2024 оны төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

2024 оны төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

2024 оны төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн /2023.10.24/ хуралдаан 11 цаг 35 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Засгийн газраас  2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан юм.

Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг хязгаарлаж иргэдийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн бодлого, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Засгийн газраас авч  хэрэгжүүлсэн арга хэмжээний  үр дүнд улсын эдийн засаг сайжирч, улмаар урт хугацааны хөгжлийн эхний арван жилийн зорилт болох "Шинэ сэргэлтийн бодлого"-оо хэрэгжүүлэх боломж бүрдээд байна. Тиймээс "Шинэ сэргэлтийн бодлого"-ын гол зорилтын нэг болох “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд чиглэсэн төсөв, санхүүгийн  багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр 2024 оны төсвийн төсөлд тусгасан. Тухайлбал, төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлж тэдэнд орон нутгийн нэмэгдэл олгох, орон нутагт ажилласан төрийн албан хаагч  шатлан дэвших тохиолдолд хуульд заасан тусгай шаардлагын хугацааг бууруулах зэрэг хөдөөгийн сэргэлтийг бодлогоор дэмжихэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна гэж байлаа.

Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих дээрх багц, арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрч, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 27.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.8 хувь болж, төсвийн тусгай шаардлага хангагдаж байгаа гэв.

Энэ талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн гэж дүгнэснийг тодотгоод Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасны дагуу улсын хөгжлийн бодлоготой нийцэж байна. Засгийн газрын өрийн үлдэгдэл дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх харьцаа 2024 онд 40.7 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-д заасан төсөв, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцаанд байна гэж байлаа.

Мөн Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25 их наяд, 289.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 34.2 хувь, нийт зарлага 27 их наяд буюу 360.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.0 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд 70.8 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -2.8 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, 19 дүгээр зүйлийн 19.9-т… 2024 онд 2.8 хувиас тус тус хэтрүүлэхгүй байх, төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувь, тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх, Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн төсвийн тусгай шаардлагуудыг хангасан байна гэж байлаа.

Түүнчлэн төсвийн ерөнхийлөн захирагчийн зардлын дүн 2023 оны тодотгосон төсвөөс 14.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 52.0 тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн нь Засгийн газраас 2024 онд нийт албан хаагчдын үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлсэнтэй холбоотой. Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн тайлангаар төрийн албан хаагчдын тоо жилд дундаж 3.0 хувь, хүн амын тоотой харьцуулахад 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт цомхон төрийн албатай байх зорилт бүрэн хангагдахгүй байна. Улсын төсвийн төсөлд 17 төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын орон тоог 2024 онд нийт 2387 орон тоог нэмэгдүүлэхээр тусгаж, түүнтэй холбоотой нийт 113.4 тэрбум төгрөгийн цалин хөлсний зардлыг санхүүжүүлэхээр тусгасан байна. Иймд цомхон, мэргэшсэн төрийн албатай байх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад анхаарч, энэ чиглэлээр хяналт, шинжилгээ, удирдлагаар хангаж ажиллах шаардлагатай байна гэж танилцуулгад дурджээ.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.7-д заасны дагуу Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтэд, Төсвийн төсөлд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ, татварын орлого зэргийг өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн гүйцэтгэлд эрсдэл үүсвэл, төсөвт тодотгол хийх нөхцөлд хүргэж болзошгүй байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн төслийг боловсруулахдаа хөтөлбөр бүрийн өртгийг тооцоогүй, арга хэмжээний хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг тоон болон чанарын утгаар хэмжигдэхүйцээр бодитой тодорхойлоогүйгээс төсвийн зорилго хангагдах эсэхийг үнэлэх боломжгүй байна. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлэх, эдийн засаг, нийгмийн ач холбогдол, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулан эдийн засгийн бодит үр өгөөжийн тооцоо, судалгаа хийх аргачлалыг боловсруулан баталж Өрийн удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.11 дэх заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.  Гадаад өрийн төсөвт үзүүлэх ачааллыг бууруулах зорилгоор дотоод үнэт цаас гарган төсвийн алдагдлын тодорхой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төсвийн төслийг боловсруулсан боловч түүний үр ашгийг нарийвчлан тооцоолоогүй байна.Төсвийн төсөлд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээний барилга байгууламжийн ангилалд магадлал хийгдэж байгаа 21, нэг маягаар болон жишиг магадлалтай 153 төсөл, арга хэмжээг тус тус тусгасан байна. Барилга байгууламжид зураг төсөл, магадлал хийх, худалдан авах ажиллагаа зохион байгуулах, гэрээ байгуулах, захиалагчийн хяналт болон гэрээний хэрэгжилтийг хангуулах, улсын комисс барилга байгууламжийг хүлээн авах зэрэг төсвийн хөрөнгө оруулалтын үйл явцад тавих дотоод хяналтын тогтолцоог сайжруулан субьектив сөрөг нөлөөллийг бууруулах эрх зүйн тодорхой нарийвчилсан зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна гэж танилцуулгад дурдсан байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа, Б.Баярсайхан, Б.Баттөмөр нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон юм.

Дараа нь Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгээс олонхын санал авсан нэр дэвшигчийг Байнгын хороонд санал болгож, томилуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2 дахь хэсэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалт, Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооноос баталсан Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын 11 дүгээр зүйлийн 18.1-д заасны дагуу Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд олонхын санал авсан нэр дэвшигчийн талаарх ажлын хэсгийн танилцуулга, нэр дэвшичдийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, танилцууллаа.

Тэрбээр  танилцуулгадаа, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 6 дугаар тогтоолоор Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ахлах зөвлөх Х.Энэбиш, ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ц.Адьяахишиг, ЗГХЭГ-ын Хүний нөөцийн удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Сувдмаа, Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Энхболд, Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс нарын 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсныг дурдаад 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Байнгын хорооны 5 дугаар тогтоолоор сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн оронд УИХ-ын гишүүн Б.Бейсенийг оруулсан. Ажлын хэсэг нийтдээ 4 удаа хуралдсан гэв.

Мөн Байнгын хорооны 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журам, 2 дугаар хавсралтаар нэр дэвших тухай хүсэлт гаргах журам, 3 дугаар хавсралтаар ажлын хэсгийн гишүүний баталгаа гэсэн баримтуудыг баталж, үүний дагуу ажлын хэсгийн гишүүдээс зохих баталгааг гаргуулж авсан гэж байлаа.

Сонгон шалгаруулах тухай зарыг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Өдрийн сонин”, МҮОНРТ-ийн мэдээллийн хөтөлбөр, УИХ, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсууд болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд, сошиал сүлжээ ашиглан нийтэд мэдээлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 20-29-ний өдрийн 17 цаг 30 минут хүртэл 10 хоногийн хугацаанд нэр дэвших сонирхолтой иргэдийн хүсэлтийг цахимаар болон бичгээр хүлээн авсан. Сонгон шалгаруулах журмын 7.2-т заасны дагуу нэр бүхий 7 хүн нэр дэвших тухай хүсэлтээ явуулж холбогдох материалаа ирүүлсэн гэдгийг Ажлын хэсгийн ахлагч онцлон тэмдэглэв.

Мөн нэр дэвшигчдийн ирүүлсэн хүсэлт, холбогдох материалыг ажлын хэсэг 10 дугаар сарын 04-05-ны өдрийн хуралдаанаараа сонгон шалгаруулалтад нэр дэвшигчээр бүртгэх, эсэх асуудлыг хэлэлцсэн. Хүсэлт, материалаа ирүүлсэн 7 хүнээс журамд заасан материалын бүрдэл дутуу нэг нэр дэвшигчийг бүртгэх, эсэх асуудлыг тусгайлан хэлэлцэж, санал хураалт явуулаад ажлын хэсгийн олонхын саналаар бүртгэхээс татгалзсан. Журамд заасны дагуу бүртгэсэн нэр дэвшигчийн талаар нэмэгдэл мэдээ цуглуулах, баримт судлах ажиллагааг хийсэн. Авлигатай тэмцэх газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас материалууд авсны зэрэгцээ нэр дэвшигчдээс тодруулга, лавлагаа, нэмэлт мэдээллүүд гаргуулж авсан. Журмын дагуу ажлын хэсгийн гишүүд 2023 оны 10  дугаар сарын 18-ны өдөр Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд нэрээ дэвшүүлсэн Шаарийн Батсүх, Чогдонгийн Эрдэнэчимэг, Хорчингийн Ган-Очир, Дуламсүрэнгийн Оюунбилиг, Минжүүрийн Цэрэнбат, Ганбатын Мягмар нартай Төрийн ордны “Их засаг” танхимд ганцаарчилсан ярилцлага зохион байгуулсан. 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажлын хэсэг хуралдаж, нэр бүхий хүмүүсийг холбогдох журмын болзол хангасан гэж үзэж тэдгээрийг санал хураалтад оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн гэдгийг Н.Энхбоо гишүүн танилцуулгадаа дурдсан.

Түүнчлэн Ажлын хэсгийн гишүүн Ц.Адьяахишиг, Т.Сувдмаа нараас нэр дэвшигч Х.Ган-Очир, Д.Оюунбилэгийг Сонгон шалгаруулалт журмын 2.1.3-д заасан боловсрол, хүмүүнлэг, нийгмийн болон зан үйлийн шинжлэх ухаан, менежмент ба удирдахуй, эрх зүйн мэргэжлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх шаардлагыг хангаагүй байна хэмээн санал гаргасан. Үүнийг ажлын хэсэг нягталж үзээд Х.Ган-Очир, Д.Оюунбилэг нарыг дараагийн шатны нууц санал хураалтад олонхын саналаар  оруулахгүй байхаар шийдвэрлэсэн гэж байлаа.

Мөн ажлын хэсгээс тооллогын комисс байгуулж, нууцлал бүхий саналын хуудсыг баталсан. Энэхүү саналын хуудасны дагуу нууцаар санал хураалт явуулахад, санал хураалтад оролцсон ажлын хэсгийн есөн гишүүнээс олонхын санал авч дэмжигдсэн Ш.Батсүх, Ч.Эрдэнэчимэг, М.Цэрэнбат нарыг хэлэлцүүлж, асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье гэж байлаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд нэр дэвшигчдэд хандан төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын асуудалд монгол төрийн өмнөөс нэн хариуцлагатай ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашид Монгол төрийн нэр хүндийг өндөрт өргөн авч явах, ёс зүйтэй төрийн албан хаагчийг бий болгох, иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээж, хариуцлагатай ажиллахыг хүсэж байлаа.

Ингээд Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчдийг дэмжих, эсэх санал хураалтыг хүн нэг бүрээр явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн юм. Уг тогтоолд Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд Ш.Батсүх, Ч.Эрдэнэчимэг, М.Цэрэнбат нарыг томилохоор тусгасан байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-24 213.87.154.122

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж