АНУ-ын Батлан хамгаалах яам жил бүр тогтмол гаргадаг Хятадын талаарх тайлангаа саяхан танилцуулсан. Тус тайланг Хятадын Батлан хамгаалах яам буруушаахын зэрэгцээ аюулгүй байдлын бодлого, цэргийн стратегийг нь мушгин гуйвуулж байна гэв.
"Хятад улс ирэх 10 жил цөмийн арсеналаа эрчимтэй өргөжүүлж, шинэчилнэ. Тодруулбал, одоо байгаа 500 гаруй цөмийн цэнэгт хошуугаа 2030 он гэхэд 1000 хүргэнэ. Мөн цөмийн зэвсгийн зориулалттай плутони үйлдвэрлэхийн тулд шинэ реакторууд болон дахин боловсруулах байгууламжуудыг энхийн зорилгоор ашиглана" гэж Пентагоны тайланд дурджээ.
Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ву Цянь энэ тайланг эрс эсэргүүцэж байгаагаа Лхагва гаригт мэдэгдлээ.
"Бид энэ тайланд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэхийн сацуу эрс эсэргүүцэж байна. Хятадын цэргийн аюул заналхийллийг хэтрүүлж байна. Хятадын зэвсэгт хүчний хөгжил нь дайны аюул заналхийллийг дарах, өөрийн аюулгүй байдлыг хангах, дэлхийн энх тайвныг хамгаалах зорилготой. Аль нэг улс орон, зорилтод чиглээгүй. АНУ-аас гаргасан тайлан нь Тайванийн асуудлаарх мэдэгдэл зэрэг бүх төрлийн буруу агуулгаар дүүрэн байна. Цэргийн харилцаа бол Хятад, Америкийн харилцааны чухал хэсэг. Бид АНУ-тай цэргийн дипломат аргаар илэн далангүй, үр дүнтэй харилцаж байгаа. Гэхдээ хоёр талын харилцаанд тулгарч буй бэрхшээлийг АНУ бий болгож байна.
АНУ нь Хятадын аюулгүй байдлын ашиг сонирхолд хохирол учруулах үйлдлүүдийг хийж байгаа атлаа хямралыг зохицуулж, харилцаа холбоогоо бэхжүүлмээр байна гэж олон нийтэд мэдэгдэн, төөрөлдсөн дүр эсгэдэг" гэж Ву Цянь мэдэгдэв.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ