Путины байгуулах шинэ эзэнт гүрэн

Хуучирсан мэдээ: 2023.10.25-нд нийтлэгдсэн

Путины байгуулах шинэ эзэнт гүрэн

Путины байгуулах шинэ эзэнт гүрэн

"Дор хаяж 1400 хүний аминд хүрсэн Хамасын халдлага бол Кремлийн зүгээс өдөөж буй томоохон мөргөлдөөний нэг хэсэг" гэж Израилийн ерөнхий сайдын орлогч асан Натан Шаранский хэлжээ. "Хамасын жинхэнэ холбоотон Путин томоохон мөргөлдөөний чиг шугамыг тодорхойлж байна. Үүний нэг талд нь Хамас, Иран, Орос, Хятад байгаа бол нөгөө талд нь Израиль, Украин, АНУ болон бусад улс бий. Путин барууныхны эсрэг шинэ чөтгөрийн эзэнт гүрэн байгуулах гэж байна" гэв.

Натан Шаранский нь цагаачилж, Израилийн улс төрд орж ирэхээсээ өмнө ЗХУ-ын шоронд хоригдож байсан.

Украин, Израиль, Оросын Кремль судлаачдын үзэж буйгаар Путин Украин дахь дайнаас дэлхий нийтийн анхаарлыг холдуулах зорилгоор илүү аюултай тоглоомоор тоглох нь ихэсчээ. Тухайлбал, Украинская Правда сонины ерөнхий редактор Севгил Мусаева хэлэхдээ "Хамасын сайтар бэлтгэгдсэн энэ ажиллагаанд Путин чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй Киев санал нэг байна. Кремль энэ халдлагын талаар мэдэж байсан гэдгийг Украины батлан хамгаалахын тагнуулын дарга тодорхой болгосон. ОХУ биднийг зүүн болон өмнөд фронтод үргэлжлүүлэн бөмбөгдсөөр байна. Гэтэл Украины асуудал тэргүүн эгнээнээс мултраад эхэллээ.

ОХУ-ын арми Гроза тосгон дахь оршуулгын газрыг бөмбөгдөж, хүн үлдээлгүй алж хядаж байхад хүртэл хэвлэл мэдээлэл Путины гарын доор зохион байгуулагдсан нь ойлгомжтой Израиль, Хамасын мөргөлдөөнд л төвлөрч байна" гэлээ.

Путин энэ долоо хоногт Хятадад айлчилж Ши Жиньпин даргатай уулзан, "Том Евразийн нэгдэл" гэх мөрөөдлөө сурталчилсан. Энэ нь авторитар удирдагчдаар тэргүүлүүлсэн улс орнууд нэгдэж, барууныхны эсрэг цэрэг, эдийн засаг, үзэл суртлын бүлэг байгуулах мөрөдөөл юм. Кремлийг дэмжигч хэвлэлүүд Путин, Ши Жиньпин нарын уулзалтыг онцлон тэмдэглэж, бахархжээ. "Барууныхан сандарч байна", "Путин, Ши нарын уулзалт Украины холбоотнуудыг түгшээж байна" гэх зэргээр хэвлэлд мэдээлсэн.

Оросын хууль тогтоогч асан, КГБ-ын ажилтан Геннадий Гудков хэвлэлд ярилцлага өгөхдөө "Вашингтон үүнд анхаарлаа хандуулах ёстой. Путин сонгуулийн өмнө АНУ-аас илүү гарахын тулд Ойрхи Дорнод, Хойд Солонгос, Африкт дарангуйлагчдын холбоог яаралтай байгуулахыг зорьж байна. Тэр КГБ болон тагнуулынхны хуучин тактик ашиглан, анхаарлыг Украин гэх гол театраас холдуулж байна. Өнгөрсөн долоо хоногт би Африкийн ардчилсан сөрөг хүчнийхэнтэй уулзсан. Вагнер бүлэг өмнө нь Мали, Нигер, Төв Африкт цэргийн болон цэргийн бус төрийн эргэлт хийж байсан. Одоо Путин Африкийн олон улсыг дахин бужигнуулахаар төлөвлөж байна. Тэр Ливан дахь алан хядагчдыг дэмжиж байгаа.

Хамас бүлгийнхнийг энэ халдлагаас өмнө Оросын тагнуулынхан сургаж байсан гэж бид сэжиглэж байна" гэжээ. 

Путин Зөвлөлтийн үеийн цэргийн тагнуулынхны ашигладаг байсан эртний стратегийг ашигладаг. АНУ-ын дэмжлэгтэй бүс нутагт хүчирхийлэл, эмгэнэлт явдал хэр их байна, Москвад төдий чинээ ашигтай. Зөвлөлтийн тагнуулын алба 1970-аад оны дундуур Ангол дахь "MPLA" хөдөлгөөнийг цэргийн сургалт, зэвсгээр хангаж байв. Энэ нь АНУ-ын түнш Португалийн эсрэг тэмцлийг дэмжих зорилготой байсан. Өөр зургаан ч оронд иймэрхүү зүйл хийсэн гэж тагнуулынхны төлөөлөл сайрхаж байсан удаатай. Путин 2016 онд Монтенегрод төрийн эргэлт хийхээр тагнуулчдыг илгээж, Талибантай нөхөрлөж, Сири болон Африкт бааз байгуулсан. Үндсэндээ хуучин стратегийг л хуулбарлаж байна" гэж “Мемориал” хүний ​​эрхийн байгууллагын дарга Александр Черкасов хэллээ. 

Барууныхан Украины дайнаас залхах тусам Оросын суртал ухуулагчид болон Кремлийг дэмжигчид баяртай байна. Кремлийг дэмжигч шинжээч Марат Баширов хэлэхдээ "Украин танд хангалттай биш байна уу? Энд танд Израиль байна. Израиль хангалтгүй байна уу? Энд уртаас урт жагсаалт бас байна" гэжээ. 

Украины тагнуулын агентлаг аравдугаар сарын 9-нд Москвагаас бэлтгэж буй өдөөн хатгалгыг дэлхий дахинд анхааруулсан. "Путины дараагийн төлөвлөгөө бол террористуудад барууны зэвсгийг худалдсан гэж Украины армийг гүтгэх" гэж тус агентлаг мэдэгдэв. Таамаглаж байсанчлан Оросын томоохон хэвлэлүүдээр Украин улс Хамас бүлэглэлийг зэвсэглэж байна гэх мэдээлэл нийтлэгджээ. 

Энэ талаар Натан Шаранский мөн үзэл бодлоо илэрхийлсэн. "Би Путиныг Израильтай найрсаг байна гэж итгэж явсан удаатай. Гэхдээ түүний бүх амлалт худал болж хувирсан. Путин еврей нийгэмлэгтэй сайн харилцаа тогтоохыг хүссэн ч Сири, Иран бол барууныхныг дарамтлах хөзөр юм. Сири, Иран, Израилийн аль нэгийг сонгох мөч ирэхэд тэр эргэлзэлгүйгээр Сирийг зэвсэглэнэ гэдгийг би мэдэж байсан. Одоо Оросын гол холбоотон бол Иран. Хамасын халдлагын дараа Путин Израилийн ерөнхий сайдтай шууд утсаар яриагүй. Тэр Ойрхи Дорнод дахь холбоотнуудтайгаа ярилцсаныхаа дараа Беньямин Нетаньяхутай ярьсан. Путин Хамастай нягт холбоотой байгаа нь нэгэнт тодорхой байсан" гэж тэр хэлжээ. 

Эх сурвалж: DAILY BEAST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
8
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж