“Х.Нямбаатар иргэдийн газрыг хүчээр авна…”, “…эсэргүүцвэл өөрсдийнх нь байгуулсан зөвлөл шийдвэрлэнэ…” гэх зэрэг гарчигтай нийтлэлүүд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар хөврөв дөө. Асуудал нь гэр хорооллын дахин төлөвлөлт юм.
Гэвч манай нийгэм аль ч асуудлыг субъектэлж, хэн нэгэн дээр нялзаадаг зангаараа шинэ дарга Х.Нямбаатарт энэ “гэм”-ийг тохов. Уг агуулга нь гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг том агуулга байдаг…
Гэр хорооллыг дахин төлөвлөж, иргэд нь байртай, хот нь хороололтой болъё. Уг нь сайхан санаа. Гэвч даргын мөрөөдөл, иргэдийн хүсэлд л энэ санаа нь үлджээ. Нэг талдаа газраа зарсан нь хохирч, нөгөө талдаа газар авсан нь завшиж явсаар 10 илүү оныг үдэж. Арван он гэж тодотгохын шалтгаан нь цаанаа учиртай. Монгол Улс гэр хорооллыг орон сууцжуулж, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган шинээр барих ажлыг 2012 онд эхлүүлжээ. Тэр ондоо Засгийн газрын 2012 оны 12 сарын 22-ны тогтоолоор Нийслэлийн Засаг даргын эрх асуудлын хүрээнд “Гар хорооллын хөгжлийн газар” байгуулж хэрэгжүүлэгч агентлаг болгосон юм. Чухам эндээс төлөвлөгдөж өгдөггүй гэр хорооллын ээдрээ эхэлсэн түүхтэй. Ээдрээний учиг нь иргэдийн санаанд оромгүй өндөр үнэтэй тоо байлаа.
Газрын үнэ нь тухайн жилийн жишиг үнээс хэд дахин өндөр үнэтэй тул барих төсөл нь гацаад, иргэд нь газартаа “шүдээ чигчлээд” хэвтэх болов. Өдгөө төлөвлөлтөд орж өгөхгүй байгаа Гандангийн дэнжийн айлууд чухам энэ л тавиланг давтсан учраас хотын төвдөө “утааны үйлдвэртэй” сууж байгаа юм шүү дээ.
Дээрээс нь тухайн төлөвлөсөн газарт нь объект барихаар шалгарсан компаниуд нь газрыг нь аваад бултдаг, барьсан ч юмгүй компаниуд иргэдийг хохироодог үзэгдэл гаарах болов. Чухамдаа газар чөлөөлөлт болон барилгын үйл явцын мэдээлэл ил тод биш учраас иргэд хяналт тавих боломжгүй байсан нь газар ч үгүй, байр ч үгүй хохироод үлдэх шалтгаан болжээ.
Хүн байгаа бол асуудал байж л байна. Тэртээ тэргүй хотын систем нь харьцангуй динамик шинжтэй байдаг. Тийм ч учраас хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, иргэдийн эрхийг хөндөхгүйгээр суурь асуудлыг углуургаар нь шийдэх бодлого боловсруулдаг ажээ. Хотыг ер нь яах гэж дахин төлөвлөдөг вэ гэвэл,
- Хотын иргэдийн оршин суух газрыг тэлэх,
- Амьдралын чанарыг дээшлүүлэх
- Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах
- Хотын хэвийн бус тэлэлтийг зогсоох
Энэ бол мөхөс миний тодорхойлолт бус Дэлхийн банкны хот төлөвлөлтийн суурь судалгаанд оролцсон 30 гаруй бодлого боловсруулагчдын судалгаа юм.
Бидэнтэй адил зам, ижил зовлон туулсан өөр улсын жишээнүүд ч байна. Тухайлбал Өмнөд Африкийн Йоханнесбург хот 2001 оноос эхлэн 18 хавтгай дөрвөлжин км газар нутгийг дахин төлөвлөлтөд оруулжээ. Ердөө 10 гаруй жилийн дотор хувийн хэвшлийн оролцоо, иргэдийн идэвх санаачилгаар хотын тэлэх урсгал саарч төслийн үр нь 195.5 тэрбум ам.доллар болсон гэх судалгаа бий. Азийн бар гэгдэх Сингапур ч мөн адил хотын төвийн нягтралыг сааруулахын тулд хотын захын хэсгүүдийг дахин төлөвлөж, загасчны тосгоны нэгж талбарыг байраар дүйцүүлэх, бэлэн мөнгөөр худалдах замаар хотжуулж чаджээ. Энэ мэтчилэн сайн жишээ бишгүй байна.
Хотын шинэ дарга Х.Нямбаатарын санаачилсан хуульд уг нь энэ мэт асуудлыг зохицуулахаар тусгасан байна. Зарим нь үүнийг газар дээрэмдэх гэлээ гэж гөрдөж ойлгож байгаа ч углуургаар нь харвал түгжрэл, нягтрал, утаанаас хурдан салах жор нь л энэ юм. Хуульд чухам юу гэж заасан бэ гэдгийг хамтдаа зураглая.
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэг нь “Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх, гэр хорооллыг орон сууцжуулах барилгажуулах” гэж томъёолсон. Үүний 14.3-т “Газар албадан чөлөөлөх шийдвэрийг гаргахад тухайн төсөл, арга хэмжээний нөлөөлөлд өртөж байгаа газар өмчлөгч, газар эзэмших эрхтэй этгээд, улсын бүртэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэн, хуулийн этгээдийн 65-аас доошгүй хувийн дэмжлэгийг авсан байна” гэж заажээ. Энэ нь чухам юу гэсэн үг вэ гэвэл тухайн хэсэгт амьдардаг иргэд 65 хувиас дээш саналаар нэгдэж байж нэгж талбарыг авна гэсэн үг. Үлдсэн 30 хувь нь хаачих вэ, зүгээр л булаачих юм уу гэж асууж магадгүй л дээ. Гэвч энэ нь булааж авах бус дүйцүүлэх, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр, жишиг үнийн дүнгээр бэлнээр худалдаж авах санал тавьчихаж байгаа юм. Нэг ёсондоо газрын чинь оронд дараах гурван зүйлийг өгье өө л гэсэн санаа.
Иргэдийн хүсэлд уягдсан учраас гэр хорооллын барилгажилт гэдэг үг нэг хэсэгт нь хадгаламж зээлийн хоршоо шиг, нөгөө хэсэгт нь сонгуулийн сайхан уриа шиг уншигдаж байсан, одоо ч ингэж уншигдсаар байна. Хэдийгээр тухайн газрыг өмчлөх нь иргэн хүний эрх ч гэсэн эзэмшил нь тодорхой хугацаатай, хот бодлоготой байдаг учраас сайхан орчинд амьдрах эрхийг нь хангахын тулд ийнхүү хуулиар зохицуулж байгаа юм. Ташрамд дурдахад 2023 оны байдлаар 18 байршил, 51 хэсэгчилсэн талбайд 45 төсөл хэрэгжиж байна. Түүнчлэн 3023 нэгж талбарт газар чөлөөлөлт хийж, 16.6 мянган айлын орон сууц ашиглалтад оржээ.
Одоо уншигч та бодоод үз. Эрхээ эдлээд утаан дундаа шүдээ чигчлээд хэвтэх үү, эрхээ хөндүүлэхгүйгээр байгаа газраа чөлөөлөөд саруул сайхан орчинд аж төрөх үү…
Б.БАЯР
Холбоотой мэдээ