Үндэсний төв номын сангийн шинэ барилгын ажил 10 дахь жилтэйгээ золгож байна. Тэгвэл шинэ номын сангийн барилгыг ирэх арванхоёрдугаар сард улсын байнгын ашиглалтад хүлээж авна гэдгийг Соёлын дэд сайд М.Батбаяр өчигдөр /2023.10.24/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хурал дээр хэллээ. Тэрбээр "Бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Энэ оны арванхоёрдугаар сард Үндэсний номын сан нүүх, шилжих боломжтой болно. Өнгөрсөн 2022 онд барилгын ажил хагас жилийн хугацаанд доголдсон. Шалтгаан нь үндсэн барилгын гүйцэтгэгч харамсалтайгаар нас барсан.
Одоо шинэ гүйцэтгэгч компани ажиллаж, эрчимтэй барилга угсралтын ажил үргэлжилж байна.
Нийт 14 багц тоног төхөөрөмжийн тендер зарлагдаж, 1-12 дугаар багцыг нийлүүлж, суурилуулж байна. Сүүлийн хоёр багц нь барилгад тавилга нийлүүлэхтэй холбоотой. Одоо худалдан авалтын ажиллагааг зохион байгуулна" гэв.
Анх 2008 оноос эхлэн шинэ байрны асуудал яригдаж, 2014 оноос барилгын ажил эхэлжээ. Гэвч төсөв, санхүүгийн улмаас барилгын ажил удааширч, 2017 оноос ажил нь эхэлсэн байдаг. Шинэ номын сангийн барилгын гүйцэтгэгчээр “Акмихолдинг” компани ажиллаж байв. Гэвч гүйцэтгэгч байгууллагын эзэмшигч нас барж, барилгын ажлыг гүйцэтгэх чадамжгүй болсон байна. Тиймээс шинэ гүйцэтгэгч оруулахаас өөр аргагүй болж, шинэ гүйцэтгэгч компани ажиллаж байгаа талаар Соёлын яамнаас мэдээлсэн.
ХУУЧИН НОМЫН САНГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА
Хуучин номын сангийн төв байраа Монгол судлалын номын сан, гар бичмэл ном судрыг сэргээн засварлах, дижиталчлах төв хэвээр үлдээх аж. Энэ хуучин байрыг 1951 онд 500 мянган номын даацтайгаар тооцоолж, ашиглалтад оруулж байсан бол гурван сая орчим номтой болж өргөжин, даац хэтэрчээ. Мөн ашиглалтад орсноос хойш нэг ч удаа засвар, өргөтгөл шинэчлэлийн ажил хийгээгүй бөгөөд МХЕГ-ын дөрвөн удаагийн шалгалтаар 2020 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан юм.
Тиймээс 2022 онд хуучин номын сангийн барилгыг хүчитгэл хийх засварын зураг төслийг баталжээ.
Үндэсний номын сангийн сан хөмрөг хоёр хуваагдах гэнэ. Тодруулбал, шинэ барилгадаа уншигчдад зориулсан ном бүтээлээр олон нийтэд үйлчлэх бол хуучин номын сан нь судалгаа шинжилгээний тал руугаа түлхүү ажиллах гэнэ.
Холбоотой мэдээ