Монголын сагсан бөмбөгт дахин хагарал үүсэв үү?!

Хуучирсан мэдээ: 2023.10.24-нд нийтлэгдсэн

Монголын сагсан бөмбөгт дахин хагарал үүсэв үү?!

Монголын сагсан бөмбөгт дахин хагарал үүсэв үү?!

Нэг үе хоёр хуваагдаад байсан Монголын сагсан бөмбөг саяхан л элэг бүтэн болж, олон гайхалтай ялгуусан амжилтыг үзүүлсэн. Гэтэл энэ удаад дахин үл ойлголцох асуудал гарч ирэв. Тодруулбал, дээд лигийн зарим багийн эзэд, хөрөнгө оруулагчид болон сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд нэг талдаа гарч чадахгүй байна.

Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирал арваннэгдүгээр сарын 03-ны өдөр "UG" аренад эхлэх товтой байгаа ч  "BCH Гарьд", "IHC Apes", "Эрдэнэтийн Уурхайчид", "Завхан Brothers", "Тэнүүн Өлзий Металл" гэсэн таван баг сагсан бөмбөгийн холбоонд шаардлага хүргүүлсэн. Дээрх багуудын хүргүүлсэн шаардлагад улирлын тоглолтыг гурван тойрогтой болгох, лигийн борлуулалтын орлогын 25 хувийг багийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбоонд хуваарилах, мөн таван хувийг тамирчдын "Ирээдүй" холбоонд хуваарилах, шууд дамжуулалтын үеэр багууд өөрсдийгөө сурталчлах цаг, эрх олгох болон бусад заалтыг багтаажээ.

Шаардлагын хариу иртэл лигийн ямар ч арга хэмжээнд оролцохгүй гэв.

Тэгвэл өчигдөр/2023.10.23/ сагсан бөмбөгийн холбооны зүгээс шаардлагын хариуг хүргүүлж, багуудаас тавьсан дээрх шаардлагуудыг хүлээн авах боломжгүй гэжээ. Хариуны төгсгөлд "Лигийн тэмцээнд оролцох эсэх шийдвэр нь та бүхний өөрсдийн бүрэн эрх, сонголт бөгөөд Монголын сагсан бөмбөгийн холбооны хувьд лигийн журмын 4.28-д заасны дагуу насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй улсын шигшээ багийн 75-аас доошгүй хувийг лигийн тэмцээний тоглогчдоос бүрдүүлэх үүрэгтэй болохыг дурдъя. Иймд энэхүү заалтыг хэрэгжүүлэх үүднээс лигийн журамд зааснаар төлөвлөгөөний дагуу эрэгтэй найм, эмэгтэй зургаан багийн оролцоог хангаж зохион байгуулах болно" гэжээ.

Өөрөөр хэлбэл, шаардлага хүргүүлсэн таван баг лигт оролцохгүй байсан ч тэднийг нөхөх л болно гэсэн утгатай зүйлс бичжээ.

Холбооны мэдэгдлийн дараа багийн эзэд, хөрөнгө оруулагчид эхнээсээ үзэл бодлоо илэрхийлэв. Тухайлбал, IHC Apes багийн эзэн О.Мөнхжин өөрийн цахим хуудаснаа "Багууд ер нь хамтраад лигээ хийх болж байх шиг байна. Бидний шаардлагыг хүлээн авах боломжгүй юм байна. Хөлбөмбөгийн холбоо уг нь багууддаа лигээ зохиох эрхийг өгчихсөн гэнэ. Сагсан бөмбөгийн холбоо маш сайн ажиллаж байгаа. Тэрийг хэзээ ч үгүйсгэхгүй. Гэхдээ багууд нь одоо бизнесийн зарчмаар явахгүй бол ирэх жил оршин тогтнох үгүйтэй болчихоод байна. Дайсагнасан, хуваагдсан зүйл огт байхгүй. Бид бизнесийн лигээ хийе" гэжээ.

Лигийн медиа өдөрлөгт эмэгтэй багууд бүрэн оролцсон бол эрэгтэй багуудаас Хасын Хүлэгүүд болон Налайх Бизон л оролцсон аж.

Эргэн санавал, анхны нэгдсэн дээд лиг эхлэхээс хэдхэн хоногийн өмнө тамирчдын "Ирээдүй" холбоо өөрсдийн лигээ хийнэ гэж байсан билээ. Удалгүй талууд зөвшилцөлд хүрч, нэгдсэн дээд лиг спортын төв ордонд эхэлж, Монголын сагсан бөмбөг албан ёсоор нэгдсэн түүхтэй.

Ямартай ч үндэсний дээд лиг хөшгөө нээхэд тун бага хугацаа үлдлээ. Үүнээс өмнө талууд нэгдэж, сагсан бөмбөгт хайртай, дуртай үзэгч, дэмжигчдээ баярлуулна гэдэгт сагсан бөмбөг сонирхогчид итгэж байна. Монголын сагсан бөмбөг хуваагдаж, талцаж хангалттай цаг хугацаа алдаж, хохирол амссан гэдгийг түүх харуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж