Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн эхэлснээс хойш АНУ-д еврейчүүдийн эсрэг гэмт хэргийн тохиолдол бараг 400 хувиар өсчээ. "Гүтгэлгийн эсрэг лиг" нэртэй нөлөөллийн бүлэг аравдугаар сарын 7-23-ны хоорондох тохиолдлуудыг шүүж үзээд энэ тоог гаргасан байна. Мөргөлдөөнөөс үүдэлтэй аливаа заналхийлэл дотоодод гарахаас АНУ-ын эрх баригчид сэрэмжилж буй хэдий ч өнгөрсөн оны мөн үеэс даруй 388 хувиар өссөн үзүүлэлттэй гарав.
Тодруулбал, энэ хугацаанд АНУ-д еврейчүүдийн эсрэг 312 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнд, танхайрах, эвдэн сүйтгэх, халдлага үйлдэх, бие махбодийн хүчирхийлэл, дарамталсан мессеж гэх мэт хэргүүд багтана. Эндээс 190 орчим тохиолдол нь Газын зурвас дахь мөргөлдөөнтэй шууд холбоотой байжээ.
2022 оны мөн үед АНУ-д еврейчүүдийн эсрэг гэмт хэрэг 64 бүртгэгдсэнээс дөрөв нь Израильтай холбоотой байсан. Өнгөрсөн оныг бүхэлд нь авч үзвэл 3700 орчим хэрэг бүртгэгдсэн. "Гүтгэлгийн эсрэг лиг" нөлөөллийн бүлгийнхэн энэ төрлийн хэргийг 1979 оноос хойш хянасан бөгөөд 2022 онд хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн ажээ.
Үндсэндээ Газын зурвас дахь мөргөлдөөнөөс ч өмнө АНУ-д энэ төрлийн хэрэг өсөх хандлагатай байжээ.
"Израильд их бага хэмжээгээр мөргөлдөөн гарах тоолонд АНУ болон бусад улсад еврейчүүдийг эсэргүүцсэн гэмт хэргийн тохиолдол өсдөг" гэдгийг "Гүтгэлгийн эсрэг лиг" байгууллагын тэргүүн Жонатан Гринблатт хэллээ. Мөн тэрбээр еврей нийгэмлэгүүдийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхийг эрх баригчдад уриалав.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ