
СУУГААД БАЙГАА ЮМ
Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Барилга орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газрын дарга Б.Баасангаас зарим асуултад хариулт авсан юм.
-Барилгын салбарын өнөөгийн байдал ямар байна вэ. Эдийн засгийн хямралаас гарсан уу?
-Бодит баримтаас харахад барилгын салбар эдийн засгийн хямралаас гарч чадаагүй, төдийлөн сэргээгүй байгаа үзүүлэлт ажиглагдаж байна
-Барилгын салбарын бүтээмж ямар байна вэ?
-Энэ салбарын бүтээмж сүүлийн үед их дээшилж байгаа. Энэ нь хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, боловсон хүчин бэлтгэх асуудал сайжирч байгаатай холбоотой. Мөн манай улсын цаг уурын нөхцөл байдалд тохирсон технологи нэвтэрч байна. Тиймээс хөдөлмөрийн бүтээмж дээшилж байна. Гэхдээ дэлхийн жишигт хараахан хөл нийлүүлж чадааагүй. Ямар ч байсан 1990-ээд онтой харьцуулахад ахиц дэвшил гарсан гэж үзэж болно. Одоо бид хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, нэгж талбайн үнэ өртгийг бууруулах тал дээр арга хэмжээ авч байгаа.
-Ямар арга хэмжээ авч байгаа гэж?
-Энэ бол яалт ч үгүй манай яамны асуудал. Нэг метр квадратын үнийг бууруулахын тулд хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол үндэсний ажилчдыг бэлтгэх явдал юм. Манайд 70-80 мянган мэргэжилтэй ажилчин шаардлагатай. Гэтэл одоо дөнгөж 25-28 мянган ажилчин байгаа. Үүнийг шийдвэл гаднаас өндөр үнээр ажиллах хүч авхаа болино. Дараагийн нэг асуудал нь барилгын материал үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэртэй болох юм. Компаниуд барилгын материалынхаа 70-80 хувийг импортоор авч байна. Мөн барилгын чанарыг сайжруулахын тулд үндэсний том лабораторитой байх хэрэгтэй. УИХ-ын 36 дугаар тогтоолын дагуу батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн гол зорилго нь энэ юм. Уг хөтөлбөр хоёр үндсэн үе шаттайгаар 2010-2016 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
-Манайд борлуулж буй барилгуудын үнэ зах зээлийн ханш байж чадаж байна уу. Хэт өндөр үнэтэйгээс болж худалдан авалт бага байх шиг байна?
-Одоо борлуулж буй орон сууцнуудын метр квадратын үнэ ихэнх нь сая төгрөгөөс их байна. Бодит зах зээлийн ханшаар бол орон сууцны метр квадратын үнэ 650-750 мянган төгрөгийн хооронд байх бүрэн боломжтой. Ийм үнэтэй байхад компаниуд 10-15 хувийн ашиг олох боломжтой. Энэ үнийг манай яамнаас ч гаргасан юм биш. Үнийг 500 мянган төгрөгт барьж ч болно. Өндөр үнэ тогтоосон команиудаас яагаад ийм үнэ тогтоосноо үндэслэлтэйгээр тайлбарлаад өг гэхээр ганц нь ч ирдэггүй шүү дээ.
-Барилгын компаниуд энэ үнийг хүлээн зөвшөөрдөггүй, Засгийн газар буруу тооцоолж байна гэдэг юм билээ?
-Компаниуд хэт их ашиг хожоо харж байгаагаас үнээ бууруулахгүй байна. Тэд 10-15 хувийн ашгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үүнээс илүү буюу нэг нугалсан ашиг олох гэсэн сонирхлоос нь үүдэлтэй. Тэгээд л борлуулж чадахгүй суугаад байгаа юм.
-Барилгын салбарт хамгийн ихээр дутагдаж байгаа зүйл юу вэ?
-Төр засгаас авч буй арга хэмжээ, бодлогыг зөв тодорхойлох хэрэгтэй.Т.УРАНГЭРЭЛ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин