Үргэлжлэл. Өмнөх нийтлэлийг эндээс уншина уу!
Эрэн хайж байсан охиыг олжээ. ЦЕГ-ын хэвлэлийн албаныхан “..хүүхэд нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "Т" нарын 14-16 насны нэр бүхий хүүхдүүдийн хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсныг олж тогтоон, ар гэр, асран хамгаалагч нарт хүлээлгэн өгөх, бусад шалгалтыг зохион байгуулж байна” гэж сүртэй нь аргагүй албан ёсны хуудастаа бичсэн бөгөөд зурагтай нь нийтлэв. Хүүхдэд алдах эрх бий. Ганц алдааных нь төлөө улс орон даяар зураг, хөргийг нь тавьж "яллах" эрх цагдаад байхгүй. Иргэдээ хамгаалах ёстой цагдаад хүний эрхийн ОЙЛГОЛТ дутагдав. Ганц энэ ч хэрэг биш эрх мэдлээ ашигласан бусдыг буруутгасан олон үйлдэл цагдаагаас гардаг. Гэвч ямар ч хариуцлага тооцсон зүйлгүй. Бяцхан охинд ч амьдрах орон зайг нь үлдээсэнгүй. Хувьсал гээч хувьсгалаас ч хэцүү ажээ. Бид ардчиллыг хэлбэр төдийхөн хэрэгжүүлснээс илүү их алдах бололтой. Коммунизмын үеийн сэтгэлгээ, хандлага, нийгэм эдийн засгийн бүтцүүдээсээ салаагүйгээс ард түмний нэрийг барьж аливаа асуудалд хандах нь олон. Монголын цагдаа Засгийн газрыг ажлаа хийхийг шаардсан залуусын жагсаалын үеэр камер хариулж байгаад өшиглөж байгаа бичлэг цацагдаж л байсан. С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх гэсэн хүмүүсийг халдвар хамгааллын дэглэмээ барихыг шаардан тараасан бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр С.Зориг агсны хөшөөний өмнө халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг төрөөс шаардсан гурван ч залууг цагдаагийнхан саатуулсан нь хачирхалтай. Монголын цагдаа эрх баригчдыг иргэдээс хамгаалдаг болоод уджээ.
Энэ хугацаанд дайныг эсэргүүцсэн жагсаалыг тараах, дайныг эсэргүүцэгчдийг эсэргүүцэгчдийг өөгшүүлэх маягтай үйл л харагддаг болов.
Олон ургалч үзлийг Үндсэн хуулиндаа тунхагласан монголчууд биесээ үл хүлээн зөвшөөрөх үзэлд автав. Монголд Оросыг эсэргүүцэгчдийн жагсаал хэд хэдэн удаа болсон бөгөөд тэр тоолонд Оросыг дэмжигчид очиж янз бүрээр үймүүлж, өдөөн хатгаж, гурил будаанаас эхлээд цацаж, зарим нь бүр хэвлэлийн бага хурал хийж жагсагчдын хөл, гарыг нь хугалах тухай заналхийлээд суудаг болов. Тэгсэн атал Оросын өдөөсөн дайныг дэмжигчдийн жагсаалыг цагдаагийн хамгаалалтад хийж буй бишгүй зураг сэлт цацагсан нь ам ангайлгав.
Бид ялих шалихгүй зүйлээр хүний эрх, эрх чөлөө, ардчилал хэвээрээ байна гэж дүгнэх жишээтэй. Харамсалтай нь ямар ч тоталитари нийгэмд ардчиллын элемент байж л байдаг ажээ.
Өнөөдөр монголчууд хуучнаа үгүйлэн өнөөг үзэн ядагсад, Хятадын нулимж, Оросыг өмөөрөгсөд, Украиныг дэмжигсэд, бурхны болоод христийн шашин, бурхных дотроо Х Богдын дэмжигч ба үгүйсгэгсэд гэж итгэгч, эсэргүүцэгч болон хуваагдсан бөгөөд хамгийн хачирхалтай нь Монголын эрх ашгийг яригчид тун чиг ховор. Хаа хамаагүй харийн орны зөв, бурууг хэлэлцэн гудамжинд нэгнийхээ нармайг нээх энүүхэнд явна.
Монголын тусгаар тогтнолыг оросууд л өгсөн, тэдний ачаар л бид хөгжсөн гэж өөрсдийгөө үгүйсгэж, өвгөдөө нулимагчид маш ихээр олширов. Тэд л биднийг хөгжүүлнэ гэж тэд бат итгэх болой. Нөгөө талд нь барууны эрх чөлөөт орон, тэр дундаа америкчууд л Монголыг энэ хоёр их гүрнээс хамгаална гэж итгэгсэд мундахгүй. Үнэн хэрэгтээ Монголын төлөө монголчууд л санаа тавих төдийгүй, тэд л хөгжих эс хөгжих тухай бодно гэдэгтэй эвлэрэх хүн ховор.
Монголчуудын нэгдмэл оюун санааг сарниулах, дотор нь муудалцуулах зорилготой гадаадын гар хөл бишгүй байх агаад түүний эсрэг гэхээсээ илүүтэй дэмжих маягтай үг, үйлдлийг нь таслан зогсоодоггүй төрийн хүлцэх байдал нь түймрийг өрдөөд байх шиг. Өнгөрсөн зуунд үзэл суртлын хүлээсээр өөрсдийн дагагчдыг бэлтгэн сургаж, өөр бодолтой бүхнийг намын дайсан, нийгмийн шаар болгохоо тэд гарамгай хийжээ. Тиймээс одоо хэр нь Оросыг шүтэж, өөрсдийгөө үгүйсгэх үзэл хүчтэй оршсоор байна. 70 жил хүлүүлэхдээ монгол хүн гээч Хятад хүнд үнэн голоосоо дургүй болсон бөгөөд бараа, бүтээгдэхүүнийхээ шатахуунаас бусдыг нь тэднээс авдаг хэр нь муулсаар… Харин эсрэгээрээ бие даасан эрчим хүчний эх үүсвэртэй болохыг эсэргүүцдэг хөршийгөө өмгөөлсөөр. Алуулж, алгадуулж, аргадуулж, зодуур дундуур туучин алдаж, онож, бүдэрч босч, тэнтэр тунтар алхсаар хүссэн эрх чөлөөтэйгөө золгосон ч түүнийхээ үнэ цэнийг ухаарч, ойлгох нь тун чиг ховор. “Бидэнд чанга гар хэрэгтэй” гэж үзэгсэд энэ нийгэмд их олон.
Өнгөрсөн он жилүүдэд монголчууд сүм хийдтэйгээ хамт өв соёлоо, үзэл бодлоо, үүх түүхээ, нэгдмэл санаагаа галдан шатаав. Коммунизмын гавьяа их ч гайг нь бид мартах учиргүй. Тиймээс төөрч будилсан ч аль альныг нь санаж, сургамж авах учиртай. Сайнтай муутай сав дүүрдэг хорвоо билээ.
Гадны улс орон монголчуудыг хамгаална, хөгжүүлнэ гэж биесээ үгүйсгэн итгэгсэд, эсэргүүцэгсэд болохын оронд нэг зүгт харж чадвар өнөөгийн авлига, түгжрэл, төрийн хүнд суртал, хээл хахуультай тэмцэх аргаа олох юм шиг. Нам, хүн биш үзэл санаагаараа нэгдэж чадсан цагт л бид зовлонгоосоо илүү хурдан ангижрах болов уу? Ингэсэн цагт монголчууд хүчирхэгжиж, хил хязгаараа тэлдэг бол хэмлэлдсэн, хэрэлдсэн үед бусдын хоол болж бууран доройтдог бэлээхэн түүх байж л байна. Хар улсын эрх ашгийг энд ярихын оронд Монголынхоо эрх ашгийг ярих нь бидэнд өлзийтэй. Зодоон хэрэгтэй гэвэл ийм л гарц бидэнд хэрэгтэй. Эрх баригчид ч бидний энэ зөрчлийг ашиглан эрх мэдэл, идэж уух хүслээ хангахын тулд хооронд нь яс хаяж, жирийн жагсаалыг ч зэрэмдэг болгон өөрсдийн хүмүүсээр утгыг нь алдагдуулж байна.
Хүн төрөдхтний түүхэнд цуст аллага, түрэмгийллийг хийхдээ "хуваагаад захир" гэх шалгарсан муу аргаар хооронд нь яс хаян алалцуулж ирснийг Монгол хүний саруул ухаан гэж байдаг бол мартах учиргүй. Бидэнд Орос, Украины асуудлаас илүү Монголын асуудал чухал. Монголд монгол хүн л санаа тавина.
Холбоотой мэдээ