Эрх баригч нам олон нийтээс дэмжлэг авч чадсан асуудлыг УИХ-ын түвшинд ярьж, иргэн та УИХ-ын 77 дахь гишүүн болж, хууль санаачлахад оролцоно хэмээн рекламдсан ажил нь эхнээсээ дэмжлэг авч чадахгүйд хүрч байна. Тодруулбал, D-Өргөдөл / petition.parliament.mn / цахим систем нээж, иргэдийн өгсөн санал 33 мянга хүрвэл тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70 мянга хүрвэл Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянган иргэний дэмжлэг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэх боломж бүрдэх эрх зүйн орчныг бий болгосон. Тиймээс эхний удаад НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгох санал явуулж, 100 гаруй мянган иргэний санал аваад буй.
Журмын дагуу 100 мянга давсан бол энэ асуудлыг УИХ-аар авч хэлэлцэж, холбогдох байнгын хороо нь 14 хоногийн дотор шийдвэрээ гаргах учиртай. Гэвч энэ саналыг нь Засгийн газар, Сангийн сайд нь эрс эсэргүүцэж, эрх баригчдын иргэдийн саналыг авах ажил улс төрийн хайчинд ороод байна. Түүгээр зогсохгүй МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн цаашид иргэдээс санал авахдаа зарим асуудлыг хориглох, бүхий л асуудлаар санал авах нь эрсдэлтэй юм байна гэж мэдэгдэв.
Өөрөөр хэлбэл, иргэдийн шийдвэр гаргах түвшинд, хууль санаачлах эрхийг нэг талаар нээж байгаа боловч нөгөө талдаа эцсийн шийдвэрийг УИХ өөрсдөө гаргана. Ингэхдээ олон нийтэд таалагдсан ч өөрсдөд нь таалагдахгүй асуудлыг бол УИХ-аар хэлэлцэх, явуулахгүй гэсэн агуулгатай дүрэм журамтай ажлыг анхнаас нь эхлүүлсэн. Тиймээс ч өнөөдөр УИХ-ын дарга нь ямар ч тооцоо судалгаа, үндэслэлгүй төсвийн зарлага нэмэх санал оруулж ирж, түүнийг нь Сангийн сайд, Засгийн газар, УИХ-ын гишүүд нь эсэргүүцээд сууж байх жишээтэй. Тиймээс иргэдийн саналыг авахдаа тэд өөрсдөдөө “хэрэгтэй эсвэл ашигтай” зүйлсээр нь санал авч, УИХ-ын босго давуулж байна гэдгээ битүүхэн хэлчихлээ. НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох эсэхийг одоо УИХ, байнгын хороо шийднэ. 2024 оны төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед 100 гаруй мянган иргэдийн санал биелэлээ олно гэдэг юу л бол. Эцэст нь, УИХ-ын дарга Г.Занданшатарын “шоу” болоод л дуусах вий.
Ш.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ