар аудит хийлгэсэн.  Аудитын материал нууц учир бид их хурал дээрээ л танилцуулдаг.

Дэлхийн аварга бүрийн дараа заавал мөнгө өгдөг гэсэн. Тэгвэл 2015 он хүртэл дэлхийн аваргын дараа ашгаа тараадаг байсан. Харин 2016 оноос олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч шинээр сонгогдоод энэ бол буруу гэсэн. Шинэ ерөнхийлөгчийн зарчмын дагуу дэлхийн аваргын дараа бонус мөнгө ирдэггүй.

Монголын хөлбөмбөгийн холбооны хэвлэл мэдээллийн хэлтэс Э.Амарсайхан:

-Нэг шигшээ багийн гадагшаа явах зардалд 35 хүний нислэгийн билет, буудлын үнэ багтана. Бид олон улсын тэмцээний тоог аль болох ихэсгэсэн. Жилийн 12 сар амралтгүй ажилдаг холбоо Монголд байдаг эсэхийг мэдэхгүй байна. Монголын хөлбөмбөгийн холбоо нээлттэй. Бид холын зайнд уралдаж байгаа морь. Үүнийг санаатайгаар унагаах гэсэн, Монголын хөлбөмбөгийн нэр хүндэд халдах гэсэн тохиолдол нэг бус удаа байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж