Нийслэлийн хэмжээнд 2023 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 19-22-ны өдөр зохион байгуулсан. Монгол Улсын 18-26 настай эрчүүд Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж, цэргийн алба хаадаг. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд цэргийн насны залуучууд сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байгаа төдийгүй энэ төрлийн шалтгаанаас болж цэргийн албанд явж чадахгүй мэдээллүүд ихээр гарч буй. Тиймээс бид энэ удаагийн сурвалжлагаар цэргийн сэтгэлзүй, цэрэгт татагдаж байгаа залуусын онцлог, тэдэнтэй ажиллах сэтгэл зүйчдийг бэлтгэх зэрэг сэдвийг онцоллоо.
Хэдхэн хоногийн өмнө цэрэг татлагын үзлэгийн байруудын гадна “… цэрэг татлагын товчоо” гэх бичигтэй зарын самбар өлгөж, цэрэг эрс, эх орны тухай дуунууд чанга яригчаар эгшиглэж, цэргийн үзлэгтээ орохоор оюутан залуус дараалан зогсч байсан. Гэвч тэднээс сэтгэцийн эрүүл мэндийн хувьд асуудалтай болон бусад эрүүл мэндийн шалтгаанаар цөөнгүй хүмүүс үүрэгт албанд тэнцээгүй.
Цэргийн үзлэгт хамрагдаж буй эрчүүд өндөр, жин, сонсгол, чих, хамар, хоолой, нүд, мэдрэл, дотор, бөөр, эхоны нарийн мэргэжлийн үзлэгт орохоос гадна цагаан хорхой, цусны ерөнхий шинжилгээ өгдөг. Нэг хүн эмчийн үзлэгт 1-2 цаг зарцуулдаг бөгөөд асуудал гарсан тохиолдолд үүрэгт албанд татахаас татгалздаг зохицуулалттай. Эдгээрээс хамгийн чухал нь мэдрэл. Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг зөвхөн цэргийн насныхны хувьд биш нийгмээрээ анхаарах сэдэв болсон. Төрж өссөн гэр бүл, хүмүүжсэн нийгмийн анги бүлгээс шалтгаалж өөр, өөр ёс зүй, төлөвшилтэй залуус цэрэгт татагдаж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэдэг. Энэхүү зүтгэлийн ард цэргийн албанд үүрэг гүйцэтгэж буй бүхий л хүмүүс оролцоотой. Тэр дундаа сэтгэлзүйчид.
Цэргийн насны залуусын 30 гаруй хувь нь өвчний шалтгаанаар цэргийн албанаас хасагддаг гэх албан бус статистик бий. 2019-2021 онд цэрэгт тэнцээгүй залуусын дунд чих, хамар, хоолойн өвчин зонхилж байсан. Тодруулбал, нарийн мэргэжлийн найман төрлийн шинжилгээнд хамрагдсан залуусын дунд чих, хамар, хоолойн өвчлөл тэргүүлж байсан. Харин сүүлийн хоёр жилд өмнө нь бага хувийг эзэлдэг байсан сэтгэцийн өвчлөл мөн тодорхой хувиар өссөн байна. Энэ бүхэн нийгмийн сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн боловсролд анхаарах цаг болсныг илтгэж байгаа юм.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНААР ЦЭРЭГТ ТЭНЦЭЭГҮЙ ЗАЛУУСЫГ БОГИНО, ДУНД, УРТ ХУГАЦААНЫХ ГЭЖ АНГИЛДАГ
Эрүүл мэндийн шалтгаанаар жил бүрийн цэрэгт тэнцээгүй залуусын тоо харилцан адилгүй. Дунджаар авч үзвэл цэрэг татлагад хамрагдсан нийт залуусын 9-10 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцдэггүй байна. Эрүүл мэндэд тэнцэхгүй байгаа залуучуудыг үндсэндээ богино хугацааны, дунд хугацааны, урт хугацааны гэж ангилдаг бөгөөд богино хугацааны эрүүл мэндийн шалтгаанаас болж тэнцээгүй залуусыг дараагийн цэрэг татлага хүртэл тухай өвчнийг нь эмчлэх тал дээр нь анхаарч, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулдаг аж.
Тухайлбал, нүдний хараа нь тэнцээгүй бол харааны шил тааруулах, бэлгийн замын халдварт өвчтэй байсан тохиолдол тодорхой хугацаанд эмчлэх, сонсгол хатуурсан бол түүнийг нь дараагийн цэрэг татлага болох хүртэл эрүүл мэндийн байгууллага хяналтдаа авч, аль болох хувь хүнээс эмчлүүлэхийг шахаж эрүүлжүүлдэг. Харин сэтгэцийн асуудалтай тохиолдолд сэтгэл зүйчтэй болох, харьяа дүүрэг, орон нутгийн мэдрэлийн эмчийн хяналтад шилжүүлэх арга хэмжээ авдаг байна.
Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас өгч байгаа мэдээллээр, цэргийн насныхны өвчлөлийн хувьд авч үзвэл сэтгэцийн өвчлөл бага хувийг эзэлдэг ч цар тахлаас хойш тухайн өвчний тохиолдол, хувь өссөн гэсэн юм. Сэтгэл засалчдын зүгээс, залууст цар тахлын үеэр донтолт, түгшилт, гутрал зэрэг сэтгэцийн завсрын эмгэгүүд хүрээ тэлсэн байна. Нэг талаар Covid-19 далда байсан нийгмийн зайлшгүй анхаарах сэдвийг ил болгосон давуу талтай. Гэхдээ урьдчилсан үзлэгээр сэтгэцийн эмгэгийг шууд тогтоох боломжгүйг мөн хэлж байгаа юм. Тэгэхээр мэргэжлийн сэтгэлзүйчдийн хүний нөөцийн хэрэгцээ цэргийн анги бүрд их байна.
СЭТГЭЛЗҮЙН ХУВЬД ЭРҮҮЛ, ТОГТВОРТОЙ БАЙХЫГ ӨНДӨР ШААРДДАГ САЛБАР БОЛ ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГА
Хилчдийн сэтгэл судлалын секторын дарга, Дэд хурандаа Б.ЦЭДЭНДОРЖ:
-Зөвхөн цэргийн төдийгүй Монголын нийгэмд хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийн тухай асуудлыг бүх түвшинд онцлон авч үзэж байна. Сэтгэлзүйн хувьд эрүүл, тогтвортой байх, албан үүрэг гүйцэтгэхэд хэзээ ч ямар ч тохиолдолд бэлэн байх асуудлыг өндрөөр шаарддаг салбарын бол цэргийн байгууллага. Энэ салбарт ажиллаж байгаа алба хаагчдын сэтгэлзүйн бэлтгэлжилт болоод алба хаагчдын суурь судалгааны асуудлуудыг сайжруулах хэрэгцээ шаардлага их байгаа.
2016-2020 оны хувьд тоон үзүүлэлтийг харвал хилийн цэрэгт 20 залуу сэтгэцийн эрүүл мэндээр тэнцээгүй буцсан байдаг. 2021 оны хувьд энэ тоо 40 болж, өнгөрсөн 2022 онд 60 болж нугарч өсч байх жишээтэй.
Таван жилд 20 цэрэг л сэтгэлзүйн өвчнөөс болж тэнцдэггүй байсан бол ганцхан жилийн дотор энэ тоо хэд дахин өссөн үзүүлэлттэй байна. Ингэснээр сэтгэлзүйчийн хяналтад алба хаах цэргийн тоо 2-3 дахин өсч байгаа юм. Энэ нь залуусын хүмүүжил, төлөвшлийн орчноос гадна нийгмийн сэтгэлзүйн уур амьсгалын нөлөөлөл их байгааг илтгэж байна. Цэргийн алба дүрмээр зохицуулагддаг өвөрмөц харилцаатай. Алба хаах, амьдрах орчин маш өвөрмөц. Тиймээс нэг номерын шалгуур бол сэтгэлзүй.
Жил ирэх бүрд залуусын сэтгэлзүйн байдал өөр болж байна. Хуучны цэргүүдийг одоогийн залуустай харьцуулах боломжгүй гэсэн үг.
Тиймээс одоогийн залуусын онцлогт тохируулж цэргийн байгууллагад ажиллаж буй сэтгэлзүйчид хөрвөх чадвартай байх шаардлага үүсээд байна.
ЗАЛУУСЫН СЭТГЭЛЗҮЙГ СУДАЛЖ, АЖИЛЛАХ ТАКТИКИЙГ БОЛОВСРУУЛЖ, ХҮНИЙ НӨӨЦИЙГ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ
Жил ирэх бүрд нийгэм, цаг үеэ дагаад сэтгэцийн эрүүл мэндийн өвчлөл тодорхой хувиар өсч буй. Энэ үед хамгийн шаардлагатай нөөц бол мэргэжилтнүүд буюу хүний нөөц. Чадварлаг сэтгэлзүйч, судлаачдын тоо нэмэгдсэнээр түүнийг дагаад эерэг үзүүлэлт өснө. Өөрөөр хэлбэл залуусын сэтгэлзүйг судалж, тэдэнтэй ажиллах тактикыг боловсруулж, зөвлөмж, аргачлалыг гаргана. Цэргийн албанд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид стресс, бухимдлаас үүдсэн сэтгэлзүйн асуудал үүслээ гэхэд мэргэжлийн хүний нөөц хангалттай байснаар даван туулах боломжтой. Цэргийн ангиудын тухайд өмнө нь нэг сэтгэлзүйчид 100-150 цэрэг ногддог байсан бол одоо энэ тоо гурав дахин буурсан байна.
Статистикийг ярихаас илүүтэй цэргийн насныхны сэтгэлзүйн боловсрол, сэтгэцийн эрүүл мэндэд шат шатандаа анхаарах шаардлага үүсч байна.
Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэргийн сэдэл төрүүлэх мэдээг детальчилж хүргэж байгаа нь ч энэ төрлийн өвчнийг нэмэх үндэс болж байгааг сэтгэлзүйчид онцолж байгаа юм. Албаа үлгэр жишээ хааж буй олон мянган залуус, тэднийг сурган хүмүүжүүлэхийн төлөө ажиллаж байгаа офицер, ахлагчуудын хувьд энэ сэдэв чухал. Тиймээс аливаа сөрөг мэдээллийг нийгэмд түгээхээс илүүтэй хүүхдийг багаас нь төлөвшүүлэх, сэтгэлзүйн хувьд асуудалтай байгаа тохиолдолд мэргэжлийн эмч, сэтгэлзүйчид хандах ёстойг зөвлөж, ойлгуулах шаардлага үүсч байна. Онцгой салбарт тооцогддог цэргийн байгууллагынхан энэ сэдвийг анхаарч, алба хаагчид, ажилчдынхаа сэтгэл зүйн боловсролд жилээс жилд илүү анхаарал тавихыг хичээж байгаа нь сайшаалтай. Гэхдээ зөвхөн салбарын хэмжээнд биш нийгмийн хэмжээнд залуусын сэтгэлзүйг анхаарах шаардлага үүсээд байна.
Гэрэл зургийг О.БОЛОРСУВД
Холбоотой мэдээ