“NEWS” агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт нэр дэвшин ялалт байгуулсан, УИХ-ын гишүүн Чимэдийн Хүрэлбаатарыг танилцуулж байна.
Тав дахь Засгийн газартаа сайд болж, саарал ордноос салахаа больсон албан тушаалтан бол УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар юм.
Ерөнхий сайд асан С.Баярын тэргүүлсэн Засгийн газарт Түлш эрчим хүчний сайд, С.Батболдын танхимд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, У.Хүрэлсүхийн танхимд хоёр ч удаа Сангийн сайдын алба залгуулсан түүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулж өгсөн.
Стратегийн чухал төслүүдийг хөдөлгөх зорилго дор тус яамыг байгуулж буйгаа мэдэгдсэн удаатай. “Оюутолгой” төслөөс өөр дорвитой том төсөл хөдөлгөж чадаагүй эрх баригчдын хувьд энэ удаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийсэн төрийн айлчлалын үеэр "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан нь ураныг хамтран ашиглах төслийг урагшлуулах алхам болсон. Мөн Засгийн газар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг Хятад улстай байгуулсан нь олон жилийн турш дуншсан бүтэлгүй төслөө эхлүүлэх нь үү гэдэг горьдлого тээлгэж буй. Гэхдээ энэхүү хоёр чухал төсөл Ч.Хүрэлбаатарыг Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилсны үр дүнд урагшиллаа гэж үзэхээс илүү үе, үеийн Ерөнхийлөгч нар болон Засгийн газар эрчим хүчний хараат байдлаас гарах оролдлогыг цуцалтгүй хийж, эрэлхийлж ирсний үр дүн гэж хэлж болно.
УИХ-аар Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэлсэн энэ өдрүүдэд ирэх онд эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрч чадах уу гэдэгт олон хүн эргэлзэж байна.
Учир нь, Олон улсын валютын сан Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг ирэх онд 4.5 хувь, Дэлхийн банк 6.3 хувь, Азийн хөгжлийн банк 6 хувь, Монголбанк 6 хувь гэж тооцсон бол Эдийн засгийн хөгжлийн яам 7 хувь гэж тооцон төсвийн хуульд тусгаад буй. Ингэхдээ эдийн засгийн дээрх өсөлтийг даган нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.долларт хүрнэ гэсэн нь төгрөгт шилжүүлбэл 18 сая төгрөг юм.
Гэвч Эдийн засаг хөгжлийн яамнаас энэ жил эдийн засгийн өсөлт 4.8 хувьтай гарч, нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрсэн тухай зарласан ч бодит байдал дээр иргэд нь цалингаас цалингийн хооронд амьдралаа залгуулах гэж оролдож, аж ахуй нэгжүүд нь өрнөөс өрний хооронд л үйл ажиллагаа эрхэлж байна. Уг нь эдийн засгийн өсөлт иргэдийн орлогод эерэгээр нөлөөлж, аж ахуйн нэгжүүд нь ажлын байраа нэмэгдүүлж байх ёстой боловч эсрэг дүнг үзүүлэх болсон. Иймээс Эдийн засаг хөгжлийн яам судалгааг бодитоор хийж чадаж байгаа юу гэж асуух хүн ч олон гарч байна.
Нөгөө талаар Эдийн засаг хөгжлийн яам нь уул уурхайгаас дан ганц хараат байгаа Монголын эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгуурт болгох бодлого хэрэгжүүлэх ёстой ч хөрсөн дээрээ үр дүн гарахгүй, PR-аас хэтрэхгүй л сууцгаана. Иймээс ирэх онд нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.долларт хүрнэ гэх үлгэрт хууртсанаас төсвийн тэр их тэлэлтийг дагаж, иргэдийн цалин инфляцад идэгдэн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч болзошгүй гэдэг сэтгэл зүйн бэлтгэл хангаж суух нь учрах эрсдэлээс сэргийлж мэдэх юм.
Л.Оюун-Эрдэнийн танхим хоёр ч “зангуу”-тай байсны нэг нь чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар “тэтгэвэрт”-ээ суусан бол нөгөө “зангуу” Ч.Хүрэлбаатар бүрэн эрхээ дуустал үзэх болж байна.
Засгийн газарт байсхийгээд хөдөлгөөн орж, “шүд” сугалах ажиллагаа явах болоход түүний нэр хавчуулагддаг ч яаж ийгээд үлддэг аргатай. Энэ удаад ч тэрбээр бусдыгаа үдээд үлдэх нь.
УИХ-д дөрвөн ч удаа сонгогдсон түүнийг намынхан нь боловсролтой, туршлагатай боловсон хүчин гэж үнэлдэг. Түүний энэ төрд үлдээсэн өв гэвэл нүүрсний хулгайг зогсоох зорилгоор биржээр арилжаалдаг болсон явдал. Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсийг арилжаалдаг болсноор үнэ нь өссөний зэрэгцээ мөн биет хэмжээ нь ч өссөн. Валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрэх хөшүүрэг нь энэхүү нүүрсний экспорт нөлөөлсөн гэж үзэж болно.
Хэлэмгий доломгойгоороо хэнийг ч урдуураа гишгүүлэхгүй. Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Тамгын газрын дарга асан З.Энхболд нартай уралцаж, тэрсэлдэж, өргөн барьсан төслүүд дээрээ хориг тавиулж, Хотгор шанагын уурхайг солонгосчуудад зарсан лицензийн наймаачнаар зарлуулж суусан ч хуулийнхны гар хүрч, шалгасан удаагүй. Нүүрсний хэрэгт нэр холбогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан Ж.Мөнхбат эл асуудлыг хөндсөн удаатай ч сайдын суудлаасаа буусан хонзондоо хөтлөгдөн, Ч.Хүрэлбаатар луу дайрлаа гэх сөрөг дайралтад л орсон.
Эрх ашигтай зүйлээ нийгмийн анхааралд оруулахын тулд Байнгын хороо, чуулганы танхимыг ашиглаад дуулиан тарихаа ч андахгүй.
Жишээ татвал, тэрбээр 2021 оны арваннэгдүгээр сарын 4-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр “…Хаан банкны хувьцааг авч байгаа мөнгө цэвэр мөнгө үү, бохир мөнгө үү гэдгийг зайлшгүй нягталж үзэх ёстой. Энэ ажил эцсийн эзэмшигч тодроогүй байхад түрүүлж тодрохгүй л байх. Үүнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газар, Тагнуул, маш сайн хяналт тавих ёстой. Хэрвээ энэ арилжаа наймаанд Монголын улстөрчид, түүний дотор шийдвэр гаргагчид оролцсон бол дэлхий даяараа шившиг болно” гэж мэдэгдэж байв. Гэвч эл асуудал дуулиан болсноос цааш хэтрээгүй. Монголбанкны ерөнхийлөгчийг гөвшсөнөөс цааш яваагүй гэж хэлж болно.
Ер нь өөртэй нь холбоотой дуулианд нүүр номоороо дамжуулан няцаалт хийгээд цэвэрхэн аваад гарчихдаг аргатай.
Өмнөх парламентын үед Х.Баттулга, З.Энхболд нартай дөрвөн жилийн турш хулгайч, худалчаар дуудан хэрэлдсэн бол энэ парламентад Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдоод удаагүй байгаа Б.Энхбаяртай хамгийн их тэрсэлдэж буй. Хэн, хэн нь биедээ бууж өгөх дургүй тул чуулган, байнгын хорооны хуралдааны үеэр зөрчлөө ил цагаан илэрхийлнэ. Нүүр номоороо дамжуулан жиргэнэ. Тухайлбал, өнгөрсөн жил Засгийн газар 2023 оны төсвийн төслийг өргөн мэдүүлсний дараа тэдний дунд мөн хэрүүл "босч", Ч.Хүрэлбаатар сайд "Б.Энхбаяр аа чамд хүний үгийг сонсох чих хэрэгтэй. Бодох толгой хэрэгтэй. Ойрын үед чиний попрол хэтрээд байгаа шүү. Чамд одоо даруулга хэрэгтэй. Гүтгэлэг тараана, хүн доромжилно" гэж анхааруулж байв.
УИХ-аар өнгөрсөн хавар Газрын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэхэд мөн л тэдний дунд маргаан үүссэн. Тус хуулинд "гадаадын иргэн, хуулийн этгээдэд газрыг 60+40=100 жилээр ашиглуулна" гэсэн заалт тусгасан байсныг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Ч.Хүрэлбаатар зориудаар ийм төсөл оруулж ирлээ” гэж шуугиулсан бол сайд Ч.Хүрэлбаатар “Хуулиа унш Б.Энхбаяр аа. Ийм заалт угаасаа хуульд байсаар ирсэн” гэж няцаасан юм.
Сонгууль дөхсөнийх үү, эсвэл Ерөнхий сайд асан Сү.Батболдоос тэд “эрүүний шөл” уусан уу, чимээгүй байцгаах болсон. МАН доторх Сү.Батболдын фракцад тэд багтдаг.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
- 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр
- 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан
- 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш
- 1998-2000 онд ЭЗБД төсөлд ахлах эдийн засагч
- 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх
- 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
- 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайд
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
- 2021-2022 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2022 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эдийн засаг, хөгжлийн сайд
ШАГНАЛ:
- 2005 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан
- 2006 онд Засгийн газрын хүндэт өргөмжлөл
- 2006 онд Алтангадас одон
- 2011 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
ГАДААД ХЭЛ:
- Англи, Орос
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ