Хулгай хийвэл нь ордонд!

Хуучирсан мэдээ: 2023.10.24-нд нийтлэгдсэн

Хулгай хийвэл нь ордонд!

Хулгай хийвэл нь ордонд!

Нэг бүр нь 400 сая, нийтдээ 318 тэрбус төгрөгийн үнийн дүн бүхий ногоон автобусны худалдан авалтыг шалгуулъя гэж иргэн Б.Мягмардорж “Нийтийн өргөдөл” ханджээ.  Хууль нь гууль биш, хуульчид нь хуульчид шиг байсан бол юу гэж л ийм санал, хүсэлт иргэд нь гаргаж байх вэ дээ. Аргаа барсан иргэдийн үйлдэл. Авлига, хулгайн хэргүүд шил дараалан дэлгэгддэг ч шүүхээс ял шийтгэл авдаг нь цөөн, ихэнхдээ “чоно цатгалан, сүрэг бүтэн” үлддэг нь үнэн. Ийм байхад Татварын болон Эрүүгийн хуультай холбоотой асуудлаар иргэдээс санал авах нь буруу жишиг гэж  бүдүүн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ихэрхээд сууж байж болохгүй.

Улсаа тоносон нь УИХ-д, хуулиа луйвардсан нь хуулийн хамгаалалт дор хулгай хийдгийг иргэд энэ мэт эсэргүүцээд байгаа юм шүү дээ, уг нь.

Нэг.

Үйлдвэрлэсэн газар нь тодорхойгүй ч, өнгө зүсээрээ “овоглогдсон” ногоон автобусны хэрэг үргэлжилсэн дуулиан, үйл явдлуудын шуугианд дарагдаад өнгөрөх тал руугаа орж байна. Энэ хэрэгт “Тэнүүн Огоо” компанийн эзэн А.Ганхуяг болон нийслэлийн холбогдох албаны дунд шатны ганц хоёр даргыг баривчлан саатуулснаас өөрөөр том шатандаа гэм буруугүй үлдэж байх шиг. Хулгай луйврын хэрэгт нэр холбогдсон хотын хоёр дарга Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар өөрсдийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ч энэ нь тэднийг хулгай хийгээгүй, авлига аваагүй гэсэн үг биш.

Ямбыг нь эдлэж байсны хувьд ялыг нь үүрэлцэх нь зүйн хэрэг. Мэдээж, гэм буруутай эсэхийг шүүх тогтоох ч, шүүх нь өргөсөн тангарагтаа үнэнч байж чадах уу гэдэг нь өөрөө асуултын тэмдэг юм.

Албан тушаалаасаа огцрохдоо Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар хоёул амнаасаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэрийг унагасан нь санамсаргүй үг, үйлдэл биш нь лав.  Бага залуугаасаа намын эрх мэдэлд хүрсэн түүний нэр энэ хэрэгт ямар холбоотой вэ гэдгийг хууль дүрэмтэй улсад шалгах ёстой факт мөн үү мөн. Авчиг Монголд “цаад эзнийг” нь биш наагуурх албан тушаалтныг нь барьсан, хорьсон болоод асуудлыг намжаадаг нь амь бөхтэй жишиг болсон.

Хоёр.

АТГ-аас анх, 2022 оны арванхоёрдугаар сард нүүрсний хулгайн хэргийн гол сэжигтнээр 17 хүнийг зарлаж байлаа. Тэднээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Ариунболд, Б.Ганхуяг нарыг баривчлан саатуулснаас өөрөөр ихэнх нь эрх чөлөө, эрх ямбатайгаа явж байна.

Ихэнх “сэжигтнүүд” нь ирэх 2024 оны сонгуульд нэр дэвшиж, хуулийн ард хулгайгаа үргэлжлүүлэхийг хүсч яваа нь гүтгэлэг биш. Жишээ нь, Женко.Баттулга бол ирэх сонгуульд нэр дэвшинэ, Л.Оюун-Эрдэнийн суудлыг авна гэж тооцсон яваа нь гарцаагүй.

АТГ-аас хэвлэлийн бага хурал хийж, “нүүрсний хулгайч нар”-ыг зарласан өдрөөс хойш тоолбол яллахыг нь яллаад, цагаатгахыг нь цагаатгах хугацаа өнгөрсөн. Бүтэн арван сар өнгөрчхөөд байхад л хууль хүчнийхэн ганц Б.Ганхуягтай л сууж байна. Өнөөх нь шорон дотроос цамнаастай, цагаан байрны нөхдөө сүрдүүлээстэй. Бүгдээрээ наанаа “хулгай, хулгайчийг бариарай” гэх атал цаанаа баригдсан, нотлогдсон хулгайч  бараг алга.

Гурав.

Уг нь хулгай хийсэн  хүн шоронд суух ёстой. Харин Монголын хулгайчид хуулийг нь хууль шүүхтэй, хууль хэрэгжүүлэгчдийг нь хууль тогтоох байгууллагатай нь худалдаж авдаг нь жирийн явдал. Жишээ нь Хөгжлийн банкийг тоносон хэрэг явж, явж эцэстээ мөнөөх л “чоно цатгалан сүрэг бүтэн” үлдсэн. Нийт активийнх нь тал хувийг тоносон хэрэвзээ банкны захирал нь “шүгэл үлээгээгүй” бол бараг тэр чигтээ бүгд төлөхгүй бодолгүй байсан тэдгээр зээлдэгчдийн дийлэнх нь улстөрчид. Тэр дундаа МАН-ынхан байсан нь баримт нотолгоотой дэлгэгдэж байв.
Улаанбаатар чуулгад 47 хоног хуралдсан шүүх хурлын шийдвэр эхнээсээ ойлгомжтой, банк тоносон хэрэгт буруутгагдсан улстөрчдөөс Ё.Баатарбилэгээс бусад нь ял шийтгэлгүй үлдсэн.  Жирийн хулгайч чиний гар утас, хэтэвчийг хулгайлдаг бол улстөрийн хулгайч эрүүл мэнд, боловсролыг хулгайлдаг гэдгийн сонгодог жишээ. Жирийн хулгайч чамайг сонгож хулгайлдаг бол улс төрийн хулгайчийг бид өөрсдөө сонгодог. Жирийн хулгайчийг цагдаа хайдаг бол улс төрийн хулгайчийг цагдаа хамгаалдаг. Энэ л бидний нөгөө “хүртэх ёстой зүйл” маань болчхоод байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж