Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг хэрэглээнд нэвтрүүлж байгаа ажлын талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга Б.Давааням "Улаанбаатарын дугаартай 442,477 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суурилуулахаар байгаа. Эхний ээлжид төрийн өмчийн тээврийн хэрэгсэлд, үүний дараа хувийн тээврийн хэрэгсэлд суурилуулахаар төлөвлөсөн" гэдгийг мэдээлж байв.
Тэгвэл ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс цахим гэрчилгээг наах талаар Зам тээврийн яамнаас мэдээллээ.
Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.МӨНХНАСАН:
-RFID цахим гэрчилгээгээр тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлнэ. Тухайлбал, татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийн нэгтгэсэн мэдээллийн нэгдсэн сан үүсгэнэ.
Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь татвар, даатгалаа төлж, 60 орчим хувь нь техникийн хяналтын үзлэгтээ орж, 20 орчим хувь нь л торгуулиа төлдөг.
Монгол Улсын хэмжээнд 1.180.000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Эдгээрийн бүртгэл хөдөлгөөнийг хянахад тохиромжтой гэсэн судалгааны үр дүн, зөвлөмж гарсан. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 430 орчим цэгт RFID уншигч төхөөрөмж суурилуулсан. Цаашид олон улс, улсын чанартай 7500 км авто замд төлбөр авах 33 цэгт суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Холбоотой мэдээ