Латвийн ерөнхийлөгч Эдгарс Ринкевичс өнгөрсөн долоо хоногт телевизэд ярилцлага өгөхдөө "Финланд, Эстони хоёрыг холбосон байгалийн хийн хоолойд гэмтэл учруулсан хэрэгт ОХУ буруутай нь тогтоогдвол НАТО Балтийн тэнгисийн далайн тээврийг хаах ёстой" гэж мэдэгдсэн. Үүний хариуд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Дамжуулах хоолой болон харилцаа холбооны кабельд учирсан хохиролд Орос огт оролцоогүй. Оросын эсрэг аливаа заналхийлсэн үйлдлийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Заналхийлэл хэнээс ч ирсэн хамаагүй нухацтай авч үзэх ёстой. Би дахин давтан хэлье, Орос энэ үйл явдалд ямар ч холбоогүй" гэжээ.
"Эдгарс Ринкевичсээс эргүүлээд Хойд урсгал хийн хоолойд өнгөрсөн онд гарсан гэмтлийн талаар асуумаар байна. Энэ халдлагыг АНУ болон түүний холбоотнууд үйлдсэн. Хойд урсгалын эсрэг террорист халдлагыг хэн үйлдсэн, хэн захиалсан нь тодорхой болсны дараа Балтийн тэнгист юу хийх шаардлагатайг асуумаар байна" гэж Песков сөргүүлжээ.
Финланд, Эстони, Латви нь НАТО-ийн баруун цэргийн эвслийн гишүүн орнууд юм.
Тэгвэл Балтийн тэнгис дэх хийн хоолойд гэмтэл гарах үед Хятадын "NewNew Polar Bear" хөлөг онгоц ойрмогхон нь байсныг Финландын мөрдөн байцаалтаар илрүүлжээ. Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ "Хэрэг гарах үед Хятадын хөлөг онгоц хэвийн байсан. Далайн нөхцөл байдал тааруу байснаас болж ямар нэгэн хэвийн бус нөхцөл үүссэн зүйл байхгүй" гэжээ. Мөн шударга бөгөөд мэргэжлийн мөрдөн шалгалт явуулахыг Хятад уриаллаа.
Хийн хоолойн гэмтэл нь дэлбэрэлт гэхээсээ илүү гадны механик хүчнээс болсон гэж мөрдөн байцаагчид мэдэгдсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор далайн ёроолоос олдсон том, хүнд биетийг техникийн үзлэгт оруулах болжээ.
Эх сурвалж: REUTERS, EURO NEWS
Холбоотой мэдээ