УИХ-ын гишүүн Ц.Туваантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-АН-ын бүлгээс өчигдөр Covid-19-ийн ерөнхий хяналтын сонсголыг шинжээчгүй гэсэн үндэслэлээр хойшлууллаа. Өөрөөр хэлбэл, эрх баригчид 20 их наядын асуудлыг хөндөхөөс зугтаж, шинжээч томилохгүй байна уу?
-2020-2024 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд АН сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа. Сөрөг хүчин яах гэж байдаг вэ? Ард түмэн биднийг эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль зөрчсөн асуудал үйл явдлыг нийтэд мэдээлэх үүрэг оноосон. Өөрөөр хэлбэл, эрх баригчдын үйлдэлд хяналт тавьж мэдээлэх нь сөрөг хүчний үүрэг. Цар тахлын үеэр 20 их наядыг вакцин худалдан авалт, эм тариа, маск зэрэгт зарцуулсан нь бий. Үүн дээр нэмэгдээд хэвлэл мэдээлэл рүү зарцуулсан зардал орж ирж байна. Тиймээс дээрх асуудлынхаа тайланг ил болгох ёстой гэх агуулгаар хяналтын сонсгол хийх гэж байгаа. Гэтэл хяналтын сонсголыг хөнгөхөн байдлаар, аргацааж өнгөрөөх гэж байна. Үүний тодорхой жишээ нь шинжээч томилуулах хүсэлтийг өгч, томилоод явъя гэхээр Эдийн засгийн байнгын хороо томилно /ЭЗБХ/ гэдэг. ЭЗБХ-нд МАН-ын гишүүд орж ирж хуралдаа суудаггүй. Бид асуудлыг тавихаар “та бүхэн улстөржлөө” гэж ярьж байна. Ямар нэгэн байдлаар хориг тээг тавиад байгаа асуудлууд анзаарагдаж байна. Энэ үеэр хийсэн худалдан авалтын тайланг өгөөч гэж бүлгээс хандаад албан бичиг явуулаад ажлын хэсэг байгуулахад материал ирдэггүй. Ерөнхий юм ирүүлээд байгаа.
АН-ын бүлгээс шинжээч томилтол нь явна. МАН-д Covid-19-ийн төсвийг ил тод болоосой гэж боддог эрүүл сэтгэхүйтэй гишүүд байгаа.
Хэрвээ шаардлага гарвал илүү ахисан түвшинд үйл ажиллагаа явуулдаг түр хороо байгуулах хүртэл явна. Хөгжлийн банкны түр хороо яаж ажилласныг та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр бид юм ярихаар "та нар яагаад улстөржөөд байгаа юм" гэж ярьж байна. Улстөрчид учраас улс төрийг мэдэрч ард түмэнд мэдээлэл өгөх үүрэгтэй. Өөрсдөө яаж улстөржсөнийг Монгол түмэн даяараа харсан. Хүмүүсийн нэр ус зарлаж байгаад шүүхийн яллах тогтоол хэлэх маягтай явуулсан. Дээрээс нь цар тахлын үеэр 20 их наядыг зарцуулсан гэдэг тоог яаж гаргаад байна вэ гэж асууж байна. Тухайн үед маш олон компаниуд хандив өгсөн шүү. Хандив өгөхөд тайлан байтугай алга дарам цаас ч өгөөгүй.
-Та ирэх оны төсөвтэй танилцсан уу. Төсвийг сонгуульд зориулсан төсөв гэж эдийн засагчид шүүмжилж байгаа. Санал нийлэх үү?
-Одоогоор 2024 оны төсвийн хууль эхний хэлэлцүүлэг дээр явж байна. Энэ удаагийн төсөв 27 их наядын төсөв. Та бүхэн санаж байгаа бол 2020 оны төсөв 13-14 их наядын төсөв байлаа. Энэ богино хугацаанд төсөв нэг дахин тэллээ. Нөгөө ард иргэдийн шүүмжилдэг төсвийн алдагдал хэвээрээ байна. Тухайлбал, төсвийн алдагдал 2.1 их наяд шүү дээ. Дээрээс нь төсөв дээр нэмүү өртөг шингэсэн бодлогыг яагаад дэмжиж, хэрэгжүүлэхгүй байна вэ. Анх би УИХ-д орж ирээд хэлж байсан. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, тэр дундаа малчдын зовлогоо зовоон бэлдэж өгсөн түүхий эд ноос арьс, шир яагаад үнэгүй байгаа юм. Энийг үнэтэй болгох талаар хийж байгаа юм ерөөсөө алга. Энэ мэтчилэн зүйлсэд зарцуулах төсөв алга. Ирэх жилийн төсөв ний нуугүй хэлэхэд сонгууль угтсан төсөв болно. Өсч буй хэмжээ ч үүнтэй холбоотой.
ИРЭХ ЖИЛИЙН ТӨСӨВ СОНГУУЛЬ УГТСАН ТӨСӨВ БОЛНО
-Жишээ нь танай аймгийн төсөв ямархуу байна вэ. Жил бүр төсөв хэлэлцэхэд Хэнтий аймгийн төсвийг шүүмжилдэг. Танай аймагт шаардлагатай хөрөнгө оруулалт тавигдаж чадсан уу?
-Төсөв дээр эрх баригчид буюу ялсан тал нь Засгийн газраа байгуулдаг. Ялсан намын гишүүд аймаг орны хөгжил дэвшилтэй холбоотой асуудлыг яамдуудаар дамжуулдаг. Сөрөг хүчнийхэнд гишүүдэд бага хэмжээний хөрөнгө оруулалт тусгах боломж нээлттэй байдаг. Яагаад гэвэл бид нар Засгийн газар байгуулах хэмжээний эрх мэдэл алга. Тэгэхээр, аймгуудын төсөвтэй танилцаад л явж байна.
-Ярилцлагаа жаахан өөрчилье. НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох нь зөв үү. Сангийн сайдын тайлбарласнаар зөвхөн чинээлэг иргэдэд нэмэртэй гэх тайлбарыг хэлж байна?
-НӨАТ-ын асуудал нийгэм дээр ярих сэдэв болчхоод байна. Энэ бодлого АН-ын үед гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, 2012-2016 оны үед АН худалдан авалт тутамд хийгдэж буй НӨАТ-ын албан татварын хэмжээг ил болгосон. МАН-ын өнөөдрийн эрх баригчдын Засгийн газар азтай. Яагаад гэвэл, энэ бүрдүүлж байгаа төсвийн 30 орчим хувь нь НӨАТ-ын татвараас бүрддэг. Ер нь АН-ынхан анх энэ татварыг гаргаж ирэхдээ далд байгаа эдийн засгийг ил болгох зорилгоор хийсэн. Үүний хүрээнд төсвийн 30 орчим хувь НӨАТ-ын татвараас бүрддэгийг ойлгох хэрэгтэй. Эргээд төлсөн татвараасаа буцаагаад урамшуулал байдлаар хоёр хувиа авч байгаа. Үүн дээр иргэдийн санал маш чухал. 100 мянга гаруй иргэн саналаа өгчихөөд явж байна. Иргэд яагаад саналыг дэмжиж байна уу гэхээр ний нуугүй хэлэхэд иргэдийн амьдрал нь тааруу байна. Амьдралдаа нэмэр болох эх үүсвэрээ нэмэгдүүлье гэж хүсч байгаа нь тодорхой.
-Хэрвээ буцаан олголтын хувийг нэмэгдүүлчихвэл төсөв дээр дарамт ирэх үү. Та юу гэж бодож байна вэ. Магадгүй нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолчих вий гэдэг болгоомжлол байна?
-Өнөөдрийн байдлаар НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтод ойролцоогоор 200 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа болов уу. Нэг хувиар нэмэгдээд явахад 100 орчим тэрбум төгрөгийн дарамт шахалт төсөв дээр ирнэ гэдэг нь үнэн. Дээрээс нь их худалдан авалт хийсэн хүнд буцаад ирэх хувь нь өндөр байна гэж Сангийн сайдын хийсэн тайлбар ч үнэн.
Холбоотой мэдээ