Соёлын сайд Ч.Номингийн багцад бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжид 22.6 тэрбум төгрөг төсөвлөсөн нь өмнөх оныхоос 1.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэж аудитын дүгнэлт гарсан байна. Уг төсвөөр Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа мэдээллийн үндэсний хорооны үйл ажиллагааны зардалд төсөвт тусгасан гэж тайлагнажээ.
Мөн Кино урлагийг дэмжих сангаас 2023 онд хоёр удаа сонгон шалгаруулалт зарлаж, эхний сонгон шалгаруулалтад 11 төсөл шалгарч, 1.3 тэрбум төгрөг зарцуулсан бол хоёр дахь сонгон шалгаруулалтад 16 төсөл арга хэмжээ шалгарч, 1.2 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэр гаргасан байна.
Энэ талаар байнгын хорооны хурал дээр Соёлын дэд сайд М.Батбаяр тайлбарлахдаа "Кино урлагийг дэмжих сан нийт 10 тэрбум төгрөгийн төсөвтэй. Өнгөрсөн 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Кино урлагийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэйгээр холбоотой зөвлөл байгуулагдсан. Сангийн хөрөнгийг захиран зарцуулах журмууд батлагдаж, үндсэндээ 2022 оны дөрөвдүгээр улиралд нэг шийдвэр гарсан. Тодруулбал, эхний 11 төсөл арга хэмжээнд 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийсэн. Энэ сангийн журмаар уран сайхны, баримтат кино болон кино урлагийн чиглэлээр сургахад олгодог. Энэ онд нэг төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж, 16 төсөл шалгарсан байгаа. Нийт 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй бөгөөд олгож эхлээгүй байгаа" гэв.
Кино урлагийн салбарынхан 10 жил ярьсны эцэст 2021 онд хуультай болсон. Товчхондоо, УИХ-аас Кино урлагийг дэмжих тухай хуулийг 2021 оны долдугаар сарын 2-нд эцэслэн баталсан юм. Хууль батлагдсаны дараа 2022 онд Засгийн газрын ээлжит хуралдаанаар найман дагалдах журмаа батлуулсан. Хуулиараа Кино урлагийн үндэсний зөвлөл 10 гишүүн, нэг даргатай байна. Дарга болон гурван гишүүн нь төрийн албан хаагч байна гэсэн заалтаараа Соёлын сайдын тушаалаар томилогдоно.
Энэ дагуу жүжигчин Ч. Ундрал Соёлын сайдын тушаалаар Зөвлөлийн даргаар нэг жилийн өмнө томилогдсон. Мөн хуулиараа Кино урлагийг дэмжих сангийн санхүүжилтийг дээр дурдсан зөвлөл мэднэ.
Энэ санд улсын төсвөөс жилд 10 тэрбум төгрөгийг суулгаж буй. Үүний таван хувь буюу таван тэрбум нь зээл. Гэвч Кино урлагийн зөвлөлөөс 10 тэрбум төгрөгийн санхүүжилт авч байгаагүй гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм. Хоёр удаагийн төсөл сонгон шалгаруулалтаар нийт 2.5 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.
Соёлын яамны Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Ундрал өмнө нь ярилцлага өгөхдөө "Манай зөвлөлийн дэмжих сан гэж бий. Энэ сангаас уран бүтээлчдэд 50 хувийн зээл, 50 хувийг нь буцалтгүй дэмжин тусалж, ажиллана.
Тодруулбал, эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилтийн төсөл нь кино бүтээх төсөлд 70 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлнэ.
Үүнээс залуу кино найруулагчийн анхны болон хоёр дахь уран сайхны кино, уран сайхны богино хэмжээний кино бүтээхэд 80 хувь хүртэл, хамтарсан арилжааны кино хамтран бүтээхэд Монголын талын продюсерын санхүүжилтийн 30 хувь хүртэл, артхаус кино хамтран бүтээх бол Монголын талын продюсерын санхүүжилтийн 50 хувь хүртэл хувийн санхүүжилтийг Кино урлагийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлнэ гэсэн үг. Харин эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн төсөлд сангаас олгох зээлийн дээд хэмжээ нэг тэрбум төгрөг байна" гэдгийг хэлж байв.
Холбоотой мэдээ