Монгол Улсын шигшээ багийн тамирчин Б.Чинзоригоос допингийн хориотой бодис илэрч, шигшээ багаас хасаад буй. Тиймээс Монголын боксын холбооны шинэ ерөнхийлөгч У.Баатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Боксын холбооны шинэ ерөнхийлөгчийн үүргийн түр орлон гүйцэтгэгчээр сонгогдсон. Ажлаа юунаас эхлэхээр зорьж байна вэ?
-Монголын боксын удирдах зөвлөлийн хурал болоод тус холбооны ерөнхийлөгчийн үүргийг Парисын олимпийг дуустал түр орлон гүйтгэхээр энэ ажлыг хүлээж авсан. Мэдээж манай холбоо 75 жилийн түүхтэй, олимп, дэлхийн аваргуудтай Монголын топ холбоодуудын нэг. Хийх ажил маш их байна. Хийсээр ч байгаа одоо ч гэсэн хийж байна. Энэ ажлууд дундаас эрэмблэхийн бол өнөөдөр хамгийн чухал ажил бол манай Б.Чинзоригийн асуудал байгаа учир ойрын хугацаанд бидний гол анхаарлаа хандуулж байгаа асуудал энэ байна. Энэ асуудал дээр тамирчдаа хэрхэн дэмжиж ажиллах уу, эрх нь үнэхээр зөрчигдсөн бол хэрхэн хамгаалах уу, хэрхэн зөв шийдэх үү гэдэг дээр анхаарч ажиллаж байна.
-Б.Чинзоригийг үндэсний шигшээ багаас хассан гэж олон нийт ойлгоод байгаа?
-Допингтой холбогдоно гэдэг бол мэдээж хариуцлагын асуудал заавал яригдана. Допингтой холбогдлоо гэдэг мэдээлэл бидэнд ирэхэд холбооны зүгээс тамирчнаас тодруулга мэдээлэл авсан. Б.Чинзориг бусад тамирчдын эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлж энэ асуудлыг нэг талдаа шийдтэл шигшээ багаас түрдээ халагдах хүсэлтийг тавьсаны дагуу шийдвэрлэсэн. Монголын боксын холбоо, Биеийн тамир, спортын улсын хороотой гэрээтэй ажилладаг. Энэ юу гэсэн үг бэ гэвэл манай шигшээ багийн тамирчид тус байгууллагаас цалин авдаг. Тэгэхээр цалингийн асуудал түрдээ зогссон гэсэн үг юм. Тэгэхээр халсан гэдэг тушаал холбооны зүгээс гарсан. Тэр тушаалыг Биеийн тамир, спортын улсын хороонд хүргүүлсэн. Яах вэ энэ процессийг хүмүүс л шууд утгаар нь ойлгоод байгаа юм.
-Б.Бат-эрдэнэ сайд санхүүжилтыг зогсооно гэсэн. Энэ боломжтой юу?
-Энэ бол миний хувийн байр суурь гэхээсээ илүү мөн манай боксын холбоо болон бусад спортын топ төрлүүд Биеийн тамир, спортын улсын хорооноос санхүүжилт авдаг спортын төрлүүдэд ч хамаатай. Бид энэ асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороотой зөвшилцсөн байсан гэтэл нийтээр нь шигшээ багийн санхүүжилтыг зогсооно гэдэг чинь ганцхан шигшээ багийн тамирчид ч биш боксоор хичээллэж байгаа нийт хүүхэд залуус, боксын спортод бүхий л амьдралаа зориулсан багш дасгалжуулагч нарын эрхийг ноцтойгоор хөндсөн үйлдэл юм. Зөвхөн өнөөдрийн санхүүжилт хэдэн хүний цалингаар энэ спортыг төсөөлж огт болохгүй. Б.Бат-эрдэнэ сайдын энэхүү шийдвэр нь цаг үеэ олоогүй, хэт яарсан нэг талыг барьсан шийдвэр байсан. Энэ талаар бид үнэхээр ойлгоогүй. Албан ёсоор буруутай нь тогтоогдоод шүүхээс шийдвэр нь гарвал энэ асуудлыг шийддэг өөрийн гэсэн олон улсын хууль дүрэм нь байсаар байхад зөвхөн салбарын сайд нь шийддэг мэтээр харагдуулж байгаа нь эцэстээ маш буруу. Салбарын сайдын хувьд маш болчимгүй үйлдэл юм.
Холбоотой мэдээ