НӨАТ: Иргэдийн хүсэл эрх баригчдын хясал!

Хуучирсан мэдээ: 2023.10.23-нд нийтлэгдсэн

НӨАТ: Иргэдийн хүсэл эрх баригчдын хясал!

НӨАТ: Иргэдийн хүсэл эрх баригчдын хясал!

МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын дарга Х.Нямбаатарын оруулж ирсэн хуулийн багц төслүүдийг хэлэлцээд гэр хорооллыг барилгажуулах компанийг гаалийн татвар НӨАТ-аас чөлөөлөхийг дэмжжээ. Тэгвэл Petition.parliament.mn буюу "Нийтийн өргөдөл, гомдлын систем"-д Нэмэгдсэн (НӨАТ)-ын буцаан олголтыг 5 хувь болгож нэмэгдүүлэх саналыг 100.000 гаруй дэмжсэн байна. Өнөөдрийн байдлаар НӨАТ-ын буцаан олголт хоёр хувь байгаа аж. НӨАТ-ыг хоёр хувийг иргэдэд буцаан олгодог болсны цаана зах зээл дэх далд мөнгийг бүртгэлжүүлэхэд гол зорилго нь чиглэгдсэн. Эцсийн хэрэглэгчдээр дамжуулж, далд эдийн засгийн илрүүлэх шинэчлэл багагүй үр дүнгээ өгч төсвийн нийт орлогын 24-27 хувийг НӨАТ бүрдүүлдэг болсон.

Тиймээс иргэд төлсөн НӨАТ-ынхаа таван хувийг буцаан авъя л гэж байна. Мэдээж, энэ асуудал сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээнд багагүй хэлэлцүүлэг, маргаан дагуулах болсон билээ.  Зөвхөн нийгмийн сүлжээнд ч биш эрх баригчдын хоорондоо ч энэ асуудлаар эсрэг тэсрэг байр суурьтай байгаа нь  УИХ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан хоёрын “зөрчилдөөн”-өөс харагдаж, хардагдаж ч байгаа.

Сангийн сайд Б.Жавхлан "НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгоё гэвэл ирэх оны төсөвт 600 тэрбум төгрөг шаардлагатай" гэж эсэргүүцэж буй. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар “Буцаан олголтыг таван хувь болгож нэмэгдүүлсэн нөхцөлд иргэдийн гарт очих урамшууллыг өсгөхөд нэмэлтээр 600 тэрбум төгрөгийн эх үүсвэр төсөвт шаардлагатай гэх тооцоо гарсан. Тэгвэл энэ эх үүсвэрийг төсвийн үр ашиггүй зардлыг танах зарчмаар бүрдүүлэх боломжтой” болохыг ч тодотгосон.

Ямар ч байсан иргэдийн санал 100 мянган хүрсэн. Зуун мянган хүрсэн тохиолдолд  холбогдох байнгын хороо хуулийн төсөл санаачлах боломжтой болж байгаа юм. Харин УИХ-ын гишүүд хэний талд кноп дарах нь сонирхол татаж байна.

НӨАТ-аас улсын төсөвт 2020 онд 2.2 их наяд төгрөг төвлөрч байсан бол 2024 онд 6.1 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ.  Энэ нь нийт орлогын гуравны нэгтэй тэнцэх мөнгөн дүн. Тиймээс татварын урамшууллыг шударгаар тогтоох замаар иргэдийн хэрэглээг дэмжих, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн дарамтыг бууруулах, цаашлаад татварын бааз суурийг нэмэгдүүлэх, далд эдийн засгийг хумих боломжтой болохыг ч эдийн засагчид тодотгож буй.

Ийнхүү НӨАТ-ыг нэмэх нь иргэдийн хүсэл хэдий ч энэ байдлаараа эрх баригчдын хясалтай нүүр тулж мэдэх нь. Үнэндээ хөдөөд соёлын төв байгуулах уу, иргэдээ НӨАТ-ын таван хувийг буцааж олгох уу гэдгийг эцсийн эцэст УИХ шийднэ. Тэр тусмаа УИХ дахь МАН-ын олонх.

УИХ-ын үндсэн зорилт ард түмний засаглах эрхийг хангахад оршино. Энэ бол цагаан дээр хараар бичсэн хуулийн заалт. Илүү тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 3.1-т ингэж заасан байдаг.

Иймээс ард түмний засаглах эрхийг хангах үндсэн зорилгоо УИХ нэг тавих уу, улстөржилтөө нэгд тавих уу гэдгийг нь харж л байя даа. Харин "Татварын болон Эрүүгийн хуультай холбоотой асуудлаар иргэдээс санал авах нь буруу жишиг гэж үзэж байна. D-parliament.mn-д журмынх нь тухайд шинэчлэл хийх шаардлагатай" гэж хэлсэн олонхын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хэлдэг иргэдийнхээ эрхэнд халдсан үг, үйлдэл шүү.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж