Хятадын гадаад харилцааны топ дипломатч Ван И энэ Пүрэв гаригт Вашингтонд гурван өдрийн айлчлал хийнэ. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нартай уулзаж, Израиль, Хамасын мөргөлдөөн, Украины дайн, Өмнөд Хятадын тэнгист саяхан болсон хөлөг онгоцны мөргөлдөөн зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Ван Игийн айлчлалаас сар хүрэхгүй хугацааны дараа Сан Франциско хотод Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт болно. Энэ үеэр хоёр улсын ерөнхийлөгч нар уулзах магадлалтай байна.
Ойрхи Дорнодын тогтвортой байдлыг хадгалах, бусад талыг мөргөлдөөнд татан оролцуулахаас сэргийлэх талаар энэ сарын эхээр Ван И, Энтони Блинкен нар хэлэлцжээ. Гэхдээ АНУ-ын эрх баригчид Ван Иг Вашингтонд ирэх үеэр Хятадыг Ойрхи Дорнодод илүү бүтээлч байхыг шаардана гэж үзэж байна.
Дашрамд дурдахад, өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөд Хятадын тэнгист Филиппин болон Хятадын хөлөг онгоцууд мөргөлдсөн хэрэг гарсан. Энэ хэргийн талаар ч бас АНУ-ын албаныхан Ван Итэй хэлэлцэх төлөвтэй байна. АНУ энэ тохиолдолд Филиппинийг дэмжиж байгаагаа баталж, Хятадыг аюултай, хууль бус үйлдэл хийсэн гэж шүүмжилжээ. Харин Хятад улс хойгийг өөрсдийн нутаг дэвсгэр гэж мэдэгдээд, Филиппинийг Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн гэж буруутгасан байна.
Ван Игийн айлчлал ямар ч маргаанд эцсийн шийдвэр гаргахгүй. Гэхдээ аливаа эрсдэлийг багасгахын тулд нээлттэй харилцаа холбоо тогтоох АНУ-ын хүчин чармайлт үргэлжилж байна гэж албаны хүн хэлжээ.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ