Өршөөл, уучлал, хорих ял эдэлж буй ялтныг хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох асуудлын хүрээнд хуульч, өмгөөлөгч Б.Бат-Ерөөлттөй ярилцлаа.
-Өршөөл уучлалын талаар иргэд төдийлөн сайн ойлголтгүй байна. Өршөөл уучлал гэх ойлголт хэзээнээс бий болсон ойлголт юм бол?
-Үг зүйн хувьд грекийн эмнести англиар “amnesty” буюу “мартах” “орхих” гэсэн утгыг тус тус илэрхийлдэг. Өршөөл, уучлал нь зөвхөн Монголд биш дэлхийн бусад улс орнуудад ч гэсэн өөр өөрийн онцлогоос хамаарч хэрэгждэг нийгэм, улс төр, хууль зүйн өргөн агуулгатай ойлголт юм. Манай улсын хувьд эртний цааз эрхэмжид өршөөл, уучлалын талаарх зохицуулалт нэлээд бий. Бид бүгдийн сайн мэдэх Монголын нууц товчоонд “есөн үе ял үл хэлэлцэх”-ээс эхлэн Их засаг хууль, Халх журам, Зарлигаар тогтоосон хууль зүйлийн бичиг зэрэг эрх зүйн түүхэн эх сурвалжуудад ч мөн зохих хэмжээгээр хуульчлан энэ төрлийн харилцааг зохицуулж ирсэн байдаг. Энэ юуг харуулж байна вэ гэвэл Монгол Улс нь төрийн энэрэнгүй ёсны зарчмыг хууль тогтоомжид тусган ирсэн баялаг уламжлалтай ард түмэн гэдгийг илэрхийлэхээс гадна эд бүгдийн мөн чанар нь хүмүүнлэг, энэрэнгүй ёсонд тулгуурласан байдаг онцлогтой. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд хааныг эрдэнийн ширээнд залсныг тохиолдуулан хүрээний өтгөс хүүхдүүдэд хишиг тараах, яллагдагсдыг суллах зарлиг гарч байснаас хойш 1921 оны долдугаар сарын 5-ны өдөр ардын засаг тогтсонтой холбогдуулан ялтанг өршөөх түр засгийн газрын шийдвэр гарснаас эхлэн 1922,1923,1924,1929 онуудад улс тунхагласан болон тэмдэглэлт ойн баяруудаар ялтанд өршөөл үзүүлэх төрийн эрх барих байгууллагын шийдвэр нь зарлиг, тогтоол, хууль гэсэн хэлбэрээр өнөөг хүртэл үргэлжлэн гарч байсан уламжлал бий. Энийг яагаад дэлгэрэнгүй ярьж байна гэхээр хэдийгээр нийгмийн хөгжлийн үе шатууд дахь эдгээр өршөөл үзүүлэх хууль зүйн актууд нь тухайн цаг хугацаанд түүхэн үүргээ гүйцэтгэсэн боловч өнөө эрх баригчид Өршөөлийн хууль батлан гаргахдаа өөрийн орны нийгэм улс төр, нэн ялангуяа олон нийтийн санаа зорилго, онцлог, эрүүгийн нөхцөл байдал, уламжлал шинэчлэлийн харьцааг өмнө нь хэрхэн харгалзан үзэж байв гэдэг талаас нь суралцах нь ач холбогдолтой байх болов уу гэж судлаачийн хувиар хардаг.
-Өршөөл, уучлал нь хоорондоо ямар ялгаатай талаар тодруулж хэлж өгөөч?
-Өршөөл, уучлал нь ялгаатай төдийгүй бас нийтлэг шинжтэй. Нийтлэг шинжийг нь эхлэн дурдахад, төрийн энэрэнгүй ёсны зарчим, бодлого, үйл ажиллагааны илрэл байдаг. Мөн эдгээр нь Үндсэн хуулийн болон эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны үндсэн дээр судлагддаг судлагдахуун болдог онцлогтой. Үндсэн хуульд Өршөөл үзүүлэх нь хууль тогтоох байгууллагын бүрэн эрхэд хамаарч байдаг бол уучлал үзүүлэх нь ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарч байдаг онцлогтой. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид эрүүгийн хариуцлага, эрүүгийн ялаас чөлөөлөх үндэслэлд “өршөөл” “уучлал” үзүүлэх гэж заасан байдаг. Ялгаатай шинж нь өршөөл үзүүлэх нь хэм хэмжээ тогтоох буюу тухайлсан хуулиар зохицуулагддаг бол уучлал нь ерөнхийлөгчийн зарлиг хэлбэрээр гардаг. Өршөөлийн хуулиар өршөөл үзүүлэх үндэслэл, болзол шалгуур, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эрүүгийн ялаас ялтанг хэсэгчлэн болон бүрэн чөлөөлөх, ялаас өршөөн хасах хэлбэр, төрөл, өршөөл үзүүлэх хэмжээ хязгаарыг зохицуулдаг. Уучлал нь ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах ба ерөнхийлөгчийн зарлигаар баталсан журмаар зохицуулагддаг. Манай улсын хувьд энэ харилцааг анх 1991 оны 3 сарын 18-ний өдрийн ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Уучлал үзүүлэх болон уучлал хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх журам”-аар зохицуулж ирсэн уламжлалтай ба энэ журам 2002 оны аравдугаар сарын 16-ны өдөр шинэчлэгдэн батлагдаж өнөөг хүртэл үйлчилж байна. Өмнөх Эрүүгийн хуулиудад цаазаар авах ял шийтгүүлсэн ялтан уучлал гуйх эрхийг хуульчилж байв. Эрүүгийн хуулиар цаазаар авах ялыг ялын тогтолцоо, төрлөөс хасаж ялгүйжүүлсэн учраас гэмт хэргийн төрлийг үл харгалзан уучлал хүсэх эрх ял эдэлж байгаа ялтны хувьд нээлттэй. Үүнийг цаашид хуулиар нарийвчлан зохицуулах шаардлага байгааг үгүйсгэхгүй юм. Шаардлага юунд байна вэ гэвэл уучлал хүсч байгаа этгээдийн үйлдсэн гэмт хэргийн ангилал, нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, тухайн ялтны хувийн байдал, засрал хүмүүжил, хохирлоо төлсөн байдал зэрэг зайлшгүй харгалзан үзэх үндэслэлүүд нь хуулиар тогтоосон журмаар зохицуулагдах нь нэн чухал гэж хардаг. Өөрөөр хэлбэл, энэ байдал нь уучлалаар ямар ч гэмт хэрэг үйлдсэн этгээдийг суллах боломжтой юм байна гэсэн агуулга олон нийтийн шүүмжлэл дагуулж байна. Энэ талаар Герман болон ОХУ-н Эрүүгийн хуульд харьцуулж үзүүштэй зохицуулалт бий юм билээ.
-Саяхан хугацаанаасаа өмнө суллагдсан этгээд гэмт хэрэг дахин үйлдэж, нийгмийн бухимдал үүссэн. Сулласан нь буруутай гээд олон нийт буруутныг хайж байна?
-Шүүхээр эцэслэн шийдээгүй байгаа учраас хэргийн талаар мэдээж би энд дүгнэх боломжгүй. Гэхдээ олон нийтээс тухайн этгээдийг сулласан шүүх, шүүгчийг буруутгасан хандлага хэвлэл мэдээлэл болон нийтийн цахим сүлжээгээр явж байна. Энд шүүхийг буруутгах үндэслэлгүй юм. Учир нь шүүх санаачилгаараа сулладаггүй. Нэгдүгээрт, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох талаар Эрүүгийн хуульд заасан үндэслэл бий болсон гэж хорих байгууллагын саналыг үндэслэн ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж буй прокурор суллуулах дүгнэлтээ шүүхэд хүргүүлдэг журам бий. Хоёрдугаарт, үүнийг үндэслэн шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.12-д заасан ял эдэлсэн хугацаанд хүрсэн эсэх, ялтны засрал хүмүүжлийн талаар гаргаж өгсөн тодорхойлолт дүгнэлт ялтны хувийн байдалтай тохирч байгаа эсэх, хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзаад эдлээгүй үлдсэн ялын хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож суллах шийдвэр гаргадаг. Тэр бүрийг суллаад байдаггүй. Шаардлага хангаагүй гэж үзвэл прокурорын дүгнэлтийг хүлээн авдаггүй. Энэ бүгд бол хуулийн ойлголт мөн түүгээр тогтоосон үндэслэл журам. Энд нэг зүйлийг хэлэхэд шүүгч шүүхэд ирүүлсэн дүгнэлтийг баримттай харьцуулж хууль зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргадаг болохоос тухайн ялтан суллагдсаны дараа дахин гэмт хэрэг үйлдэх эсэх талаар сэтгэл зүйн дүгнэлт гаргах боломжгүй. Юу хэлэх гээд байна вэ гэвэл Америк болон Европын улс орнуудын практик туршлагаас харахад хугацаанаас өмнө суллах асуудлыг шүүх шийддэг. Ингэхдээ тухайн ялтны засрал хүмүүжил олсон эсэх, сэтгэл зүйн байдал нь дахин гэмт хэрэг үйлдэх төвшинд байгаа эсэх талаарх сэтгэл зүйчийн удаа дараагийн ярилцлага тестээр боловсруулсан дүгнэлтийг чухалчлан үздэг түүнийг шийдвэрийнхээ үндэслэл болгодог жишиг бий. Энэ их чухал санагддаг. Судалж үзүүштэй юм. Өнөө манай улсад хорих ял эдлүүлэх байгууллагаас тухайн ялтан ажил хөдөлмөр хийсэн үзүүлэлт, сахилгын зөрчил гаргаж байгаагүй нь засрал хүмүүжил олсон гэж “хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх” гэдэг өмнөх тогтолцооны сэтгэлгээ нь ялтныг бүрэн тодорхойлох боломжгүй нь харагдаж байна. Энэ нь энгийнээр хэлэхэд тэдний гадаад байдлыг харуулахаас дотоод сэтгэл нь засарсан уу, дахин гэмт хэрэг үйлдэх санаа зорилго хэвээр байна уу гэдгийг харуулж чадахгүйд л учир байна.
-Өршөөл, уучлал, ялтныг хугацаанаас өмнө суллах асуудал, ял шийтгэлийн бодлого үйл ажиллагааны зөв шийдэл нь ямар байж болох вэ?
-Ерөнхийдөө дээр дурдсан асуудлууд багтах байх. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд ял шийтгэлийг чангалах эсэх тал дээр олон нийтийн санал байр суурь зөрүүтэй байх шиг байна. Төрийн эрүүгийн бодлого нь эрүүжүүлэх, эрүүгүйжүүлэх, ялжуулах, ялгүйжүүлэх гэсэн бодлогоор тодорхойлогддог. Энэ бүгд шинжлэх ухааны үндэслэлтэй, нийгэм, эдийн засгийн тооцоо судалгаа, эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн прогноз, төлөв байдал, нийгмийн сэтгэл зүйн суурь ялын хэрэгжилт, үр дагавар зэрэг маш олон зүйлийн хүчин зүйлийг тодорхойлж байж цогц асуудал болдог. Эрүүгийн ялын төрөл хэмжээг ихэсгэснээр гэмт хэргийн гаралт буурдаггүй харин сөрөг нөлөөлөл нь нийгэмд ирдэг гэдгийг криминологийн шинжлэх ухаан батлаад практик нь харуулчихсан асуудал. Тэгэхээр эрүүгийн ялыг чангалах эсхүл суллахаар асуудал шийдэгдэхгүй гагцхүү ялын зорилго, үр нөлөө, хэрэгжилт нь бодит үр дүнтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй байх нь зөв болов уу. Өршөөл, уучлалын хувьд зайлшгүй байх зүйл. Гэхдээ үйлчлэх хэмжээ хязгаар, үндэслэл, журам нь мөн л нийгэм, эдийн засаг, эрүүгийн нөхцөл байдалтай нягт уялдаа холбоотой байх нь ач холбогдолтой. Эцэст нь хэлэхэд, нийгмийн зарим гишүүд, улс төрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэсэн бүлгүүдээс шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх, шийдвэр үйл ажиллагааг харлуулах нийгэмд сөрөг ойлголт төрүүлж өөрсдийн явцуу эрх ашигт нийцүүлэх гэсэн хандлага ихсэж байгаад хуульч хүний хувьд эмзэглэж байдаг. Шүүхийн шийдвэр бүх хүнд таалагдах албагүй бас хүссэнээр нь гарах учиргүй. Нийгмийн анхааралд байгаа сүүлийн үеийн хэрэг явдлуудад гагцхүү шүүх буруутай гэж өдөөгөөд байна. Шүүх хууль тогтоох байгууллагаас баталсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг л хэрэглэдэг харин хууль өөрөө нэг хэсэг хүмүүсийн ашиг сонирхол бус нийтийн хүсэл зоригийн илэрхийлэл байх учиртай. Тиймээс хуулийг нийгмийн амьдралын “хөрсөн”-д буулгасан нарийвчилсан зохицуулалтай батлан гаргах нь өнөө үеийн бодит шаардлага болоод байна.
Холбоотой мэдээ