Улаанбаатар хотын гэр хороололд 200 мянган айл өрх амьдардаг. Өрх бүр таван мод тарьж, ургуулж чадвал нэг сая модтой болно. Тэгвэл "Хотын шийдэл" төслийн ахлагч Ц.Баатархүү хотынхоо агаар орчны бохирдлыг бууруулж, цэвэршүүлэх зорилгоор нийслэлийн Чингэлтэй дүүрэгт мод тарих санаачлагыг хэрэгжүүлээд таван жил болж байна. Уг санаачлагын хүрээнд гэр хорооллын 500 гаруй өрх жимсний мод тарьж, ургуулжээ.
Эдгээрээс амжилттай мод тарьж, ургуулсан өрхөө жил бүр хувиасаа шагнаж урамшуулдаг гэнэ. Энэ удаа амжилттай модоо ургуулсан 100 айл өрхийг шагнах гэнэ.
Мод бол байгаль дахь цэвэршүүлэгч. Ойгүй хотод усгүй ирээдүй, бохирдсон хөрс, саарал тоос хүлээж байдаг. Иймд хотын ойн менежментийг ач холбогдол өгч авч үзэх ёстой. Мод тарихаасаа ургуулах нь хэцүү гэдэг. Ургуулахын тулд зөв арчилгаа, усны менежмент хэрэгтэй. Ой сангийн төсвийг нэмэгдүүлж мод үржүүлгийн газруудыг олноор байгуулж модоо амжилттай ургуулсан айл өрх, албан байгууллагыг урамшуулдаг тогтолцоонд шилжүүлнэ. Нийслэл хот яг хэдэн модтой эсэх нь тодорхойгүй. Багцаа тоо байлаа ч насжилтын судалгаанууд нь бүрхэг. Иймээс "Urban Visual" вэб бүтээж бүх мод, модлог ургамалуудаа ухаалгаар хянах боломж бүрдэнэ юм байна. Хотын бүх мод паспортай болж жил бүр ойн бүтээмжээ гаргадаг болох нь ээ.
Холбоотой мэдээ