БАЙР СУУРЬ: Монголд хүүхдүүд муур нохойноос дор амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2023.10.26-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Монголд хүүхдүүд муур нохойноос дор амьдарч байна

 Хүүхдийн эрхийг хамгаалах хяналтын сонсгол өчигдөр /2023.10.25/ Төрийн ордонд боллоо. Энэ үеэр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд оролцогчдын байр сууриа илэрхийлсэн. Тэднээс Монголын төр хүүхдээ хамгаалж чадаж байна уу? гэдэг асуултад хариулт авлаа.


"400 МЯНГАН ХҮҮХЭД ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛД АМЬДАРЧ БАЙНА"

“Үжин” төвийн үүсгэн байгуулагч Д.Ундраа:

-2019 оны сонсголоос хойш дөрвөн жилийн хугацаанд бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны охидын нөхөн сэргээх урт хугацааны ганц ч төвийг Монгол Улс байгуулж чадаагүй. УИХ-аас хүүхэд хамгааллын зардлыг найман тэрбум төгрөгөөр баталсан. Гэтэл Үндэсний аудитын газраас Гэр бүл хүүхэд залуучуудын газрын санхүүгийн аудит зөрчилтэй дүгнэлт удаа дараа гаргасан. Санхүүгийн тайлан зөрчилтэй гарсанд хариуцлага тооцох болсон байна. ГБХЗГ-ыг Хүүхэд гэр бүл залуусын ерөнхий газар болгон өөрчилж долдугаар сарын 1-нээс яаралтай ажлаа эхлүүл гэсэн. Гэтэл одоо болтол Засгийн газраас тус агентлагийн бүтэц бүрэлдэхүүний ажлыг огт хийгээгүй байна. Хэрвээ төсвийг 14 тэрбум болголоо гэхэд үр дүндээ хүрэх үү гэдэгт эргэлзэж байна.

Мэргэшсэн удирдлагагүй, нийгмийн ажил мэргэжлийг ойлгодоггүй тус салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин нийгмийн асуудлыг шийдвэрлэхгүй, хүний нөөц тогтворгүй байх юм 14 тэрбум салхинд хийснэ.

Монгол Улс 1.2 сая хүүхэдтэй. Гэтэл эдгээр хүүхдийн 400 мянга нь эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Гэтэл энэ тоог төрийн байгууллага гаргаж чадаагүй сууж байна. Жишээлбэл, хүнсний талонд хамрагддаг 79 мянга, хүнд хөдөлмөр эрхэлдэг 132.800 хүүхэд байна. Гэтэл ГБХЗГ-аас 14 мянган хүүхэд эрсдэлд байгаа гэж тоолсон. Боловсролын яам 54 мянган хүүхэд байна гэлээ. Уучлаарай, тийм биш. Сүүлийн хоёр жилийн дотор буюу 2022 онд 2408 хүүхэд төрсөн байна. 10-14 насны 23 хүүхэд төрсөн. 2023 оны есдүгээр сарын байдлаар 1606 хүүхэд төрсөн. 1061 хүүхэд үр хөндүүлсэн байна. Үнэхээр харамсч байна. Энэ олон яам агентлагууд хүүхдийн өмнө үүрэг хүлээдэг. Эрүүл мэндийн яам хүүхэд хамгааллын чиглэлээр одоог хүртэл бодлоггүй байна.

Гэтэл тураалд орчихсон өсөлт хөгжлийн дутагдалтай 10,11 настай төрсөн хүүхдийг яагаад цагдаагийн байгууллага, 108 руу мэдэгддэггүй юм бэ.

МОНГОЛД ХҮҮХЭД ГАДААДЫН МУУР НОХОЙНООС ДОР АМЬДАРЧ БАЙНА

Өмгөөлөгч Р.Уранцэцэг:

-Монгол Улсын Үндсэн хуульд хүүхэд хохирсон, хүүхдийн эсрэг гэмт хэрэгт заавал өмгөөлөгч авахаар заасан байдаг. Хүүхдийн эрхийг хамгаалахад, өмгөөлөгч хуульчийн оролцоо маш чухал. Монголын өмгөөлөгчдийн холбоо 2000 гаруй гишүүнтэй. Гэтэл хүүхдийн эрхийн чиглэлээр дагнасан хуульч цөөхөн байдаг. Сүүлийн үед гэр бүлийн дагнасан шүүхийг байгуулна гэдэгт иргэн, хуульч хүнийхээ хувьд сайн дэмжиж байгаа. Яагаад гэвэл цаана нь хүүхдийн эрх зөрчигдөж байдаг. Гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл дандаа хүүхдийн эрхийг зөрчиж байдаг учраас дагнасан шүүх байгуулагдвал энэ чиглэлд ажиллах, хуульч өмгөөлөгчөөс хүний нөөцөө бүрдүүлээсэй. Монгол Улсад хүүхэд гаднын муур нохойгоос дор нөхцөлд амьдарч байна. Хүүхэд бүх яаманд харьяалагддаг байх ёстой. Ялын бодлогод анхаарах нь зүйтэй.

СУРГУУЛИУД ЭДИЙН ЗАСГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭХЭЭ БОЛИХ ЁСТОЙ

Өнөр бүл хүүхдийн төвийн захирал М.Өнөрчимэг:

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 31 асран халамжид амьдарч байгаа 1000 орчим хүүхдийн өмнөөс би энэ үгийг хэлмээр байна. Эдийн засгийн хүчирхийлэл үйлдэхээ болиоч ээ сургуулиуд аа. Энэ дээр Боловсролын сайд эргэж хараасай. Манай төв 160 гаруй хүүхэдтэй. 150 гаруй нь ЕБС-д явж байна. ЕБС-д хэрэглэгддэг сурах бичгүүд хоёр жил тутам солигдож байна. Энэ болгонд сурах бичгийг олох гэж хэцүү байдалд ордог. Дээрээс нь бидэнтэй адилхан, хөдөлмөрийн чадваргүй ээж аав нар байна. Энэ гэр бүлд өсч өндийж байгаа хүүхдүүд чинь эдийн засгийн хүчирхийлэлд өртөж байна. Энийг та нар эргэж хараач ээ.

Хоёрдугаарт, жил бүр “Алтан намар” гэдэг сонин үйл ажиллагаа зохион байгуулдаг болжээ. Энэний цаана хүүхэд болгоноос мөнгө авдаг. Энэ мөнгийг бид олоход хэцүү. Нөгөө л амьжиргааны түвшин доогуур гэр бүлүүдэд өндөр тусч байна. Дээрээс нь сургууль болгон бэлтгэлийн хувцсыг жигдрүүлнэ гэдэг. Энэ жил нэгдүгээр ангид орсон найман хүүхэд манай төвд байгаа. Нэг хүүхдээс 95 мянган төгрөг нэхэж байна. Эдийн засгийн хүчирхийлэл гэж үүнийг хэлээд байгаа юм.

Хоёрдугаарт, хариуцлагагүй ээж, аав нарыг яах вэ. Гэр бүлийн тухай хуульд хүүхдийн эрхийг зөрчөөд байгаа ээж аав нарын эрхийг нь хасъя гэж байгаа. Гэхдээ хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Тиймээс тэжээн тэтгэхтэй холбогдон гарах зардлыг ямар нэгэн хэлбэрээр төлнө гэж хуульдаа заасан. Тэгвэл тэжээн тэтгэх төлбөрийг яаж барагдуулах нь ойлгомжгүй байна. Асрамжийн төвд байгаа 1000 гаран хүүхдийн 500 нь эцэг эхтэй байдаг. Энэ хуулийн цоорхойг ашиглаад тэжээн тэтгэх үүргээс зайлсхийж, хүүхдээ хаяад байна. Энийг эргэж харах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж