Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр болно. Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1941000320129 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2023 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагт товлон зарласан талаар бид мэдээлсэн.
Эргэн сануулахад, “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппин улсаас саатуулагдан ирсэн Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас хэд, хэдэн хэрэгт яллагдагчаар татан шалгаж, дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хэргийг нь хүргүүлсэн.
Харин нийслэлийн прокурорын газраас албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Холбоотой мэдээ