"Допингт бүдэрсэн тамирчдаа буруутгахаас өмнө засаглалаа солих нь чухал"

"Допингт бүдэрсэн тамирчдаа буруутгахаас өмнө засаглалаа солих нь чухал"

"Допингт бүдэрсэн тамирчдаа буруутгахаас өмнө засаглалаа солих нь чухал"

Олон улсын буудлагын холбооны эмнэлэг, допингийн эсрэг хорооны гишүүн Н.Цогтсайхантай ярилцлаа.


-ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авах эсэх талаар ард түмнээс асууна гэсэн.  Гэтэл үндэсний бөхийг бид үндэсний спорт гээд хуулиндаа заачихсан байдаг. Олон улсын дүрэм, журамд энэ талаар юу гэж тусгасан байдаг юм бэ?

-Яг энэ асуултанд хариулахаас өмнө допингийн эсрэг дүрэм журам Монголд болон олон улсад ямар байдаг вэ гэдгийг ганцхан үгээр хэлье. Допингтой тэмцэх тоглоомын дүрэм маш тодорхой. Энэ дүрмийг дэлхийн допингийн эсрэг дүрэм гэдэг. Дотроо заавал биелүүлэх найман стандарттай бичиг баримт. Мөн спорт дахь допингийн эсрэг Юнескогийн конвенц, Копенгагены тунхаглал гэсэн Засгийн газар хоорондын хоёр том бичиг баримт бий. Манайх Копенгагены тунхаглалд 2005 онд, Юнескогийн конвенцид 2007 онд нэгдэж Монгол Улс Засгийн газрын түвшиндээ допингийн эсрэг тэмцэнэ гэж дэлхий дахинд зарлаад үүрэг хүлээчихсэн.

Д.Амарбаясгалан сайдын мэдэгдлийг хэвлэлээр би харсан. Үүн дээр шийдвэр гаргахаасаа өмнө үндэсний бөх гэж юу вэ, үндэсний бөхийн тамирчин гэж хэн бэ гэдэг ойлголтыг тодорхой болгох хэрэгтэй байх. Асуултанд дурдагдсанаар Биеийн тамир, спортын тухай хуулиар үндэсний спорт гэж үндэсний бөх, сур, шагайн харваа, морин уралдааныг хэлнэ гээд заачихсан. Нөгөө талаараа үндэсний бөх хэдэн зуун жил уламжлагдаж ирсэн бид нарын өвөрмөц дархлаа, ондоошил. Гэвч хуулиндаа заачихсан. Хуулиндаа ч тамирчин гэдгийг тодорхойлчихсон. Дэлхийн допингийн эсрэг дүрэмд ч адилхан байдлаар тодорхойлсон.

Нэгэнт үндэсний бөх нь спорт, бөх нь тамирчин юм бол бид нар дэлхийн допингийн эсрэг дүрмийг мөрдөх зайлшгүй шаардлагатай. Дэлхий даяар үйлчилж буй дүрэм. Үүний цаана шударга өрсөлдөөн, тамирчны эрүүл мэнд яригддаг.

Хувийн бодлоо хэлэхэд бөхчүүдээс "Та өв тээгч үү, тамирчин уу?" гэж асуумаар. Үр дүн нь тодорхой биз. Соёлын өв тээгч гэвэл "Буур" Н.Жамъян аваргаас Г.Өсөхбаяр аварга хүртэлх үндэсний бөхийн амжилтаараа гавьяат тамирчин цол хүртсэн хүмүүсийн цолыг Соёлын гавьяат зүтгэлтэн гэдэг цолоор солих ёстой. Ингэвэл наалдмаар ч юм шиг. Нэгэнт спортын хөгжил, допингийн эсрэг тэмцлийн хувьд ийм түвшинд хүрсэн учир үндэсний бөхөөс шинжилгээ авахаа болино гэдэг нь нэгдүгээрт ухралт. Хоёрдугаарт, үндэсний бөхийн холбоо дэмжихгүй гэдэгт хувьдаа итгэлтэй байна. Гуравдугаарт, үндэсний бөхийн мөн чанар нь алдагдах байх. Спорт юм бол шударга байх гэсэн зарчим нь алдагдана. Тиймээс допингийн шинжилгээ авахаа болино гэдэг бол өрөөсгөл. Мөн ард түмнээс асууна гэдэг худлаа санагдаж байна. Хэнээс, ямар спортоос шинжилгээ авах вэ гэдэг дэлхийн допингийн эсрэг дүрмийн нэг стандарт. Шинжилгээ, мөрдөн шалгалтын олон улсын стандартаар үндэсний допингийн эсрэг байгууллагуудын эрх болон үүрэг.

-Үндэсний бөхөөр яриагаа эхэлсэн учир М.Бадарчийн талаар ярихгүй өнгөрч боломгүй. Сая эрхээ эдэлж, арбитрын шүүхэд хандана гэж мэдэгдсэн. Энэ бүхэн өнөөх шинжилгээ авах, зарлах процессын алдаанаас л үүдэлтэй байх. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-М.Бадарч арслангийн хийж байсан алхмуудыг танай сайтаас уншиж байсан. Дахиад л дүрэм ярина. Зохиож ярихгүй. Дэлхийн допингийн эсрэг дүрмийн заавал биелүүлэх ёстой хавсралт бий. Үүнд үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт гэж бий. Энгийнээр хэлэхэд, тамирчинг Б сорьцоо шинжлүүлэх эрхтэйг сануулахаас эхлээд процессыг нь заагаад өгчихсөн байдаг. Нөгөө талаас дэлхийн допингийн эсрэг агентлагаас баталсан тамирчны эрхийн тухай допингийн эсрэг дүрэм гэж бий. Энэ дүрэмд тамирчин хэргээ шударгаар хянан шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан. Аливаа хэргийг шударгаар хянан шийдвэрлүүлэх эрх гэдэг нь Монгол Улсын иргэний эрх. Арбитрт хандана гэдэг бол тамирчин эрхээ эдэлж байна гэсэн үг. Тэрнээс биш хэл амтай, зальтай гэсэн үг биш. Хууль, дүрмээрээ л эрхээ эдэлж байна.

Процессын алдаа гэдэг дээр ганц л зүйлийг хэлье. Хэрэв тамирчин арбитрт хандсан бол дотоод нууц нь алдагдах эрсдэлтэй учир бусад зүйлсийг ярихгүй. Миний хувийн дүгнэлтээр хамгийн эхлээд сэтгүүлч зарласан нь өөрөө процессын алдаа болсон байж болзошгүй. Яагаад гэвэл бид дэлхийн допингийн эсрэг дүрэмд нийцүүлсэн үндэсний допингийн эсрэг дүрмийг өнгөрсөн жил баталсан. Энэ дүрмийн 14.5 дээр тамирчны допингийн эсрэг зөрчлийг үндэсний допингийн эсрэг байгууллага албан ёсоор мэдэгдэх хүртэл шинжилгээний хариутай танилцах этгээдүүд нууцыг чандлан хадгална гэх заалт бий. Хэдэн л этгээд дундаас мэдээлэл задарсан байх. Үндэсний допингийн эсрэг байгууллага зарлах байтал яаж сэтгүүлч мэдэж зарласан бэ? Тэр байгууллагаар дамжиж баяр наадмын зохион байгуулах хороонд хүрнэ. Энэ хоёр байгууллага л хамгийн түрүүнд шинжилгээний хариутай танилцана. Энд л хариу задарсан байх. Бусад зүйлс нь арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр тодорхой болох биз.

-Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага буюу МОНАДА-ийн талаар ярих хэрэгтэй байх. Энэ байгууллага олон улсын дүрмэндээ хэр нийцэж ажиллаж байсан юм бэ? Засгийн газар нь хамтарч ажиллая, тайлангаа тавь гэхээр хариу өгдөггүй байсан гэсэн. Олон улсын дүрмэндээ үнэхээр ингэж хаалттай ажиллах ёстой гэж заасан байдаг юм уу?

-Дэлхийн допингийн эсрэг агентлаг бас л энэ асуудлыг зохицуулчихсан. Үндэсний допингийн эсрэг байгууллагуудын бие даасан, хараат бус байдлын удирдамж гэж бичиг баримтыг баталсан. Энэ бичигт үндэсний допингийн эсрэг байгууллага нь ямар үүрэгтэй, юу хийх ёстой, юу хийх ёсгүй, ямар бүтэцтэй байх, бусад байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах талаар нарийвчлан заасан байдаг. Хоёр л зүйлийг хэлье. Энэ бичиг баримтын 12 дугаар зүйлд үндэсний допингийн эсрэг байгууллага Засгийн газартай хамтарч ажиллах гэдэг хэсэг бий. Тэгэхээр энэ байгууллага жилд тодорхой хэмжээгээр тайлангаа тавьж, мэдээллэх ёстой.

Үндэсний допингийн эсрэг байгууллага өөрөө засаглалын хувьд эрүүл үү гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Учир нь спортын ертөнцөд допингийн эсрэг оролцдог сонирхлын бүлгүүд бий.

Манай улсын тухайд Монголын үндэсний олимпийн хороо, паралимпийн хороо, спортын холбоод, тамирчид, Засгийн газар. Эхлээд энэ байгууллагууд өөрсдөө үндэсний допингийн эсрэг байгууллага гэдэг энэ ТББ-ын удирдах зөвлөлийг бүрдүүлэхдээ тодорхой хэмжээнд төлөөллөө оруулах ёстой. Одоо энэ байна уу гэдгийг харах хэрэгтэй. Байхгүй гэвэл спортынхны эрхийг зөрчиж буй асуудал.

Дэлхийн допингийн эсрэг дүрэмд үндэсний допингийн эсрэг байгууллага нь холбогдох хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол үндэсний олимпийн хороо нь өөрөө байж болно эсвэл түүний байгуулсан ТББ байж болно гэсэн. Ерөнхийдөө үндэсний допингийн эсрэг байгууллага нь гурван хэлбэртэй байж болно. Нэгдүгээрт, Засгийн газрын мэдлийн байгууллага. Үүнийг ихэвчлэн коммунист засаглалтай Хятад, Туркменистан, Хойд Солонгосоос харж болно. Дэлхийд томд тооцогддог Хятадын допингийн эсрэг агентлаг нь Хятадын засгийн газрын байгууллагад тооцогддог. Сингапурын агентлаг нь улсынхаа залуучууд, спортын яам байх түүнийхээ бүтцэд байдаг. Хоёрдугаарт, жижиг, хүн ам багатай улсын тухайд үндэсний олимпийн хороо нь допингийн эсрэг байгууллагынхаа үүргийг гүйцэтгэдэг. Манайх шиг ардчилсан засаглалтай орнуудын хувьд бие даасан ТББ байх ёстой. Гэхдээ заавал олимпийн хороо нь эсвэл паралимпийн хороо нь оролцоотой байх ёстой. Гадуур дэгдэж байгаа шуугианы улмаас олимпийн хороо ч "Бидэнд хамаагүй" гээд байдаг. Учир дутагдалтай л байна.

-МОНАДА шинэ ерөнхийлөгчтэй болсон. Гэхдээ Засгийн газрын зүгээс  БЭТ-өө томилчихлоо гэж хардаж, харагдаж байгаа. Засаг, төр ТББ-ийн томилгоонд шууд оролцож болох уу?

-Олон талын төлөөлөлтэй байх ёстой гэж би өмнө дурдсан. Гэтэл сая томилогдсон шинэ ерөнхийлөгч нь аль спортын холбоог эсвэл олимпийн хороо, паралимпийн хороог төлөөлсөн юм уу? Эсвэл тамирчин байсан уу? Үүнийг зааглах ёстой. Тэр хүнийг Засгийн газар томилсон гэдэгт би итгэлгүй байна. Засгийн газар улаан цайм ТББ-ын тэргүүнийг хуулиа мэдсээр байж оруулж ирсэн гэдэг юу л бол. Дэлхийн допингийн эсрэг агентлагийн бүтцэд нь өвлийн спортын холбоод, зуны спортын холбоод, олон улсын олимпийн болон паралимпийн хорооноос, тамирчдын комиссоос тус тус төлөөлөл байдаг. Сонирхол нь допинг дээр нэгдэж, эрх ашгаа хамгаалах үүднээс тал бүрийн төлөөллийг багтаадаг.

Нөхцөл байдал иймд хүрснийх Засгийн газрын зүгээс олимпийн хороо, паралимпийн хороо, спорт холбоодыг цуглуулж байгаад удирдах зөвлөлийг нь шинээр бүрдүүлэх нь илүү тохиромжтой хувилбар.

Түүнээс биш Засгийн газар оролц гэсэн үг биш шүү. Дэмжлэг үзүүл. Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 22.7 дээр Засгийн газрын үүрэг гэж бүлэг бий. Тус бүлэгт зааснаар тухайн улсын Засгийн газар нь допингийн эсрэг байгууллагатай болох талаар үндэсний олимпийн хороотойгоо хамтарч ажиллана гэсэн байдаг. Одоо бидэнд гурван сар л үлдсэн. Тиймээс тогтолцооноосоо эхлээд эрүүл болох ёстой.

Зүгээр дээр нь байсан малгай хуучин гэж шүүмжилсний төлөө малгайгаа тайлж шидээд шинэ малгай тавьсан болж харагдах дэмий биз.

Засгийн газар санаачилж, зуучилж дунд нь сууж байгаад цаашаа явж болно.

-МОНАДА-ийн шинэ ерөнхийлөгч Азийн наадмын үеэр шинжилгээнд бүдэрсэн Б.Чинзоригийг хориотой эм бодис хэрэглэснийг бараг хүлээн зөвшөөрчихсөн. Уг нь тамирчин Б сорьцын шинжилгээ өгсөн, хариу нь гараагүй байхад ингэж яаран мэдэгдэл хийсэн нь буруу биз?

-Би харсан. Хараад харамссан. Допингийн эсрэг байгууллагын хувиар байр сууриа илэрхийлэхдээ ийм байж болохгүй. Тэмцэх нь зөв. Гэхдээ өмнө хэлсэнчлэн тамирчны эрх гэдгийг мэдэхгүй байна. Б.Чинзоригийн хувьд лабораториос мэдэгдсэн хариу нь тухайн тамирчны А сорьцноос хориглосон жагсаалтад байдаг бодис илэрлээ, зөрчилтэй байна шүү гэдгийг илтгэсэн мэдэгдэл. Тамирчин үүнийгээ хүлээн аван Б сорьцоо задлуулах хүсэлтээ өгч болно. М.Бадарч шиг спортын арбитр хүртэл заргалдаж, тайлбар өгөх олон эрхтэй. Энэ эрхээ эдлэх боломжийг нь ярих байтал МОНАДА-ийн тэргүүн нь хар үгээр хэлэхэд цагдаа зан гаргаад тамирчнаа "Хэргээ хүлээ" л гэсэн ойлголт надад буусан. Тийм байж болохгүй. Тамирчин эрхээ хамгаалах нь зөв.

Саяхан би Б.Чинзоригийг арбитрт хандана гэсэн мэдэгдлийг харсан. Тэр нь зөв. Дэлхийн спортод эрхээ хамгаалж мэддэг, мөн спортын эрх зүй өндөр хөгжсөн орны тамирчид олон улсын спортын арбитрын шүүхэд ханддаг.

Яагаад М.Бадарч үндэсний спортын арбитрын шүүхэд, Б.Чинзориг олон улсын спортын арбитрын шүүхэд хандаж байгаа нь тодорхой. Олон улсын зэрэглэлийн тамирчин болон үндэсний зэрэглэлийн тамирчны л ялгаа. Нотлох баримт гаргах, тайлбар өгөх, ялах эсэх нь дараагийн асуудал. Одоо бол өргөдөл гаргасан нь л чухал. Түүний тамирчныхаа эрхийг эдлэх шийдвэр гаргасанд нь талархалтай байгаа. Нэг ч гэсэн монгол тамирчин эрхээ эдлэх болж байна. Цаг хугацаа харуулах биз. МОНАДА-ийн тэргүүн шинэдсэн үү эсвэл зориуд ингэсэн үү би мэдэхгүй байна. Хариуцлагагүй мэдэгдэл хийлээ л гэж харсан.

-Үүний өмнөхөн Б.Бат-Эрдэнэ сайд боксын холбооны санхүүжилтыг зогсоож байгаагаа зарласан.. Хариуд нь Боксын холбоо хэт яарсан, улс төржсөн шийдвэр гаргалаа гэж буруутгасан. Ингэхэд хэнийх нь зөв гэж та харсан бэ?

-Б.Бат-Эрдэнэ сайд мэдээж юм зохиож яриагүй байх. Би дүрэм, журмыг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ үндэсний шигшээ багийн алба, спортын холбоодтой гэрээ байгуулахдаа ийм заалт оруулдаг. Үүнийхээ дагуу л ярьсан гэж ойлгосон. Цаашдаа бид үндэсний допингийн эсрэг дүрмийнхээ хүрээнд бусад дүрэм журмаа өөрчлөх хэрэгтэй юм байна л гэж би үзсэн. Үндэсний допингийн эсрэг дүрмийн 12 дугаар бүлэгт допингийн эсрэг дүрэм зөрчсөн спортын байгууллагуудад оноох шийтгэл гэж бүлэг бий. Энэ бүлэгт нэг жилийн хугацаанд дөрөв болон түүнээс дээш удаа зөрчил гаргасан спортын холбоонд хариуцлага тооцно гэх мэт заасан байдаг. Нөгөө талаасаа Б.Чинзоригийн асуудал дөнгөж эхэлж байна. Эхний шатны шүүх хурал, давж заалдах гээд бий. Тамирчны эрхийг хэдэн жилээр хасах, спортын холбоог нь хэдээр торгох зэргийг ярина. Сайд бол одоогийн дүрэм журмынхаа хүрээнд л шийдвэр гаргасан байх.

-Монголын допингийн асуудал дотоодод төдийгүй гадаадад ч өндрөө авчихлаа. Манай улс цаашид олимпод цагаан туган дор оролцох хэмжээний эрсдэл дагуулж байна. Энэ яг юунаас эхлэлтэй вэ?

-Дүрэм л ярина. Дэлхийн допингийн эсрэг агентлагийн баталсан дүрэм нь заавал биелүүлэх найман стандарттай гэж би хэлсэн. Энэ стандартын нэг нь гарын үсэг зурагчдыг дүрэмд нийцүүлэх олон улсын стандарт. Өөрөөр хэлбэл, МОНАДА, олимпийн хороо, паралимпийн хороо гурав ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ, хэрэв үүргээ гүйцэтгэхгүй бол яах вэ гэдгийг тодорхой заачихсан бичиг баримт. Үүний дагуу дэлхийн допингийн эсрэг агентлаг МОНАДА-г стандарт хангаж ажиллахгүй байна гэсэн дүгнэлт өгч явсаар байгаад тав дахь удаагийн сануулга нь энэ. Энэ дүрмийн хамгийн том шийтгэл нь яг Орос шиг тамирчид нь цагаан тугийн дор жагсана. Мөн эх орондоо олон улсын уралдаан тэмцээн зохион байгуулах эрхгүй болно. Үнэхээр харамсалтай. Салбар бүрт төрөл бүрийн ТББ бий. Үйл ажиллагаагаа явуулж чадахгүй бол татан буулгах эсвэл ямар нэгэн арга хэмжээ авдаг.

Гэтэл спортын салбарын ТББ-ын салан задгай, хайхрамжгүй, хаалттай байдлаас болоод Монгол Улсын эрх ашиг хөндөгдөж байгаа нь харамсалтай.

Бидэнд дөрвөн сарын хугацаа өгсөн. Ирэх оны нэгдүгээр сарын 22-ны хавьцаа дуусна. Хурдтай арга хэмжээ авах хэрэгтэй. МОНАДА болохгүй байна гэдгийг бүгд мэдлээ. Одоо яах вэ? Миний бодлоор Засгийн газар түрүүн хэлсэнчлэн талуудыг бүгдийг нь дуудаад допингийн эсрэг байгууллагын удирдах зөвлөлийг дүрэмд нийцүүлэн байгуулж, дүрмийг нь батлуулах нь зөв. Ийм л гаргалгаа байна. Эсвэл олимпийн хороо, паралимпийн хороо хоёр спорт холбоодтойгоо нийлээд тусдаа МОНАДА-аас өөр яг дүрмийн дагуу ТББ байгуулаад явах гарц бий. Аливаа байшингийн суурь далий байвал дээшээ мянга тордоод тэгшхэн болдоггүйтэй адил угаасаа л спортын ертөнц хүлээж авахгүй байгууллагын будгийг солиод нэмэр байхгүй. Нэгмөсөн бүх талууд сууж байгаад бизнесийн хэллэгээр "rebranding" хийх хэрэгтэй.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Танд нэмж хэлэх зүйл бий юу?

-Ямар ч байсан допингийн эсрэг үйл ажиллагааны талаарх миний байр суурийг сонссонд баярлалаа. Бид одоо л дүрэм журмынхаа дагуу ажиллахгүй бол оройтлоо. Олимп болоход маш бага хугацаа үлдсэн. Олимпийн эрхийн төлөөх тэмцээнүүд ирэх оны тавдугаар сар гэхэд дуусна. Гэтэл олимп дөхөж байгаа энэ үед МОНАДА, үндэсний баяр наадмын шинжилгээ, Азийн наадам гээд олон допингийн асуудал тулгарлаа. Үүнийг засч, залруулахаас л эхэлнэ. Гэхдээ тамирчдаа буруутгахаас өмнө засаглалаа солих нь чухал. Нөгөө талаасаа үндэсний бөхийн холбоо маш их допингийн зөрчил гаргадаг учир олон улсад мэдэгдээд гай болчихлоо гэж байна.

Энэ бол тийм биш. Бид нар цөөн дээж авдаг орны тоонд ордог. Илэрч байгаа нь ч цөөхөн.

Гэтэл цаана нь жилд хэдэн зуун шинжилгээ авдаг Хятад, Солонгос, Америк, Япон гээд орнууд бий. Олон допингийн зөрчил илрэхдээ гол нь биш. Бид дэлхийн допингийн эсрэг агентлагийн баталсан дүрмийг ягштал мөрдөж байна уу гэдэг л чухал. Дүрэм, журмаа яс мөрдөөд эхэлбэл ямар арга хэмжээ авах нь заачихсан байдаг учир асуудалгүй гэж бодож байна. Одоо л бид сайн байвал олимпод цагаан тугийн дор зогсох эрсдэл арилах байх. Ирэх жил олимпоос олон медаль хүртээсэй, чадвал олимпийн аварга төрөөсэй гэж хүсч байна даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж