Олон жилийн явцтай одоог хүртэл бүрэн ашиглалтад ороогүй Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажил сүүлийн долоон жил үргэлжилж буй. 200-хан км урттай, хурдны биш зам атлаа хугацаа алдах болсон шалтгаан тоймгүй их. Цар тахал зэрэг давагдашгүй хүчин зүйлээс гадна ажил царцах болсон олон шалтгааныг холбогдох хүмүүс нэрлэдэг. Түүгээр ч зогсохгүй олон хүний амийг авч одсон тус замын бүтээн байгуулалттай холбоотойгоор цөөнгүй хүнийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж байгаа. Тус замд зөвхөн зуурдаар нас барсан хүний тоог авч үзвэл 100 хол давсан. Тээврийн цагдаагийн албаны статистик мэдээллээс харвал 2018-2021 оны хооронд нас барсан хүний тоо 127. Үүнийг задалбал,
- 2018 он -22
- 2019 он-14
- 2020 он -3
- 2021 он-88 хүн Дарханы замд осолдож амь насаа алджээ.
Өчигдөр мөн тус замд зам тээврийн ноцтой осол гарч хоёр хүн нас барж, дөрвөн хүн хүнд бэртсэн.
ТОЛИГОР ЗАМЫГ ГОЁ ЗАМ ГЭХГҮЙ
Гэсэн ч албаныхны статистик байсан ч ажлын явцад энэ нь төдийлөн нөлөөлдөггүй. Жолоочид ч удаа дараа анхааруулж, уг чиглэлд урсгал сөрөх, хурд хэтрүүлэх, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ хангалттай байхгүйгээс осол их гарч байгааг хэлдэг. Энэ талаар Замын цагдаагийн газрын олон нийттэй харилцах албаны дарга асан хурандаа С.Энхтөр мөн анхааруулга бичвэрийг цахим хуудастаа нийтэлсэн.
Тэрбээр, Дарханы замаар шөнө зорчиход өндөр хурдтай явж байгаа жолооч нар аль зорчих хэсэг рүү яаж орох нь тодорхойгүй маш аюултай байна. Мэдээллийн байгууламж тэр дотроо тэмдэг тэмдэглэл нь ойлгомжгүй, цөөхөн учир жолооч нар багцаагаар явж байгаа нь их. Туузан хашлага бол эхлэл төгсгөл дээр ямар ч мэдээлэл анхааруулга алга, сүлбүүлж үхмээр. 2, 3 газар л км орчим гайгүй сайн хийгдсэн хэсэг байна гэж харлаа.
Шөнө бол жолооч нар ар, өврөөс гэрлээр зүгээр л сохолж байна. Толигор болохоор гоё зам л гээд байгаа байх, аюулгүй замыг л гоё зам гэнэ шүү дээ хэмээн бичсэн. Үүнийг тус замаар зорчдог олон хүн шэйрлэж, үнэхээр тулгамдаад байгаа асуудал гэдгийг ч илэрхийлж буй.
Харин Зам тээврийн яамнаас замчдын бүтээн байгуулалтын ажлыг битгий үгүйсгээсэй. Тус замын ажил бүрэн дуусаагүй гэдгийг онцолсон.
ЗАМЫН АЖИЛ БҮРЭН ДУУСААГҮЙ БАЙХАД ДҮН ТАВИХГҮЙ БАЙХЫГ ХҮСЭВ
Тодруулбал Зам тээврийн дэд сайд Л.ХАЛТАР:
-Олон мянган замчдын ажлыг улстөржүүлж, шороотой хутгамааргүй байна. Дарханы замаар улстөр хийгээд хэрэггүй. Ажил явдгаараа явж байгаа. Хүмүүсээс нэг л зүйлийг хүсмээр байна. Энэ бол хурдны зам биш учир хурдаа тохируулж явахыг. 2023 оны арваннэгдүгээр сард дөрвөн эгнээний хөдөлгөөнийг нээнэ.
Өнөөдрийн байдлаар өнгө хучилтын ажил үргэлжилж байна. Үүний дараагаар хөвөө, цагаан зураас, туузан хашлага, төмөр бетонон хашлагууд хийгдэнэ.
Замын ажил бүрэн дуусаагүй байна. Хөдөлгөөний аюулгүй байдлын тухайд Тээврийн цагдаагийн албанаас тогтмол хяналт тавьж байгаа. Замын ажлуудын хувьд Зам тээврийн яамнаас шаардлагуудаа тавиад явж байгаа. Багцын гүйцэтгэгч нартай бид тогтмол уулзаж байгаа. Тэмдэг, тэмдэглэгээ дутуу хэсэгт арваннэгдүгээр сарын 5-н гэхэд бүрэн суурилуулна. Тиймээс энэ ажлуудыг битгий улстөржүүлж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсье.
БАГЦ ЗАМУУДЫН АЖИЛ БҮГД 70-ААС ДЭЭШ ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам 90 хувийн гүйцэтгэлтэй, суурь хучилт бүрэн дууссан талаар энэ сарын эхэнд мэдээлсэн. Тухайлбал, Азийн хөгжлийн банк (АХБ)-ны санхүүжилтээр хэрэгжиж буй гурван багцын барилгын ажил дуусч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээгээд буй. Үлдсэн хоёр багц болох хоёрдугаар багц 84.5 хувь, дөрөвдүгээр багц 79 хувийн, нийт 90 хувийн гүйцэтгэлтэйгээр 260 гаруй хүн, 119 машин механизм техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа аж.
Харин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хийж буй нэмэлт хоёр эгнээ авто замын барилгын ажил 74 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал:
- Баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх нэгдүгээр багц 79.53 хувь,
- Хар модот давааны араас Урьхан хүртэлх хоёрдугаар багц 69.59 хувь,
- Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх гуравдугаар багц 78.41 хувь,
- Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх дөрөвдүгээр багц 70.74 хувь,
- Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх тавдугаар багц 69.86 хувийн гүйцэтгэлтэй, 540 орчим хүн, 250 гаруй техник, машин мехнизмтай ажиллаж байна.
Авто зам нь чанартай баригдсан байхаас гадна аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, тэмдэг тэмдэглэгээг тавихаас эхлээд хурд сааруулагч зэргийг орхигдуулах хийх нь чухал. Тиймээс олон хүн тус замд осолдож амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай ослууд олон болсон тул аюул дагуулсан Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг стандарт шаардлагын дагуу даруй дуусгаж, хөдөлгөөний урсгалыг хэвийн болгох хэрэгцээ шаардлага их байна.
Холбоотой мэдээ