Олны анхаарал татсан хэргүүд ямар шатанд явааг тоймлон хүргэж байна.
Т.БАДАМЖУНАЙ НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ МАРГААШ БОЛНО
Яллагдагч Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2023 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт болох талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлэв. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1941000320129 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг маргааш товлоод байна.
Эргэн сануулахад, “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппин улсаас саатуулагдан ирсэн Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас хэд, хэдэн хэрэгт яллагдагчаар татан шалгаж, дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хэргийг нь хүргүүлсэн.
Харин нийслэлийн прокурорын газраас албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ А.БҮРЭНБААТАРЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ ТОГТООЛ ГАРАВ
МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг Авлигатай тэмцэх газраас саатуулж, албан өрөөнд нь болон хамаарал бүхий этгээдийнх нь гэр, албан газарт нэгжлэг хийсэн. Түүнийг АТГ болон цагдаагийн байгууллагаас жил зургаан сарын хугацаанд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, залилангийн шинжтэй эрүүгийн гэмт хэрэгт буруутган шалгаж, урьдчилсан байдлаар тогтоогоод байна.
А.Бүрэнбаатар нь МҮОНРТ-ийн нэрээр Төрийн өмчит компаниас ажил гүйцэтгэнэ гэж их хэмжээний мөнгийг хувьдаа шилжүүлэн авсан гэх залилангийн үйлдэл, байгууллагынхаа санхүүд орох ёстой байсан их хэмжээний мөнгийг бусадтай хуйвалдан хувийн студийнн дансаар дамжуулан авч завшсан байж болзошгүй.
Мөн ажилтан ажилд авахдаа авлига авсан, байгууллагын төсөв хөрөнгийг дур мэдэн хууль бусаар захиран зарцуулсан байж болзошгүй авлига албан тушаалын дөрвөн гэмт үйлдлийг буруутган эрүүгийн хэрэг нээн шалгаж дууссан байна.
Хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаж А.Бүрэнбаатарыг яллагдагчаар татах тогтоолыг гаргажээ.
ДАВЖ ЗААЛДАХЫН ШИЙДВЭРЭЭР Ё.БААТАРБИЛЭГИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛНЭ
Хөгжлийн банкны хэргээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт анхан шатны шүүхээс зургаан жилийн хорих ял оноогоод буй. Үүнтэй холбогдуулж түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал үүсээд буй. Өнгөрсөн долдугаар сард шүүхийн шийдвэр гарсан ч одоог хүртэл Ё.Баатарбилэг давж заалдаагүй. Гэхдээ УИХ-ын намрын чуулганаар түүний бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэнэ. Энэ талаар сэтгүүлчдийн асуултад МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон УИХ-ын тухай хуулиар зохицуулсан. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа бүрэн эрхийг түдгэлзүүлдэг. Ё.Баатарбилэг гишүүн давж заалдаж байгаа болов уу. Хуралд оролцох нь ёс зүйн хувьд тохиромжгүй тулд хуралдаандаа суухгүй байгаа юм байна гэж ойлгож байгаа" гэсэн юм.
Эргэн сануулахад, өнгөрсөн долдугаар сарын 7-нд Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан, шүүхээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч, 73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.
Түүнийг авлига авсан үндэслэлээр дээрх ялыг оноож байгаа аж. Ингэхдээ таван жил хорих ял дээр нэг жилийг нэмж, нийт хорих хугацааг зургаан жил болгосон билээ.
Б.ГАНХУЯГ, Т.АЮУРСАЙХАН НАРЫН 11 ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ 30-НД БОЛНО
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурлыг аравдугаар сарын 30-нд хийхээр хойшлуулсан. Яллагдагч нарын өмгөөлөгчдөөс шүүх хурлыг хойшлуулах шаардлага байна гэдэг асуудлыг хөндсөн юм. Харин есөн сар гаруйн хугацаанд хоригдсоноос эрүүл мэнд нь муудсан Б.Ганхуягийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм.
"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм.
Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллаж буй. Харин тэд яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа төдийгүй хилсээр ял тулгаж, хэлмэгдүүлж байна гэж няцаасаар байгаа.