Монголын Өмгөөлөгчдийн холбооны Их хурал болж, шинэ ерөнхийлөгчөө сонгосон билээ. Тус холбооны ерөнхийлөгч Л.Данзанноровтой ярилцлаа.
-Саяхан болж өнгөрсөн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Их хурлаас ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байна вэ?
-Баярлалаа. Их хурлаараа олон чухал асуудлыг хэлэлцлээ. Холбооны дүрмийн өөрчлөлт, удирдах зөвлөл, Хяналтын Зөвлөл, Мэргэжлийн Хариуцлагын Хорооны шинэ гишүүдийг сонгох, мөн Ерөнхийлөгчийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Төлөөлөгчид ч их идэвхтэй ажил хэрэгч оролцлоо. Ажлаа аваад удаагүй байна. Өмгөөлөгчдийн байгууллагад одоо мөрдөгдөж байгаа Өмгөөллийн хуультайгаа уялдуулан зайлшгүй шинэчлэл хийх хэрэгтэй гэж үзэж байгаа. Хэд хэдэн гол асуудалд анхаарал хандуулна.
Өмгөөлөгчид хүний эрхийг хамгаалах, шударга ёсыг тогтооход, мөн мөрдөн шалгах болон шүүн таслах үйл ажиллагаанд голлох үүрэгтэй оролцдог. Шударга ёс нь зөв хуулиас эхлэх учиртай. Тэгэхээр тухайн хууль нь хүний эрхэд суурилсан, оролцогчдын тэгш эрх, боломжийг хангасан байх ёстой.
Хууль бүтээх үйл ажиллагаанд өмгөөлөгчдөөс үр дүнтэй оролцох, мөн батлагдсан хуулийн хэрэгжилтийг зөв хангах, хуулийг нэг мөр ойлгож хэрэглэхэд зайлшгүй анхаарах ёстой. Үүнд шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудтай үр дүнтэй хамтын ажиллагааг төлөвшүүлэх ажил чухал.
-Өмгөөлөгчдийн эрх ашиг зөрчигдөх тохиолдлууд гардаг. Холбоо шинэ удирдлага, шинэ зохион байгуулалтаар ажиллах нь гэсэн хүлээлт байна. Тиймээс өмгөөлөгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр холбоо ямар бодлого баримтлах вэ?
-Өмгөөлөгчдийн эрхийг зөрчих явдал бас цөөнгүй байгаа. Хуулиар баталгаажсан эрхийг нь эдлүүлэхгүй байх, санаатайгаар зөрчих, нэр төрд нь халдах зэрэг зохисгүй үйлдлүүд гарч байна. Эрх нь хамгаалагдсан өмгөөлөгч л хүний эрхийг баталгаатай хангаж, хамгаална. Өмгөөөлөгчдийн эрх ашгийг зөрчсөн тохиолдолд холбоо эрх ашгийг нь хамгаалж шийдвэртэй алхмууд хийх ёстой.
Миний хувьд ажлаа аваад хамгийн эхний тушаалаараа өмгөөллийн үйл ажиллагааны баталгааны өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийг томилоод байна.
Өмгөөлөгчдийн ёс зүйн асуудал, засаглалыг бэхжүүлэх, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, санхүүгийн бие даасан байдлыг хангах, салбар зөвлөлүүдийг бэхжүүлэх чиглэлээр төлөвлөсөн ажлууд бий.
-Цаг үеийн шинжтэй асуулт асууя. Таныг өмгөөлөгчдийн байгууллагыг тэргүүлэн ажиллах энэ цаг үед парламент Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Хуулийн төслүүдтэй танилцав уу. Эдгээр төслүүдэд ямар байр суурьтай байна?
-Төслүүдтэй танилцалгүй яах вэ. Манай хамгийн гол хуулиудын нэмэлт өөрчлөлтийн төслүүд энэ цаг мөчид ид яригдаж, олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ асуудлаар холбооны зүгээс өмгөөлөгчдөөрөө хэлэлцүүлж, санал боловсруулж, УИХ дахь ажлын хэсэгт хүргүүлнэ. Нэмэлт өөрчлөлтөд одоо мөрдөж байгаа хуулийн хийдэл, мөн зохицуулалтгүй байсан зарим асуудлуудыг шийдвэрлэх, тулгардаг хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээхтэй холбоотой зохицуулалтууд тусгагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухайд дийлэнх заалттай нь үзэл баримтлалынх нь хувьд санал нэг байгаа.
-Нэмэлт өөрчлөлтийн төслүүдээс ямар зохицуулалтуудыг нь онцлохоор байна вэ. Санал нэгдэж байгаа үндэслэл нь?
-Хэд хэдэн чухал өөрчлөлтүүд тусгагдсан байна лээ. Тухайлбал, шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагааг хязгаарлах, энэ ажиллагааг хөндлөнгийн хяналтад оруулах асуудал зайлшгүй шаардлагатай байсан. Нийт баривчилгааны 98-99 хувь нь шүүхийн хяналтгүй хэрэгжиж байгаа тоо баримт ч байгаа. Манай улс хүнийг шүүхгүй баривчилдаг гэх ойлголт НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтэд тусгагдсан.
Хүний эрхийн Үндэсний комиссын илтгэлд ч энэ талаар дурдаж л байсан. Гол нь ингэж баривчлагдсан хүмүүсийн бараг тал хувь нь шүүхийн хяналтаар орж, баривчилсан нь үндэслэлгүй байсан нь тогтоогдож суллагдсан байдаг. Энэ нь баривчилгааг дур зоргоороо хууль зөрчиж л явуулаад байсныг илтгэх нэг үзүүлэлт.
Одоогийн өөрчлөлтөөр баривчлах үндэслэлүүдийг нь нарийвчилж, хуульд тодорхой тусгаж байгаа учраас процессыг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын дур зорго, субъектив хандлагыг тодорхой хэмжээгээр хязгаарлах боломжтой гэж харж байгаа. Баривчлахаас гадна цагдан хорих асуудал хүний эрхийг хамгийн ихээр зөрчдөг ажиллагаа. Гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлээр хүнийг шууд хорьдог. Тэр нь шүүгч прокурорын үзэмж, таамаг байдлаар хэрэгждэг, дээрх үндэслэлийг нотлох баримтыг мэтгэлцэгч тал, өмгөөлөгчид танилцуулдаггүй. Хэт ерөнхий байсан үндэслэлийг нарийвчилж, шалгуур тавьж өгсөн. Найман жилээс дээш хугацаагаар хорих ялтай хэрэгт холбогдсон л бол шууд шалгуургүйгээр хорих боломжтой байсныг тодорхой нөхцөл үндэслэл бүрдсэн тохиолдолд хэрэгжүүлэхээр тусгасан нь хүний эрхийг баталгаатай хангахад чиглэсэн нааштай өөрчлөлт гэж харж байна.
Ер нь хууль бусаар хоригдсоноос болж хүн биеээрээ ч, сэтгэл санаагаараа ч, эдийн засгийн хувьд ч асар их хохирдог. Энэ хохирол, гэм хорыг тэр хүмүүс нэхэмжилдэг байх хэрэгтэй. Түүнийг нэхэмжлэх, хууль бус шийдвэр гаргасан хүмүүсээр төлүүлэх зохицуулалт нь байсаар байтал суллагдсан л бол боллоо гэсэн шиг хаядаг нь буруу.
Ийм л хандлага хууль бус баривчилгаа, цагдан хориог өөгшүүлж, даамжруулахад нөлөөлж байгаа. Одоогийн хуульдяллагдагчаар анх цагдан хорих хугацаа хуульд уян хатан биш, нэг сар гэж хатуу тогтоосон. Хүнээ цоожлоод л нэг сар мартдаг, хэргийн нөхцөл байдал тодорхой болж, суллах үндэслэл бүрдсэн ч үргэлжлүүлээд л хугацааг нь дуустал хүлээдэг, байцаалт мэдүүлэг ч авдаггүй муу жишиг байдаг. Одоо хэргийн шинж байдал, яллагдагчийн өөрийнх нь хувийн байдлаас хамаарч 1 сар хүртэл гэж өөрчилж байгаа нь яах аргагүй дэвшил. Олон улсад ч ингэж л хэрэглэж, хэрэгжүүлдэг. Ер нь цагдан хорих асуудлыг хавтгайруулж хэрэглэхийг хязгаарлах, эцсийн арга хэмжээ болгон, зайлшгүй тохиолдолд хэрэглэх талаарх олон улсын гэрээ конвенцид манай улс нэгдээд удаж байгаа шүү дээ. Олон төрлийн л сонголт боломжууд байхад яагаад заавал хорьж мөрдөх ёстой гэж. Прокурорууд ч хорих үндэслэл арилсан тохиолдолд суллах саналаа өөрсдөө гаргаж шүүхээр хэлэлцүүлэх л ёстой. Одоо нэмэлт өөрчлөлтөөр цагдан хорих нийт хугацааг хэргийн шинж байдал, оногдуулж болох ялаас хамаарч багасгахаар өөрчлөлт орж байгаа юм билээ. Гэхдээ хорьж шалгахаас бусад альтернатив боломжууд яваандаа нээгдэх байх.
-Чухам ямар төрлийн арга хэмжээнүүдээр солих боломжтой вэ?
-Эрүүгийн хууль тогтоомжийн цогц шинэчлэлийн хүрээнд хийгдсэн өөрчлөлтийн нэг нь ял, таслан сэргийлэх арга хэмжээг олон төрлийн сонголттой болгосон явдал. Энэ хүрээнд цагдан хорих арга хэмжээний оронд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх хууль зүйн болон техникийн боломж бүрэн бүрдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага ч одоо зорчих эрхийг хязгаарлах ялыг цахим хяналтын төхөөрөмж ашиглан үр нөлөөтэй хэрэгжүүлж чадаж байгаа.
Шийдвэр гүйцэтгэлийн хуулинд энэ төрлийн өөрчлөлт тусгах замаар хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Ер нь цагдан хорих арга хэмжээ нь хэрэг нотлох арга л байж болохгүй.
–Та процессын хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн дийлэнхтэй нь санал нэгдэж байгаа гэлээ. Санал нийлэхгүй байгаа заалт юу байна?
-Байна аа. Тухайлбал, яллагдагчаар хорьж мөрдөх хугацааны дээд хязгаарыг заасан. Гэтэл шүүхэд шилжсэн хэргийн тухайд үргэлжлүүлэн цагдан хоригдож байгаа хугацааг нийт цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцохгүйгээр хуульд зааж, нэмэлт тайлбар оруулсан байна лээ. Энэ буруу. Шүүгдэгч бол хэрэг нь шүүхэд шилжсэн л яллагдагч. Шүүх дээр янз бүрийн шалтгаанаар хэрэг удааширдаг, хойшилдог. Өмгөөлөгч, прокурор, шүүхийн алинаас нь ч шалтгаалж шүүх хурал хойшилж л байдаг. Гэтэл шүүхэд шилжсэнээс хойшхи хугацаа нь цагдан хоригдсон нийт хугацаанд хамаарахгүй, хорьж шалгах дээд хугацааг хэтэрсэн ч үүнийг үл хайхран хорьсоор л байх боломжийг одоо орж байгаа нэмэлт өөрчлөлтөөр бүр баталгаажуулж байгаа нь хүний эрхийн зөрчил.
Мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагаа удааширч байгаа нь яг үнэндээ тэнд цагдан хоригдож байгаа хүнээс хамаардаггүй л байхгүй юу. Гэтэл үүний горыг иргэн хүн илүү хугацаагаар цагдан хоригдож эдлэх учиргүй.
-Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн тухайд хоёулаа бараг хөндсөнгүй. Энэ асуудал нийгэмд их анхаарал татаж, хурцаар яригдлаа. Энэ тал дээр ямар байр суурьтай байна?
-Аливаа хуулийн өөрчлөлт нь нийгмийн харилцаа өөрчлөгдөж, хөгжихийн хэрээр дагаж өөрчлөгдөж, боловсронгуй болж байдаг. Бага насны хүүхдийн эсрэг аллага хүчирхийлэл ямар ч нийгэмд байж болшгүй жигшүүртэй үзэгдэл. Энэ дээр ял шийтгэлийн бодлогыг чанга байлгах дээр санал нэгдэнэ.
Харин зарим болгоомжгүй үйлдэгддэг хэрэг дээр олны салхинд хэт автаж, сонголтгүйгээр хорих ял шийтгэх зохицуулалт оруулах нь зөв эсэх дээр хууль тогтоогчид, төсөл санаачлагчид эргэн харах, бодож үзэх байх.
Хөөн хэлэлцэх хугацаа уртасгах, мөн өршөөл уучлал, хугацаанаас нь өмнө тэнсэн суллах асуудлыг зарим хэрэг дээр ялгаатай авч үзэх асуудал дээр ч тун болгоомжтой, нухацтай авч үзэх нь зөв. Үндсэн хуулийн зөрчил болчих вий.
-Сүүлийн үед мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулбал ялын бодлогыг чангатгах нь олон нийтийг талцуулаад байна. Ялын бодлогыг чангатгах нь хэр зохимжтой гэж харж байна та?
-Энэ талаарх өөрчлөлтөө төсөл санаачлагч татаад авчихсан биз дээ. Нэгэнт хэлэлцэгдэхгүй болсон асуудлаар одоо юу ярихав дээ. Ганц зүйл л хэлье.
Мөрдөн шалгах ажиллагааны нууц байх ёстой юу гэвэл тийм гэж хариулна. Гэхдээ шалгагдах хүмүүс нь л лав сэтгүүлчид, өмгөөлөгчид, жирийн иргэд биш л байх болов уу. Өмгөөлөгчид мөрдөн шалгах ажиллагаа дуустал хэргийн материалтай танилцах эрхгүй байдаг.
Танилцаагүй нууцаа хүн задруулна гэж ч юу байхав. Ер нь мөрдөн шалгах болон шүүх эрх мэдлийн байгууллага олон нийтийн хандлага, сошиал давалгаанд хөтлөгдөхгүй, хууль, нотолгоондоо үндэслэж шийдвэр гаргадаг л байх ёстой.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
-Баярлалаа.
Т.ОД
Холбоотой мэдээ