Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд өнөөдөр /2023.10.24/ 13 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар мэдээллээ.
Тэрбээр "Өнгөрсөн амралтын өдөр гэхэд зургаан хүүхэд алга болсон байна. Одоогийн байдлаар таван хүүхдийг олсон, нэг хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Бид сэрэмжлүүлэг мэдээллийг явуулж байгаа. Насанд хүрээгүй хүүхдүүд эцэг эхтэйгээ маргалдсан, найз нөхөдтэйгөө маргалдсан шалтгаанаар гэрээсээ алга болж байна. Мөн найзынхаа гэрт хоноод эцэг эхдээ хэлдэггүй асуудал гарч байна.
Ер нь эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул, хүүхдүүд нь дураараа гадуур явдаг асуудлаар өдөр тутам цагдаагийн байгууллагад ханддаг.
Бид дуудлага мэдээллийн дагуу аль болох хурдан шуурхай ажиллаж, хүүхдийг эрэн хайдаг. Эрэн хайх ажиллагааг явуулахад олон алба хаагч оройн цагаар ажиллаж, машин техникийг шатахуунаар хангах гэх мэт хүндрэл учирдаг. Манай байгууллагаас камержуулалтын дэд бүтцийг сайжруулах тал дээр анхаарахыг нийслэлийн Засаг дарга, Хууль зүй, дотоод хэргийн яам, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдөд хандаж, албан бичиг хүргүүлээд байна. Уг дэд бүтцийг байгуулахад нийт хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулах шаардлагатай байна вэ, торгуулийн орлогоос 20 хүртэлх хувийн төсвийг камержуулалтад зарцуулаач гэсэн саналыг хүргүүлсэн. Камер дээр тодорхой хэмжээний ажлыг зохион байгуулахаар болсон. Зарим аймаг эхнээсээ энэ ажилд анхаарлаа хандуулаад эхэлсэн" гэв.
Холбоотой мэдээ