Сурвалжлага: Үнийн өсөлт иргэдийг туйлдуулж байна

Хуучирсан мэдээ: 2023.10.24-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Үнийн өсөлт иргэдийг туйлдуулж байна

Сурвалжлага: Үнийн өсөлт иргэдийг туйлдуулж байна

Н.Гэрэлцэцэгийнх ам бүл гурвуулаа. Эднийх сардаа 1-2 удаа хоол хүнсээ зах болон бөөний худалдааны төвөөс цуглуулдаг. Өмнө нь худалдан авсан хүнсээ дуусгаад зах дээр очиход бараа бүтээгдэхүүний үнэ дахин өссөн байдаг тухай бухимдан ярилаа. Тэрбээр ажлаа тараад “Бөмбөгөр” худалдааны төвөөс хоол хүнсээ цуглуулж байгаа нь энэ. Тэр “Махны үнэ огт буухгүй байна. Сүүлийн үед байрны гадна малчид машинтайгаа ирж, мах зарж байгаа. Тэндээс махаа худалдан авсан. Одоо цагаан будаа, ургамлын тос, гурилан бүтээгдэхүүн авах гэж байна” гэдгийг хэлсэн юм.

“Сая атар талх 2500 төгрөгөөр худалдаж авлаа. Боорцог авах гээд харж зогсоно. Хааяа гэртээ талх барина. Ажилтай болохоор тэр бүр гэртээ талх барьж чадахгүй юм. Гурилан бүтээгдэхүүн худалдан авч дийлэхээ байлаа. Цагаан идээ бүр тансаг хэрэглээ болж, дархлаагаа дэмжих боломжгүй байна. Багахан 500 гр ааруул авах гэхээр 10, 20 мянган төгрөг болж байна. Сардаа 300 орчим мянган төгрөгөөр хоол хүнсээ арайхийн цуглуулж байна” гэж учирлана.

"Нэг килограмм элсэн чихэр хэд вэ", "Хонины махны үнэ хэд бол", "Хоёр килограмм төмс авъя" гэсэн иргэд "Бөмбөгөр" худалдааны төвийн хүнсний тасагт тааралдана. Иргэдийн зүгээс цар тахлаас хойш эдийн засаг хүндэрч, цалин хөлс хаанаа ч хүрэлцэхээ больсон гэдгийг хэлж байна. Ам бүл цөөтэй, орон сууцанд амьдардаг жирийн нэгэн залуу өрхийн хүнсний зардал ийм байна.

Харин ам бүл олон, гэр хорооллын айл өрхүүд сард хэдэн төгрөгийг хоол хүнсэндээ зарцуулж, бүсээ чангалж амьдарч байгаа нь тодорхой.

ҮСХ: ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ДУНДАЖ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.8 ХУВИАР БУУРСАН

Үндэсний статистикийн хорооноос 2023 оны аравдугаар сарын 16-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 1.8, өмнөх долоо хоногоос 1.2 хувиар тус тус буурсан гэдэг "амьдрал"-гүй тоог танилцуулсан.

"Бөмбөгөр" худалдааны төвийн гурил, будааны лангуу үйлчлүүлэгч ихтэй хэсгийн нэг. Худалдагч нь "Манай бүх бараа борлуулалт сайтай. Гэхдээ иргэдийн худалдан авах чадвар буурч, хоол хүнсээ жижиглэнгээр, бага багаар худалдан авдаг болсон" тухай ярьсан юм. Жишээлбэл, 10 мянган төгрөгөөр нэг килограмм будаа, 500 гр сахар, үлдсэнд мөнгөндөө багахан гоймон худалдан авдаг аж.

Үнийн хувьд огцом өссөн бараа гэвэл элсэн чихэр. Гурван сарын өмнө 3800 төгрөгийн үнэтэй байсан элсэн сахар одоо 4300-4500 төгрөг болжээ.

Харин цагаан будаа сортоосоо хамаараад 3500-4800 төгрөгийн үнэтэй. Гурил таван килограмм нь 11-13 мянга, 10 килограмм нь 23 мянган төгрөг бол 25 килограмм гурил нь 51-53 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байлаа.

ӨНДӨГНИЙ ҮНЭ НЭМЭГДЭЭД НЭГ САР БОЛЖ БАЙНА

Иргэд мах, гурил, хүнсний ногооноос гадна өндгийг хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг. Өндөгний худалдагч О.Туул "Өндөг 550-590 төгрөгийн үнэтэй болж, нэмэгдээд нэг сар болж байна. Гэсэн хэдий ч иргэдийн худалдан авалт харьцангуй гайгүй байна. Иргэд мах, ногооны хажуугаар хоол хүнсэндээ өндөг хэрэглэдэг" гэсэн юм.

Харин сүү цагаан идээ иргэдийн хувьд "тансаг" хэрэглээ болсон байна. Ихэвчлэн дотоодын үндэсний үйлдвэрлэгч, малчдаас бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг ч үнэ нь дийлдэхээ байсныг иргэд хэлж байв. Худалдагч "Иргэдийн худалдан авалт сайн байна. Хамгийн борлуулалттай бүтээгдэхүүн сүү байдаг. Үнийн хувьд 4200 төгрөг бөгөөд үнэ нь тогтвортой байгаа" гэлээ.

Ногооны худалдагч Б.Даваажав "Иргэдийн худалдан авалт эрс буурсан байна. Энэ намар хүнсний ногооны үнэ өндөр байна. Ургац хураалтын улирал болж байгаа ч хүнсний ногооны үнэ буураагүй. Өдийд үнэ нь харьцангуй хямд болсон байх ёстой ч төмс гэхэд 1500 төгрөгөөс буухгүй байна. Шинэ ургацын ногоо гарахаар төмс ядаж 1000 болж хямдардаг. Иргэд таван килограмм ногоо худалдан авдаг байсан бол 2-3 кг болсон. Хажуугаар нь мах их үнэтэй байна. Би гэхэд таван төрлийн хүнсний ногоог тээвэрлэлт, түрээсийн зардлаа нэмээд 200-1000 төгрөг нэмж зарж байгаа.

Төмс 1500 төгрөг, лууван манжин 2500 төгрөг, байцаа 1500 төгрөгийн үнэтэй зарж байна. Бид хамгийн доод үнээр зараад байгаа нь энэ" гэж учирлав.

Махны лангууны хэсгээр үйлчлүүлж буй иргэн Д.Солонго "Махны үнэ өндөр байна. Авсан махаа дуусгаад зах руу орж ирэхэд дахиад үнээ нэмсэн байдаг. Энэ наймаачдад үнээ буулгана гэсэн ойлголт ер  байдаггүй. Цалин хөлс, тэтгэвэр халамж нэмэх сураг ажгаар шууд бараа бүтээгдэхүүнээ нэмнэ. Үнээ нэмсний дараа дахин нэмнэ. Буцаад хэзээ ч үнээ буулгадаггүй. Би бол валютыг тогтвортой байна гэж хараад байгаа. Тэгсэн мөртлөө үнэ нь буудаггүй.

"Талх чихэр" компанийн гурилан бүтээгдэхүүний үнэ маш их нэмэгддэг. Худалдагч нар нь "Цаанаасаа ингэж ирсэн" гэж ам тагладаг. Гурилан бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэсэн гурилаараа үйлдвэрлэж байгаа мөртлөө 6000-10 мянган төгрөгөөр боорцог худалдан авч байна. Үндсэн гурилын үнэ нэмэгдээгүй байхад үнээ зохиомлоор үгсэн хуувилдаж, нэмээд байдаг. Ард иргэдийнхээ амьдралд нийцүүлж, үнээ огт буулгадаггүй" талаар бухимдан ярилаа.

ӨРХИЙН ЗАРДАЛД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ ХАМГИЙН ЭМЗЭГ ТУСЧ БАЙНА

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа:

-Инфляци 2023 оны эхний есөн сарын байдлаар 10.1 хувьтай гарсан. Өнгөрсөн наймдугаар сард есөн хувь руу орж буурсан боловч эргээд өслөө. Үүнд боловсролын салбарын үнийн өсөлт нөлөөлж байна. Одоогийн статистик мэдээгээр энэ салбарын өсөлт 16 хувийн өсөлттэй байна. Их дээд сургуулийн сургалтын төлбөр 20 хувиар нэмэгдсэн нь нөлөөлж байгаа юм. Мөн зочид буудал, нийтийн хоолны салбарын үнэ 18 орчим хувийн өсөлт нөлөөлж байна.

Инфляцийг бууруулахад эерэг нөлөө үзүүлж байгаа зүйл бол мах, хүнсний ногооны үнэ. Сүүлийн гурван сарын хугацаанд мах, байцаа, луувангийн үнэ буурсан үзүүлэлттэй байгаа. Шатахууны үнэ тогтвортой байгаа боловч инфляци нэмэгдэж байгаад анхаарал хандуулах шаардлагатай. Өрхийн орлого цар тахлын үе буюу 2021, 2022 онд эрс буурч байсан бол энэ оны эхний улиралд нэг орчим хувь, хоёрдугаар улиралд 2.7 хувиар өссөн. Тэгэхээр эдийн засгийн өсөлт хэзээ өрхөдөө очиж, шингэх вэ гэдэг асуулт гарч байна.

Өрхийн зардлын хувьд хүнсний бүлгийн үнийн өсөлт хамгийн эмзэг тусч байгаа. Энэ оны есдүгээр сарын байдлаар хүнсний бүлгийн үнийн өсөлт 17 орчим хувьтай гарсан. Өндөр өсөлттэй бүлэг хэвээр байгаа.

Цар тахлаас хойш хүнсний бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин өсч, 70 хувьд хүрээд байна. Орлого багатай, эмзэг өрхүүхэд хүнд тусч байна. Тухайн өрхийн орлогын зардлын гуравны нэг буюу 30 гаруй хувийг хүнсний бүтээгдэхүүнд зарцуулдаг бол өндөр орлоготой иргэдийн зардал 10 орчим хувьтай байдаг. Мах, гурил, будааны үнэ нэг жилийн хугацаанд нэмэгдсэн. Ялангуяа гурилын үнэ 40 гаруй хувь нэмэгдэж, талх гэхэд 40 хувиар нэмэгдэж, 2450 төгрөгийн үнэтэй байна гэв.

Гэрэл зургийг О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж