Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Улс төрийн товчооны гишүүн, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, Үндэсний батлан хамгаалахын сайд, генерал Фан Ван Зианг тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2023 оны 10 сарын 25-27-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Үндэсний батлан хамгаалахын сайд, генерал Фан Ван Зианг-ийг өнөөдөр /2023.10.26/ Батлан хамгаалах яаманд хүндэт харуулын хамт хүндэтгэн хүлээн авч, сайд нар албан ёсны хэлэлцээ хийв.
Тус хэлэлцээгээр дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдал, хоёр орны найрамдалт харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын төлвийн талаар харилцан санал солилцлоо. Улмаар сайд нар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг сонирхолд нийцэн, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан шинэ агуулга хэлбэрээр өргөжин тэлж, эрчимтэй урагшлан хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлэв.
Албан ёсны хэлэлцээний дараа талууд “Монгол Улсын Батлан хамгаалах яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний батлан хамгаалах яам хооронд найрамдлын айлчлал зохион байгуулах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.
Генерал Фан Ван Зианг тэргүүтэй төлөөлөгчид уг айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхах юм.
Холбоотой мэдээ