Тогтвортой хөгжилд түүчээлж, ногоон ирээдүйг бүтээхийн төлөө ХААН Банк эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн билээ. Энэ хүрээнд “Төгс ургац” ХХК-ийн бүтээн байгуулж буй, Монголын хамгийн том нарийн ногооны бүрэн автомат өвлийн хүлэмжийн төслийг ХААН Банкны ногоон зээлээр 12 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн бөгөөд тус хүлэмжийн нээлт 2023 оны 10-р сарын 20-ны өдөр боллоо. 2016 оноос эхлэн хүн амын хүнсний нарийн ногооны хэрэгцээг ханган ажиллаж буй тус компани энэхүү төслөөрөө нарийн ногооны хүлэмжээ 2 га талбайгаар өргөтгөх, бүрэн автоматжуулах, 100 орчим ажлын байр шинээр бий болгох зорилт тавин, ийнхүү амжилттай хэрэгжүүлээд буй.
“Бид энэхүү төслийг хөрөнгө оруулж дэмжсэнээрээ Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндэд анхаарч, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна. Нөгөөтэйгүүр Монгол Улсын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, ногоон барилга байгууламж, хүрээлэн буй орчинд ээлтэй хөдөө аж ахуйн төсөл зэрэг ногоон зээл, ногоон эдийн засгийг дэмжих, энэ чиглэлийн санхүүжилт олгоход онцгойлон анхаарч ажиллаж байна” хэмээн ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа онцоллоо.
“Монголчууд урд хөршөөс импортоор оруулж ирсэн нарийн ногоонууд хүнсэндээ хэрэглэдэг нь хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг гэж мэргэжлийн байгууллагууд үздэг. Иймд бид өвлийн хүлэмжийн аж ахуйг байгуулахаар шийдэж, өргөст хэмх, улаан лооль, салатны навч зэрэг хүнсний ногооны тариалалтыг 100 хувь импортыг орлох хэмжээнд хүртэл нь өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна” хэмээн “Төгс ургац” ХХК-ийн Төслийн удирдагч Л.Эрдэнэчимэг ярилаа.
Нийт 18,560 м.кв талбай бүхий халаалт, усалгааны систем, агаарын чийгшлийн тохируулгатай, Голланд загварын бүрэн автомат өвлийн хүлэмжийг ашиглалтад орсуулснаар жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулаад зогсохгүй өдөрт 8-10 тн өргөст хэмх хураан авах боломж бүрдэж буй. Мөн Монгол Улсын өргөст хэмхний дотоодын хэрэгцээний 50 хувийг өвлийн улиралд дангаар хангах хүчин чадалтай аж. Үүнээс гадна ижил төрлийн өвлийн хүлэмжүүдтэй харьцуулахад эрчим хүчийг 24 хувиар хэмнэх төдийгүй хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах боломжтой гэдгээрээ онцлог юм.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Холбоотой мэдээ