УИХ-ын D-Өргөдөл / petition.parliament.mn / цахим системд байршуулсан НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжиж, 100 гаруй мянган иргэн санал өгсөн. Тиймээс санал авах үйл ажиллагааны үр дүнг өчигдөр /2023.10.23/ УИХ-ын Тамгын газраас УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн билээ.
Тиймээс иргэдээс ирсэн санал асуулгыг УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, хуулийн төсөл боловсруулах ажлыг УИХ-ын даргын зүгээс санаачилж, шийдвэр гаргах учиртай. Тодруулбал, Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 01 дүгээр тогтоолоор баталсан Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журамд зааснаар, санал авах үйл ажиллагааны үр дүнг УИХ-ын Тамгын газар ажлын 3 хоногт багтаан УИХ-ын даргад хүргүүлнэ. Улмаар УИХ-ын дарга уг асуудлын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлж, холбогдох Байнгын хороонд шилжүүлэх зохицуулалттай. Байнгын хороо уг асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэх бөгөөд гаргасан шийдвэрээ шаардлагатай гэж үзвэл нэгдсэн хуралдаанд танилцуулна хэмээн дээрх журамд заажээ. Тиймээс одоо чуулганы хуралдаанд танилцуулсны дараа холбогдох байнгын хороонд шилжүүлэх зохицуулалтын дагуу Төсвийн байнгын хороонд шилжүүлж, тус байнгын хороо иргэдийн саналыг хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт байдлаар оруулах уу эсвэл гэдгийг шийдэх учиртай.
УИХ-ын тухай хуульд зааснаар, D-Өргөдөл цахим системд байршуулсан өргөдөл, санал 33,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой.
Сангийн сайд Б.Жавхлангийн зүгээс “НӨАТ-ын хувийг нэмэх чиглэлээр ямар нэг судалгаа, тооцоолол ирүүлээгүй байна. Угтаа бол төсөвт ямар боломж, бололцоо байна вэ гэдэг дээр суурилж, санал асуулгыг хийх ёстой. Олон нийтээс санал авах нь зөв боловч сэдэв, агуулга, татвар, зарим хуультай холбоотой асуудлаар олон нийтийн санал авах ёстой гэдгийг эргэж харах ёстой. НӨАТ-ын асуудал нь эдийн засаг хэврэг байгаа үед тооцоо, судалгаагүй хандаж болохгүй. Сонгуулийн өмнө төсөв, эдийн засгийн тогтворгүй байдал үүсгэх нь маш эрсдэлтэй. Төсвийн алдагдал нэмэгдэх тусам зээлжих зэрэглэл, гадаад өрийн асуудал зэрэг маш олон эрсдэл үүсэх байх гэж санаа зовж байна” гэсэн тайлбарыг өгөөд буй. Өөрөөр хэлбэл, Сангийн сайдын хувьд төсвийн алдагдлыг нэмэх боломжгүй, НӨАТ-ыг 5 хувь болгох боломжгүй гэдэг байр сууриа удаа дараа илэрхийлээд буй.
Иргэд саналаа өгсөн ч асуудал шууд шийдэгдээд, шийдвэр гараад, хуульд өөрчлөлт оруулаад явах боломжгүй. Эцсийн шийдвэрийг УИХ, УИХ-ын гишүүд гаргана. УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд Пүрэв, Баасан гаригийн чуулганы хуралдаанд танилцуулж, холбогдох байнгын хороонд шилжүүлнэ. Байнгын хороо 14 хоногийн дотор НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох эсэх, үүнийг цаашид судалж, хуульд өөрчлөлт оруулж, төсвийн алдагдлаа нэмэх эсэхийг шийдвэрлэнэ.
Т.ОД
Холбоотой мэдээ