Г.Амартүвшин: 95 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр цагдан хоригдсон
Цайны цаг дууссанаар УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 50 гаруй хувь нь дэмжсэнээр үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Санал хураалт явуулахын өмнө хуулийн төслийг дэмжиж, дараах гишүүн байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Г.АМАРТҮВШИН:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгааг дэмжиж байгаа. Хүний эрхтэй холбоотой асуудлыг нарийвчлан зохицуулдаг механизмтай болж байгаа нь маш зөв. Хуульч хүн биш ч гэлээ болсон явдлыг ярихад Хөгжлийн банкны хэрэг дээр эхлээд дуудаж, гэрчээр мэдүүлэг авснаа ямар ч тайлбаргүйгээр яллагдагчаар татсан тохиолдлууд байдаг.
Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурал нээлттэй явсан, бүгдээрээ үзсэн. Энэ хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүсээс зарим нь ярьсан. “Хорих 461-д хийнэ гэж айлгаж байгаад бид нарыг ямар нэг байдлаар тэр гишүүний нэрийг хэл гэж тулгасан байдлаар хэрэгт татсан" гэсэн. Өөрөөр хэлбэл, мөрдөх алба нь цагдан хорих, баривчлах хэрэгслийг хэрэг илрүүлэхэд гол нотлох баримтыг цуглуулдаг хэрэгсэл нь болчихоод байсан юм шиг байгаа юм. Энийг цэгцэлье гэж байгааг дэмжинэ. Сүүлийн гурав, дөрвөн жилийн хугацаанд "хойшлуулшүй тохиолдолд" гэсэн үндэслэлээр цагдан хоригдсон иргэдийн 95 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр цагдан хоригдсон байгаа.
Хоёрдугаарт, хэрэг үүсгээд хэн нэгнийг яллагдагчаар татахад Хөгжлийн банкны хэрэг дээр бусдын мэдүүлгээр "энэ нөхрийг ингэсэн байна лээ гээд, нэг бичлэг үзүүлээд энэ хоёр хамт орсон байна лээ. Хоорондоо хамааралтай юм байна" гэдэг байдлаар хэрэг үүсгэдэг байдлыг цэгцлэх ёстой л гэж бодож байна гэсэн юм.
Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж, дэмжлээ. Энэхүү хуулийн төсөл дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг дөрөв хоногийн завсарлага аваад байсан ч завсарлагын хугацаа дуусчээ. Уг хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжих нь зүйтэй гэж гишүүдийн олонхи үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан тул өндөрлүүллээ.
"Д.Мөнх-Эрдэнийг авлигын хэргээр хоригдож байгааг мэдээгүй"
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан, гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-2015 онд Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж баталсан. 2016 онд УИХ-ын дарга алх тогших л үлдээд байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 хувьд танай намынхан өөрчлөлт оруулсан. Зөвлөлт маягийн шоронжсон хуулиар явж байсныг өөрчилсөн. Түүний үр дүнд өөрчлөлт гарсан. Гэхдээ авлига, албан тугшаалын хэрэг үйлдэж, улс орныг ийм байдалд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс хууль хяналтын байгууллагад нөлөөлөөд явж байна. Эргэн тойрныхон нь хариуцлага хүлээхгүй байна. Мөрдөн байцаалтын нууцыг задлахгүй байх ёстой ч зориуд дуулианаар дуулианыг дарахын тулд ийм ажил хийж байна уу гэмээр зүйлүүд их гарах боллоо. Тэрний нэг нь Д.Мөнх-Эрдэнийн кейс гэж үзэж байна. Үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг иргэдийг шүүх хууль хяналтын байгуулагыг ашиглаж шоронд суулгаж байна. Д.Мөнх-Эрдэнэ амьд гарах магадлал бага байна гэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх ажил явуулаад байна уу даа. Шүүх авилга албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой хүмүүст хамгийн бага ялаад өгөөд байх юм. Яагаад ийм байдаг юм бэ. Прокурор л сүүлийн үед хууль биелүүлэхийн төлөө яваад байна уу даа гэж хараад байгаа. Шүүгч нар барсан тохиолдол гарсан. Хариуцлага хүлээдэг юм уу. Шаардлага хангасан шүүхийн танхимтай ч болмоор юм шиг байгаа юм.?
Хууль зүй дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР:
-Д.Ганбат гишүүний хувьд 2015 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн процессын хуулийг батлуулж байсан. Хүний эрхийн талд манлайлагч гишүүн гэж үнэлж явдаг. Тэгэхдээ авлигын гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг магадлангаар суллахгүй гэдгийг Д.Мөнх-Эрдэнэд зориулсан гэж Ардчилсан намынхан ойлгоод, би суллагдахгүй боллоо гэж улс төр хийгээд байгааг ойлгохгүй юм. Эрүүгийн хуулийн үндсэн зарчим буцаан хэрэглэхгүй. Эрүүгийн хууль батлагдсан өдрөөс хойш үйлдэгдсэн хэрэг дээр үйлчилнэ. Одоо хорих ял эдэлж байгаа хүмүүст үйлчлэхгүй. Энэ зарчмаа ойлгохгүй. Авлигатай тэмцье гээд байгаа биз дээ, хатуу байя гээд байгаа биз дээ. Тэгсэн хэрнээ манай Д.Мөнх-Эрдэнийг суллахгүй гэдэг хууль оруулж ирлээ гээд. Хууль гэдэг юмыг хэн нэгэнд зориулаад баталдаг, санаачилдаг юм биш. Тэгж яривал Д.Мөнх-Эрдэнийг авлигын хэргээр ял эдэлж байгаа ч гэж мэдээгүй. Биенээ хардсан сэрдсэн юмаа больчихмоор байгаа юм ш дээ. Та бас ухааны цартай хүн ш дээ. Нөхөддөө хэлмээр байна, тэгж ойлгоод байгаа юм билээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулаад байна. Үдээс хойших хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.
Б.Энхбаяр: Шүүх рүү бухдаг, чихдэг асуудал хавтгайрсан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.
УИХ-ын дэд дарга С.ОДОНТУЯА:
-НҮБ-ын судалгаагаар шүүхийн шийдвэргүй баривчилгаа 98 хувьтай гарсан. Гэтэл хүний эрхийн асуудал дээр үнэлгээ нь өөр байсан юм аа. Тийм учраас буруу шийдвэр гарсан гэж ярих нь зохисгүй. Монгол Улсад их хэлмэгдүүлэлт гарсан нь зарим орны нөлөөгөөр өөрсдөө онцгой комисс байгуулаад баривчилсан хүмүүсийнхээ 70 хувийг цаазалсан байдаг. Тийм учраас олон улсын хэмжүүрээрээ ажиллаасай. Энэ асуудлыг гаргахгүй байх ёстой гэж үзээд Ерөнхий сайдад долоон удаа албан бичиг хүргүүлж байсан. Мөн өөрөө хууль санаачлаад өргөн баръя гэхээр энэ хуультай оруулж ирэх боломжтой гэж тайлбар ирүүлсэн.
Хойшлуулшгүй гэдгийг буруу хэрэглээд байна уу гэж бодогддог. 2020 онд шүүхийн шийдвэргүй баривчилсан баривчилгааны 47 хувийг прокурор, шүүх хүчингүй болгосон нь шаардлагагүй баривчилгаа байсан юм биш үү гэдэг дүгнэлт хийхэд хүргэж байгаа. Ийм учраас дахин ийм хууль зөрчсөн баривчилгаа хийхгүй байх зохицуулалтыг хуульд тусгаж өгөх шаардлагатай.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн сонсгол өчигдөр болсон. Гэр бүлийн хүчирхийлэл дээр яаралтай баривчилгаа явуулдаггүйгээс амь нас эрсдэлд орох тохиолдол байна гэдэг асуудал хөндөгдсөн?
Хууль зүй дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР:
-Аливаа баривчилгаа шүүхийн хяналтаас гадуур байх ёсгүй гэдгийг УИХ дээр хамгийн их ярьж, биднийг шаардаж ажилласан гишүүн бол С.Одонтуяа дарга. Үнэхээр энэ асуудал үндэслэлтэй байна уу, үндэслэлгүй байна уу, хуулиас болоод байна уу, хүнээс болоод байна уу гэдэг дээр судалгаа хийж үзсэн. Таны хөндсөн асуудал үндэслэлтэй зөв байсан. Хүний эрх дээр талцал хуваагдал гэж байх ёсгүй. Хүний эрхийг хамгаалах гэж хууль гардаг. Бүх хууль хүний эрхийг хамгаалахад үйлчлэх учиртай. Тийм учраас энэ асуудлыг судлах ажлын хэсэг гаргаж байгаа, зөвлөхөөрөө ахлуулаад. Нийт 40 хүнтэй, бүх байгууллагаас төлөөлөл оруулсан. НҮБ-аас баталсан хүний эрхийг хамгаалах зохицуулалтыг Монгол Улсын хуулиудтай нийцэж байгаа эсэх асуудлыг судална. Монголчууд бид гадаа жагсах эрхийг л хүний эрх гэж үздэг. Үгүй шүү дээ, багцаар үзэх шаардлагатай. Тийм учраас хүний эрхэд саад болж байгаа хуулийг шүүрдэх ажил хийнэ. Гурван сарын хугацаатай ажиллах ажлын хэсэг байгуулсан.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн тухайд гэмт хэрэг ч мөн, зөрчил ч мөн байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй эвлэрэхгүй байх ёстой. Тэгж байж хүнд төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлнэ. Зөрчлөөр баривчлагдаж байгаа хүний тоо өссөн ч санаатайгаар хүний амь нас бүрэлгэх гэмт хэргийн гаралт буурсан. Хүчирхийллийн тухай мэдээ мэдээллийг гаргахаас аль болох татгалзах ёстой. Энэ төрлийн гэмт хэрэг гарсан талаар дуулиан шуугиан дэгдсэний дараа хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг 3.5 дахин нэмэгдсэн статистик гарсан. Хүчирхийллийн сэдэвтэй ямарваа нэг юмыг түгээгээд байх тусам энэ төрлийн гэмт хэрэг огцом өсөөд байгааг хүн бүрт анхааруулж байна. Урьдчилан сэргийлье, хүчирхийлэлтэй эвлэрэхгүй л гэвэл ийм мэдээ битгий түгээ л гэж хүсэх байна.
УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД:
-Шүүхийн түүхэнд мөрдөн шалгах, прокурорын хяналтын шатанд процессын хуулийг зөрччихсөн, ямар ч хамаагүй аргаар хэргийг батлах гэж оролдож байгаад шүүх дээр ирчихсэн. Тэрийг нь шүүх хэргийг батлахын тулд хууль зөрчсөн байна гэдэг хэрэг хэд байна вэ. Нэгэнт энэ хүрчихсэн юм, нийгмээр нэг шуугианд өртсөн, шүүж л дуусахгүй бол болохгүй гэдэг хандлага байж магадгүй. Процесс зөрчсөн хэрэг хэд вэ.
Яагаад хууль зөрчсөн албан тушаалтнаас болж, хохирсон хүний хохирлыг татвар төлөгчид төлөх ёстой юм бэ, тухайн хууль зөрчсөн албан тушаалтан төлдөг байх зохицуулалтыг тусгасан хууль баталж болдоггүй юм уу. Өөрөөр нь хэрэг хүлээлгэдэг, эсвэл гэрчийн мэдүүлэг авна гээд яллагдагч болгодог тохиолдол байна. Энэ хэргүүд дээр ямар арга хэмжээ авах вэ. Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн хэдэн хувь нь өөрийнх нь мэдүүлгээр юм уу, бусад гэрчийн мэдүүлгээр шийтгэгдсэн байдаг юм бол судалгаа байна уу?
Хууль зүй дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР:
-Гэрчээр асууж байгаад яллагдагч болгодог зүйл хэвийн болсон. Гэрчийн эрх өөр, яллагдагчийн эрх өөр. Яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Хэргийг өөрөөр нь хүлээлгэдэг гэмт хэрэг нэвт шингэсэн байна. Ийм байдалд хүрэхэд хуульд ч бас асуудал байна. Гэрчээр асууж байгаад яллагдагч болгодог заалт нь 31.8 юм. Энэн дээр зарим зүйлийг тодотгохын тулд хуулиар хаах шаардлага байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөний улмаас буюу төрийн албан хаагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас хохирсон бол эхлээд төр барагдуулна гэж Үндсэн хуульд заасан. Төр хууль зөрчсөн этэгээдээ яах вэ гэдгийг Эрүүгийн процессын тухай хуульд сүүлийн бүлэгт энэ асуудлыг тусдаа зохицуулсан. Зөрчигдсөн эрхийг сэргээх, хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлыг Эрүүгийн процессын тухай хуульд анх удаа бичсэн зохицууллат бий ч бүтэн ажилладагггүй. Бүтэн ажиллахгүй байхад хэд хэдэн зүйл нөлөөлж байна. Мөрдөн шалгах болон прокурорын хяналттай холбоотой чиг үүрэг дээр Шүүхийн хууль шиг бүтэн болгоогүй байна. Алх тогшдог хэсэг рүү материал аваачиж цуглуулдаг хэсэг нь 90 хувь. Энэ бол мөрдөх алба болон прокурорын хяналтын хэсэг. Энэ хэсгийг үлдээснээс болоод шүүх рүү асуудлыг бухдаг, чихдэг асуудал хавтгайрах шинжтэй боллоо. Нотлогдоогүй дутуу шалгасан, талуудын эрхийг зөрчсөн асуудлыг дутуу боож, шүүх рүү шидэж байна. Нотлогдохгүй болохоор шүүх хуулийнхаа дагуу цагаатгаж байна. Тэгэхээр шүүх энэ үл бүтэх хүмүүсийг гаргалаа гэж зориуд улс төр явж байгаа асуудал ч байна. Тийм учраас шүүх шүүгч рүү чичилж дайрахаас илүүтэй анх хэрэг үүсгэхээс нь эхлээд шалгах, хяналт тавих, шүүн таслах гэсэн бүх л процесст нь авч үзэх шаардлага тулгарч байна. Энэ шинэтгэлийг даруй хийхгүй бол шүүхийнхээ шинэтгэлийг эргэж татан унагах эрсдэл үүсч байна. Нэг амьсгаагаар хийх боломжгүй, тэрийг хийсэн сайд нь огцрох байх. Үе шаттай хувааж оруулна. Гурван үе шаттай процессын шиэтгэл явах ёстой болов уу гэж бодож байгаа.
УИХ: Авлига, албан тушаалын гэмт хэрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулах үеэрээ “Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд хөнгөн гэмт хэрэгт 12 сар буюу 1 жил цагдан хорих, хүндэвтэр гэмт хэрэгт 18 сар буюу 1.6 жил цагдан хорих хугацаа үйлчилж байгааг хоёр дахин бууруулахаар холбогдох өөрчлөлтийг хийсэн” гэлээ.
Тодруулбал, хөнгөн гэмт хэрэгт 6 сарын хорих ял, хүндэвтэр гэмт хэрэгт 1 жил цагдан хорихоор хугацааг бууруулжээ. Мөн цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа хийхийг хязгаарлахаар заажээ. Ингэхдээ зургаан төрлийн хэрэгт холбогдсон тохиолдолд энэхүү гүйцэтгэх ажиллагааг хориглох заалт үйлчлэхгүй юм байна.Үүнд:
1.Хүнийг санаатай алах,
2.Бага насны хүүхдийг хүчиндэх,
3.Хүн төрөлхтөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг,
4.Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг,
5.Авлига албан тушаалын гэмт хэрэг,
6.Хар тамхи мансууруулах бодисыг зохион байгуулалттайгаар худалдаалах гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд цагдан хорих байранд гүйцэтгэх ажил хийж болохоор заажээ.
Харин бусад төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд цагдан хорих байранд гүйцэтгэх ажил хийхийг хориглохоор заагаад байна.
Мөн сүүлийн гурван жилд шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа явуулсан судалгааг авч үзэхэд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нийт ажиллагааны 60-аас дээш хувийг “хойшлуулшгүй тохиолдолд” гэсэн үндэслэлээр баривчилсан байна. Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлаад үргэлжлүүлэн цагдан хоригдсон тохиолдол 2020 онд 56.4, 2021 онд 61.3, 2022 онд 55.5 хувийг тус тус эзэлж байна. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа 2020 онд 798 хийгдсэнээс 22.3, 2021 онд 821 хийгдсэнээс 19.6 хувь нь л шүүхээр хянагдсан байна. Дээрх судалгаанаас үзэхэд НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтэд гарсан Монгол Улсад сэжигтнийг баривчлах ажиллагааны 98-99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй хийж байна гэсэн нь үндэслэлтэй байгааг салбарын сайд онцлон тэмдэглэв.
УИХ-ын гишүүн Ц.СЭРГЭЛЭН:
-Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг улам өсөн нэмэгдэж байна. буу барьсан дайснаас илүү аюултай болж хувирч байна. Гэтэл Кибер аюулгүй байдлын төвийн төсвийг 2024 оны улсын төсөвт тусгаагүй байх юм. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгарч байгаа бэрхшээл юу вэ.
Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэс:
-Киберийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн талаар гэмт хэргийн шинжтэй гомдол бүртгэгдээгүй.
Хууль зүй дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР:
-Сүүлийн үед цахим төрлийн гэмт хэргийн гаралт огцом нэмэгдэж байна. Хоёр чиглэлийн ажил ойрын үед хийнэ. Цахим гэмт хэрэгт цахим мөрийтэй тоглоом, цахим залилан хамгийн их хувь эзэлж байна. Маш их хэмжээний мөнгөө алдаж байна. УИХ-аас Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг баталсан. Энэ хуультай холбоотойгоор цахим залилагч нарыг илрүүлэхэд хуулийн бартаа гарах болсон. Цахим залилагч арилжааны банкууд дээр данс нээгээд яваад байна. Иймээс цахим залилангаас урьдчилан сэрийлэх бодлогын хүрээнд гэмт этгээдүүдийн данс нээх боломжийг хязгаарлах зорилгоор Хүний хувийн мэдээллийг хангах тухай хуульд тодотгол хийх шаардлага үүсээд байна. Хуулийн төсөл боловсруулагдаж байна. Дээр нь энэ төрлийн залилан гэмт хэрэгт өртөхөөс иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй байх ёстой .
Цагдаагийн байгууллагын хувьд гэмт хэрэг гарахаас урьтаж, сэрэмжлүүлэг мэдээллийг өгч ажиллана. Урьчдилан сэргийлэх бүтцийг томруулна. Кибер аюулгүй байдлын бүтцийг анхаарах шаардлага үүсээд байна. Хүн хүч, бүтцийн хувьд нь анхаарна.
Б.Пүрэвдорж: Замын дундаас буцчихав даа, Г.Занданшатар дарга аа!
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.26/ хуралдаан эхлээд байна. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулахын өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ. Тэрбээр Ардчилсан нам НӨАТ-ын 2 хувийг 3 хувиар нэмэгдүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байсан ч хэлэлцэхгүй байсаар Г.Занданшатар дарга энэ асуудлаар 100 мянган хүний санал аваад хуулийн төсөл өргөн мэдүүлэх болж байна. Бид нарын хийж байгаа сайн зүйлийг баллуурдах зорилгоор Ардын намынхан өөрсдөө хууль санаачилдаг. Одоо та нар хуулиа хурдан өргөн мэдүүлээд батал. Сайд нар янз янзын юм яриад байх юм, парламентын засаглалтай орон шүү. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа. Замын дундаас буцчихав даа Г.Занданшатар дарга аа! гэв.
Үүний дараа УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжлээ. Ингэснээр тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Ганбат нарыг оруулав.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /хэлэлцэх эсэх/ хэлэлцэж эхлээд байна.
Чуулган хуралдана
УИХ-ын намрын чуулганы 2023 оны аравдугаар сарын 26-ны өдрийн хэлэлцэх асуудлыг хүргэж байна.
ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2023.10.26, 10.27/
Нэргүй 2023-10-26 213.87.137.135
Харуулах боломжгүй.
Нэргүй 2023-10-26 103.9.90.100
Шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах ойлголт байхгүй шүү дэ, сэжигттнийг хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаа шүүхийн шийдвэргүйгээр явагдана, хэлэлцэж байгаа хуулийнхаа нэр томьёо асуудлыг зөв ойлгож хууль хэлэлцэж байгаасай да гишүүд нь
Нэргүй 2023-10-26 139.5.217.157
48DESH ERTEI UILCHLI80955877
Нэргүй 2023-10-26 139.5.217.157
ANYSDNA80955877
Зочин 2023-10-26 59.153.115.22
Мөнх эрдэнэ 80 мянган төгрөгний зөрчил гарч, авилгын хэргээр 4 жил шоронд суув. Бусад томчуур хэдэн сая, нмядмар идээд, улам тушмал өндөрсөж алба хаана. Монгол Төрөө гэж…..
зочин 2023-10-26 66.181.161.56
Шүүх анхны хуралдаанаар илүү бодитой шийдвэр гаргаснаа давж заалдан явсаар эргээд буцаад анхан шатан дээр ирэх үед хүндрүүлээд ял өгдөг. Ийм процесс болохыг нь мэддэг учраас ингэж ажилладаг байх. Гэтэл юу ч өөрчлөгдөөгүй байхад нэг хэрэг дээр хоёр өөр ял төлөвлөж байгаа бол шүүгч чадваргүй эсвэл шударга бус байна л гэж харагдаж бн.
Нэргүй 2023-10-26 103.57.93.191
Нөгөө авилгалд холбогдсон хулгайчдыг бүх насаар нь хорих гэсэн заалт нь юу боловоо