АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст өнөөдрийн байдлаар авлигын гэмт хэргийн талаар 85 гомдол, 820 эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа аж. Эдгээрээс олны анхаарал татсан зарим онцлох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар прокурорын байгууллагын зөвшөөрлийн хүрээнд тус газраас мэдээлэл өгсөн. Тодруулбал, нүүрс, барилга байгууламж, газар болон ногоон автобус, нийтийн тээврийн тендер шалгаруулалт, БЗС, допинг зэрэгтэй холбоотой товч мэдээллийг өгснийг тоймлон хүргэж байна.
АТГ-ын мөрдөн шалгах албаны удирдлагуудын зүгээс "Эрдэнэс Тавантолгой" болон орон нутгийн Тавантолгой компани нь нүүрс олборлох, тээвэрлэх, худалдах, төмөр замтай холбоотой асуудлаар дээрх нүүрсний гэх тодотголтой асуудлыг шалгаж байгаа. Нүүрсний хулгайн хэрэгт одоогоор 43 хэрэг мөрдөн шалгаж байна. Арван хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэмт хэргийн үйлдэл тогтоогдоогүй зарим хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон байна.
Нүүрсний хулгайн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нэлээд цаг хугацаа шаардагдаж байна. Нүүрстэй холбоотой хэрэг зарим нь олон жил үргэлжилсэн, олон холбогдогч, олон оролцогчтой байгаа. Газар болон барилга байгууламжийн хувьд багагүй гомдол ирсэн. Өнгөрсөн зун Улаанбаатар үерийн гамшиг болж иргэдээс багагүй гомдол ирсэн тулд нийслэлийн Засаг дарга болон түүний харъяа байгууллагын албан хаагчид албан тушаалаа урвуулан ашиглан байж болзошгүй хэргүүдийг мөрдөн шалгаж байгаа. Найман хэргийг мөрдөн шалгаж байна. Ногоон автобусаар хязгаарлахгүйгээр өргөн хүрээнд, автобус худалдан авах чиглэлээр шалгалт явуулж байна. Нэгд, автобус худалдан авахдаа авлига авсан эсэхийг, албан тушаалаа урвуулан ашигласныг, мөн ажил албан тушаалдаа хайнга хандсан уу гэх чиглэлээр мөрдөн шалгалт хийж байна. Мөн автобус худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан уу, автобус чанар стандартад нийцсэн үү, аж ахуйн нэгжид давуу байдал олгосон уу, 135 тэрбумын зарцуулалтыг мөн шалгаж байна. 318 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн шинэчлэх зарцуулахаар улсаас төсөвлөсөн. Ингээд нэр бүхий албан тушаалтнууд албан тушаалаа урвуулсан ашигласан, мөн чанар стандарт нийцээгүй автобус авсан, нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгосон нь одоогоор тогтоогдсон. Өнөөдрийн байдлаар 25 хүнийг яллагдагчаар татсан. БЗС-тай холбоотой мөрдөн байцаалтын хоёр, хэрэг бүртгэлийн найман хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
БЗС-гийн албан тушаалтнууд албан үүрэгтээ хайнга ханддаг, бүрдэл хангалтгүй, бусдад давуу эрх олгосон нь тогтоогдсон. БЗС-аас зээл авсан 941 хүнийг үндэслэлгүйгээр зээлээс чөлөөлсөн байна. БЗС-аас зээл авсан 377 хүн Монголдоо ирж ажиллаагүй гэх мэтийн зөрчил илэрсэн.
Англи хэлний төвшин тогтоосон оноогүй, НД төлөөгүй, тэргүүлэх чиглэлээр суралцаагүй, зээлийн барьцаа хөрөнгө тавиагүй, Монголдоо ирж огт ажиллаагүй баримт илэрсэн, ойрын үед шийдвэрлэнэ. Мөн Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нь холбогдох хууль дүрэм зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсан мөн хахууль авсан байж болзошгүй асуудлаар шалгалт явуулж байна" гэх мэдээллийг өглөө.
-Допингийн асуудалд хэчнээн хүнийг шалгаж байгаа вэ. Мөн ногоон автобусны хэрэгт холбогдсон гадаад иргэдийн сулласан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Хэн нэгэн хүнийг яллагдагчаар татсан асуудал одоогоор байхгүй. Хэрэг бүртгэл явагдаж байна. Нийтдээ есөн газар үзлэг хийсэн, тэндээс сэргээшийн төрлийн бодис илэрсэн. Түүнийг нь шинжилгээнд явуулсан, хариу ирээгүй байна. Ногоон автобустай холбоотой хоёр гадаад иргэнийг баривчилсан. Нэг нь Вьетнам дахь “Daewoo” компанийн салбарын ажилтан, нөгөөдөх нь БНСУ дахь тус компанийн ТУЗ-ийн ажилтан.
-Т.Бадамжунайн хэрэгт холбогдсон Ц.Анандбазарын хэргийн яагаад тусад нь аваад үлдсэн юм бэ?
-Авч үлдсэн юм байхгүй. Ц.Анандбазар өөр, өөр хэргүүдэд яллагдагчаар татагдсан. Тиймээс түүний хэргийг бүгдийг нь нэгтгэх үүднээс салгаж авч үлдсэн.
Холбоотой мэдээ