Хамас бүлгийнхэн өчигдөр /2023.10.24/ Израиль руу пуужингийн цохилт өгчээ. Зарим ажиглагчийн үзэж буйгаар энэ нь аравдугаар сарын 7-ны анхны халдлагаас хойших хамгийн томоохон хэмжээний цохилт болсон байна. Мөргөлдөөн эхэлснээс хойш Хамас бүлэг олон мянган удаа пуужин харвасан. Израиль ч мөн адил хариу арга хэмжээ авч, Хамасын олон объектыг агаарын цохилтоор устгажээ.
Пуужингийн цохилтын төв нь Тел Авив байсан ч дуут дохио арав гаруй хотод хангинаж, пуужингийн сэрэмжлүүлгийн газрын зурагт Израилийн төв хэсэг тэр чигээрээ улаарч харагджээ.
Мягмар гаригийн агаарын довтолгооны үеэр дор хаяж таван хүн шархдав. Эдгээр нь нэг байрлалд бус, Холон, Тел Авив, Кфар Саба, Бээр Яаков, Явн гээд өөр өөр газарт байжээ.
Израилийн арми Газын зурвас руу газраар довтлоход бэлэн байгаа ч довтолгоог хойшлуулсан гэв. Энэ талаар штабын дарга, дэслэгч генерал Херзи Халеви хэлэхдээ "Израиль довтлоход бэлэн. Довтолгоог илүү боловсронгуй болгох, илүү бэлэн байхын тулд минут бүрийг ашиглах боломжийг олгодог тактикийн болон стратегийн хүчин зүйлүүд бий. Бид дараагийн нүүдэлдээ зориулж илүү их тагнуулын мэдээлэл цуглуулж байна" гэжээ.
Дашрамд дурдахад, барьцаалагдсан хүмүүсийг суллахын тулд хэлэлцээ хийх цаг гаргах зорилгоор довтолгоог хойшлуулах зөвлөгөөг АНУ-ын ерөнхийлөгч Байдены засаг захиргаа өгсөн байна. Хамас бүлэг 200 гаруй хүн барьцаалснаас дөрвийг нь сулласан. Эдгээрийн хоёр нь америк, хоёр нь израиль хүн байжээ.
Эх сурвалж: FOX NEWS
Холбоотой мэдээ