Хятадын эрх баригчид "iPhone" үйлдвэрлэгч, Тайваньд төвтэй "Foxconn" компанийг мөрдөн шалгаж эхэлснээ саяхан зарласан. "Foxconn"-ы албан ёсны нэршил нь "Hon Hai Precision Industry Co Ltd" бөгөөд "iPhone" утасны хамгийн том үйлдвэрлэгч. Цаашилбал, дэлхий дээрх хамгийн томоохон ажил олгогчдын нэг юм. "Ньюс" агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа тус компанийн үүсгэн байгуулагч Терри Гоуг онцолж байна.
Терри Гоу өнгөрсөн дөрөвдүгээр сард Тайванийн удирдагчийн ээлжит сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Сонгууль ирэх оны нэгдүгээр сард болно.
Тайванийн тэрбумтан, улстөрч Терри Гоу 1950 онд Тайпэй хошууны Банкяао тосгонд төржээ. Энэ нь одоогийн Тайванийн нийслэл Тайпэйн Банкяао дүүргийг хэлнэ. Түүний эцэг эх хоёр Хятадын иргэний дайнаас өмнө Шаньси мужид амьдардаг байжээ. Улмаар 1949 онд Тайваньд шилжиж ирсэн байна. Аав нь иргэний дайны үеэр Гоминданы армид тулалдаж явсан цагдаа хүн байв.
Терри Гоу айлын хоёр дахь хүүхэд. Тэр дээрээ нэг эгчтэй, доороо хоёр эрэгтэй дүүтэй.
Тэр бага сургуулиас эхлээд коллеж хүртэлх бүх боловсролыг бүрэн эзэмшсэн. Коллежоо төгсөөд 24 нас хүртлээ резиний үйлдвэр, эмийн үйлдвэрт ажиллажээ.
Терри Гоу Хятадын Агаарын цэргийн хүчинд зенитийн их бууны офицероор элссэнээр эх орондоо алба хаах үүргээ биелүүлсэн. Түүнийг алба хаах үед Хятад, Тайванийн харилцаа ид хурцадмал байсан.
“IPHONE”-Ы ХАМГИЙН ТОМ ҮЙЛДВЭРИЙН БОСС
Цахилгаан барааны дэлхийн хамгийн том гэрээт үйлдвэрлэгч "Foxconn" компани 1974 онд үүсгэн байгуулагдсан. Хувийн хэвшлийн хамгийн том ажил олгогч, эх газрын Хятад дахь хамгийн том экспортлогч, олон улсын бизнесийн эзэнт гүрэн гээд олон сэтрийн эзэн болсон компанид 1.2 сая хүн ажиллаж байна.
Компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Терри Гоугийн нийт хөрөнгийг 2022 онд 6.8 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ.
Бизнесээ анх эхлүүлсэн эхлэлийн хөрөнгө нь 7500 ам.доллар байжээ. Мөн тухайн үед 10-хан ажилтантай байв. Компани анх Тайпэйн захын Тучен дүүрэг дэх түрээсийн амбаарт телевизийн хуванцар эд анги үйлдвэрлэж эхэлсэн. 1980 онд Атари компаниас удирдлага зохион бүтээх захиалга авсан нь "Foxconn"-ы хувьд эргэлтийн цэг болжээ.
Терри Гоу мөн ондоо үйлчлүүлэгч хайн АНУ руу 11 сарын хугацаатай аялснаар бизнесээ өргөжүүлж чадсан байна. Борлуулагчийн хувьд бага зэрэг түрэмгий зан авиртай тэрбээр өөрийг нь уриагүй олон ч компанийн үүдийг татжээ. Зарим компани хамгаалалтын ажилтнаа дуудаж Терри Гоуг хөөлгөж байсан ч тэр хэд хэдэн амжилттай захиалга авч чадсан юм.
Улмаар 1988 онд Хятадын Шэньжэнд анхны үйлдвэрээ нээв. Энэ үйлдвэр нь одоо ч хамгийн томдоо тооцогдоно. Үйлдвэрийн цар хүрээ улам нэмэгдсээр ажилчдын кэмптэй ч болжээ. Тус кэмпэд орон сууц, хоолны газар, эрүүл мэндийн үйлчилгээ, тэр бүү хэл оршуулгын газар ч байдаг. Мөн хоолны газарт мах нийлүүлэх зорилготой тахианы аж ахуй хүртэл бий.
1996 оноос компьютерийн эд анги үйлдэрлэж эхлэв. Энэ нь “HP”, “IBM”, “Apple” зэрэг өндөр түвшний үйлчлүүлэгчидтэй харилцах анхны алхам болжээ. Хэдхэн жилийн дотор л “Foxconn” компани өргөн хэрэглээний цахилгаан барааны үйлдвэрлэлд толгой цохиж эхэллээ.
ШИ ЖИНЬПИНИЙ ХУУЧНЫ НАЙЗ
Тайванийн удирдагчийг сонгох 2020 оны сонгуулийн өмнө түүний улс төрийн амбиц өсч эхэлсэн. Тодруулбал, Гоу 2019 онд “Foxconn”-ы гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэж өгч, сонгуульд нэр дэвшихийн тулд Гоминданы намд элсчээ. Түүний зүүд нойронд Хятадын тэнгисийн бурхан Мазу орж ирээд, сонгуульд нэр дэвшихийг зөвлөсөн гэж тухайн үед Гоу ярьж байв.
Гэвч Гоу 2020 оны сонгуульд ялагдсан юм. Нарийн хэлбэл, 27.7 хувийн саналаар тэр хоёрдугаар байранд оржээ. Анхан шатны сонгуулийн дараа Гоминданы намаасаа гарсан боловч Гоу энэ онд дахин намдаа нэгдсэн. Учир нь тэр 2024 оны сонгуульд дахин хүч үзэх бодолтой байгаагаа дөрөвдүгээр сард зарласан юм.
Хятадын дарга Ши Жиньпин түүнийг нэгэн цагт “хуучны найз” гэж тодорхойлж байв. Гоу улс төр, бизнесийн карьерийнхаа бүхий л цаг үед Хятадын бизнесийн ашиг сонирхолд ээлтэй нэгэн байсан. Цар тахлын үед хэрэгжсэн дүрэм журмыг хөнгөвчлөх лоббиг амжилттай хийхэд Терри Гоу тусалсан гэдэг.
Гадаад бодлогын хувьд тэрбээр Тайванийн тусгаар тогтнолын хөдөлгөөнийг шүүмжилдэг. Мөн Хятад, АНУ-ын хурцадмал байдлыг намжаахыг уриалж байсан.
ТҮҮНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
Терри Гоу, Жэк Ма нарыг золгүй ах дүүс гэж нэрлэдэг. Энэ нь сорилт, зовлон зүдгүүрийг хамтдаа туулсан эрэгтэй найзуудыг дүрсэлдэг хятад хэллэг юм. Цагийн сайханд Алибаба компани Хятадын цахим худалдаанд өрсөлдөгчгүй тэргүүлж, “Foxconn”-той нягт түншилдэг байв. Гэвч хувийн хэвшлийнхний эсрэг хэлмэгдүүлэлтийн кампанит ажлын шуурганд Жэк Ма өртөж, өдгөө нам гүмхэн амьдарч байна. Хэлмэгдүүлэлтийн шуурга өдгөө “Foxconn”-ыг ч дайрч магадгүй болсон тул тэднийг ийн золгүй ах дүүс гэж нэрийджээ.
Терри Гоу 2007 онд Чингис хааныг “миний баатар” гэж дурдаж байв. Чингис хаантай холбоотой сүмээс худалдаж авсан бугуйвчийг тэр баруун бугуйндаа зүүдэг гэдэг.
“Foxconn”-ы удирдах зөвлөлийн хурлын үеэр Терри Гоу ажилчдыг амьтадтай зүйрлэн хэлсэн нь маргаан үүсгэж байв. Тодруулбал, “Хүн ч бас амьтан учраас нэг сая малыг удирдах нь миний толгойн өвчин болж байна” гэж Гоу хэлжээ.
Түүний анхны эхнэр Серена Лин 2005 онд нас барсан. Серена Лин, Гоу нарын дундаас хүү, охин хоёр төржээ. Эхнэрээ нас барахаас ч өмнө буюу 1990-ээд онд Гоу гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж байсан. Энэ нь баранд ажилладаг Чен Чун Мэй гэх эмэгтэй байжээ. Тус эмэгтэй хувийн мөрдөгч хөлслөн Гоутай хамт байх үеэ бичлэгээр баримтжуулж авсан байна. Дараа нь Гоугаас мөнгө нэхэн шантаажилж байжээ. Гоу эхэндээ мөнгө төлөхийг зөвшөөрсөн ч дараагийн удаа уулзахдаа Чен болон түүний хувийн мөрдөгч нарыг дээрмийн хэргээр баривчлуулсан байдаг.
2008 онд Терри Гоу хоёр дахь удаагаа гэрлэсэн. Энэ нь бүжиг дэглээч Делиа Цэн гэх эмэгтэй юм. Цэн, Гоу нар гурван хүүхэдтэй.
Олон улсын хэвлэл мэдээлэлд түүнийг бизнесийн туршлага, улс төрийн дүр төрхөөр нь АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамптай зүйрлэх нь бий.
Холбоотой мэдээ