Сүүлийн үед хүүхдийн эрүүл мэнд, амь насны эсрэг хүчин, хүчирхийллийн хэрэг багагүй гарах болсон. Тиймээс хүүхэд хамгааллын асуудал нийгмийн анхаарлын төвд байгаа юм. Хүүхдийн эсрэг аливаа хэрэг гарах бүрд улсаараа шуугиад удахгүй мартчихдаг нь монголчууд бидний хувь гэм биш зан болсон. Манай төрийн хувьд мал нь нэгд, хүн нь адагт тавигддаг нь гэм биш. Малдаа мөнгө тараахаас эхлээд малчны НДШ-ийг нь хүртэл төр хариуцахаар болсон нь МАНай төрийн сонгогчдын дийлэнх нь малчид байдаг учраас тэр. Тэр ч бүү хэл МАНай төрийн ордонд мянгат малчин ч цөөнгүй бий. Тиймээс л мал, малчин хоёрын асуудлаас бусад нь МАНай төрд хамаагүй байсаар иржээ. Үүний нэг нотолгоо нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагийн хэлсэн үг. Тэрбээр хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой асуудлаарх УИХ-ын хяналтын сонсголын үеэр аймаг суманд хүүхэд хариуцсан ажилтны тоо байдаггүй. Атал малын асуудал хариуцсан таван хүн байгаа талаар шүүмжилсэн байна.
Жил бүрийн улсын төсөв хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд тойрог руугаа жорлон барихаас эхлээд элдвийн санаачилга гаргадаг. Жишээ нь, төсвийн мөнгөөр айрагны өргөө барих хүртэл санаачилга гарч байсан билээ. Тэрчлэн гурван тэрбумаар усан оргилуур барьсны үр дүнд улаанбаатарчууд л лав мэдрээгүй. Зундаа, хэсэгхэн хугацаанд ажилладгийг эс тооцвол үр ашиггүй бүтээн байгуулалт болоод дууссан.
Мөн ангидаа 10 хүрэхгүй сурагчтай сургуульд хоёр давхар сургууль барьж, татвар төлөгчдийн мөнгийг талаар нэг цацдагаа ч болих ёстой. Ирэх жилийн улсын төсвөөс харахад цөөнгүй суманд шинээр соёлын төв барих асуудал багтжээ. Соёлын төвгүй сум, аймаг гэж байхгүй. Үзвэр, үйлчилгээгүй, үр ашиггүй барилгуудын тоог нэмснээс үр хүүхдэдээ зарцуулсан нь дээр.
Үнэндээ бодит амьдрал дээр соёлын төв барихаас илүү сум, орон нутгийг камержуулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх нь нийгмийн, нэг номерын асуудал болсон. Саяхан гарсан 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсны дараа аймаг, орон нутаг нь камергүй байсан тухай ч мэдээлэл цацагдсан. Цагдаа нарын зүгээс гудамж талбайн камерын тоо хангалтгүй байгаа нь гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд тодорхой хэмжээний хүндрэл учруулдаг талаар ярьдаг, анхааруулдаг. 2012 оноос 2021 он хүртэл 10 мянган хяналтын камер тавьсан. Түүнээс 50 хувь нь ажиллаж байгаа талаар ч албаны хүмүүс ярьдаг. Үндсэндээ, Сангийн яам төсөв боловсруулахдаа, УИХ нь түүнийг нь батлахдаа хүнийхээ асуудлыг нэд тавьж чадаж байна уу гэдэг асуулт тавигдаж байна.
Хүүхдийн эсрэг гэмт хэргийг ихэнхдээ ойр дотны хүмүүс нь үйлддэг гэдэг. Тэдгээрээс хүүхдээ хамгаалах нь төрийн нэг үүрэг. Гэх мэтчилэн МАНай төр хэзээ хүнээ нэгд тавьж, хүүхдээ хамгаалж сурах вэ гэдэг нь хамгийн эмзэг сэдэв болжээ. Хүүхэд сонгуульд оролцож, санал өгдөггүй болохоор нь хөсөр хаясаар байх юм уу. Малаа ээмэгжүүлж, малчны НДШ-ийг төр даана гэж татвар төлөгчдийн мөнгөөр мал, малчин хоёрыг угжиж суухаас илүү хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх нь нэн чухал асуудал болоод удаж байна.
Холбоотой мэдээ