Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн сурагчид өнгөрсөн есдүгээр сарын 21-нд ангидаа байхдаа хордсон. Хордсон нэг ангийн хүүхдүүдэд өнгөрсөн долоо хоногт дахин хордлогын шинж илэрч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д хэвтэн эмчлүүлж буй. Тус сурагчид цахимаар хичээллэж байсан ч хордлогын шалтгааны дүгнэлт гараагүй учир хоёр долоо хоногийн өмнөөс сургуулиас нь дотоод зохицуулалт хийж сургуулийн үндсэн байр руу дунд ангийнхныг шилжүүлсэн.
Гэвч сурагчдын хордсон шалтгааны дүгнэлтийг одоо хүртэл тайлбарлах хүн үл олдоно. Эцэг эхчүүд, сурагчид төдийгүй хүүхэдтэй хүн бүр анги танхимдаа хордсон сурагчдын хордлогын шалтгааныг тайлбарлахыг шаардаж байгаа юм.
Нэг ангийн сурагчдад толгой эргэх, дотор муухайрч, нүд нь харанхуйлах ижил шинж илэрч байгааг нь түрээслэгч сургуулийн байрны захирал нь газ үнэртсэнээс болсон байж болзошгүй гэж хээв нэг хариулж байгаа нь ч учир дутагдалтай. Сургуулийн байргүйгээс сурагчид зориулалтын бус анги танхимд эрүүл мэндээрээ хохирч байгаа энэ асуудал нь салбар яамныхны ч анхаарах асуудал.
НЗДТГ, НБГ, НЭМГ, 18-Р СУРГУУЛИЙНХНААС БҮРДСЭН АЖЛЫН ХЭСЭГ ЮУ ХИЙВ?
Хордсон хүүхдүүд сургуулийн өмнөх түрээсийн байрны ангиас гарч байсан үнэр үндсэн сургуулийн ангиас нь үнэртсэн болохыг ч хэлсэн байна. Хордлогын шинж илэрсэн сурагчид яаралтай тусламжийн эмчид болон гэрийнхэндээ, ширээний доош тонгойхоор өмхий үнэртэж, бохирын хоолойн ус шиг үнэр паарнаас гарч байсан гэж хэлсэн байгаа юм. Харин ажлын хэсгийнхэн болон цагдаагийн газрынхан тус мэдүүлгийг хэрэг бүртгэлдээ бүртгэж, Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээхээс өөр аргагүйгээ мэдэгдсэн. Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газарт хариуг яаралтай гаргах хүсэлтээ албаныхан хүргүүлсэн.
Өмнөх ангийн үнэр тархсан шалтгааны дүгнэлт гараагүй байсан ч тус сургуулийн үндсэн байрны ангид албаныхан дахин шинжилгээ авахаар болсон.
Шинжээчдийн дүгнэлтийн хариу гарсан эсэхийг холбогдох ажлын хэсгээс тодруулахад тус бүрдээ хүлээгдэлтэй байгаа бөгөөд дүгнэлт, шалтгаан нөхцөл нь шууд мэдээлэл хийнэ гэхээр гарчихгүй гэдгийг ч онцолсон. Ажлын хэсэгт нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдээс гадна цагдаа, сургуулийн зүгээс мөн хүмүүс багтсан. Тус ажлын хэсэг шүүх эмнэлгийн хариуг шууд мэдээлэх боломжгүй бөгөөд нэгдсэн хариуг эцэг, эхчүүдтэй адил хүлээхээс өөр аргагүй байгаагаа учирлав.
Тодруулбал, хордлого юунаас үүдэн гарсан талаар мэргэжлийн байгууллагууд л тодорхойлох тул, газ үнэртсэн гэх зэрэг нь ташаа мэдээлэл. Дүгнэлтийг ажлын хэсэг гаргахгүй. Шүүх шинжилгээний дүгнэлт эцэслэн гараагүй байна гэсэн юм.
Нөгөө талдаа шүүх эмнэлгийн хувьд сурагчид хордсон шалтгаан нөхцөлийн дүгнэлтийг нийтэд танилцуулах боломжгүй гэх. Тэгвэл хоёр дахь удаагаа ангидаа хордсон сурагчдын асуудлыг шийдвэрлэхээр томилогдсон ажлыг хэсэг хэрхэх вэ?
УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТИЙГ ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮЛЭЭЖ АВААГҮЙ
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодруулахад "Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол дээд сургуульд хичээллэж байсан 18 дугаар сургуулийн зургадугаар ангийн хүүхдүүд шалтгаан тодорхойгүй хордлогын улмаас эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн бөгөөд түрээслүүлэгч Монгол дээд сургуулийн байрны дотоод орчны агаар дахь бохирдуулагч бодис, физик нөлөөллийн үзүүлэлтэд хэмжилт, шинжилгээ хийсэн. Хэмжилтээр тухайн ангийн дотоод орчны агаарт үнэрийн бохирдол үүсгэгч бодисууд болох аммиак, хүхэрт устөрөгчийн илрүүлэх шинжилгээ хийхэд стандартад заасан хүлцэх хэмжээнээс хэтрээгүй, илрүүлэх доод хэмжээнд хүрээгүй бөгөөд анги танхимын агаарт бохирдуулагч бодис илрээгүй.
Эрүүл ахуйн байцаагч нар “Нийтийг хамарсан хордлогын шинж чанаргүй” гэж дүгнэсэн. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын зүгээс оношилгоо, эмчилгээ болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Хүүхдүүдийн хордсон шалтгааныг эцсийн байдлаар шүүх шинжилгээний байгууллага тогтооно.
Урьдчилсан дүгнэлтээр анги танхимын агаарын чийгшил бага, агаар сэлгэлт муу, ариун цэврийн хангалтгүй байдал, анги дүүргэлт их байхаас шалтгаалан нүүрсхүчлийн хийн агууламж ихэснээс ангийн дотоод орчны агаарын чанарт нөлөөлж, агаар бохирдсон, агаарын өмхий үнэрийг дарахаар цацсан үнэртэй усанд агуулагдах химийн бодисоос хордлого үүссэн байж болзошгүй.
Харин хяналт шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн. Ариун цэврийн өрөөнүүд агааржуулалтын системд холбогдоогүй, гар угаагуурын тоо хүрэлцээгүй, анги танхимын агаар сэлгэлтийн хоолойд үзлэг, үйлчилгээ хийдэггүй, ангид цэвэрлэгээг хийдэггүй, шал, хана, ширээ бохир, дээрх ангиудын хогийн сав, цэвэрлэгээний материалууд бохирдол ихтэй, ялгаатай, угааж, халдваргүйжүүлдэггүй нь Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдал, сургалт хүмүүжлийн орчны эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй байсан байна. Иймд хяналт шалгалтын явцыг үндэслэн хуульд заасны дагуу шинжээчийн дүгнэлт гаргаж, ХУД-ийн Цагдаагийн хэлтэст хүргүүлж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Ерөнхий боловсролын 18 дугаар сургуульд албан шаардлага бүхий хугацаатай үүрэг өгсөн" гэсэн юм.
Урьдчилсан дүгнэлтийг эцэг, эхчүүдэд танилцуулсан бөгөөд тэд тус дүгнэлтийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгджээ.
ХҮҮХДҮҮД ХОРДСОНТОЙ ХОЛБООТОЙ ТҮРЭЭСИЙН БАЙРАНД ХИЧЭЭЛЛЭХИЙГ ЗОГСООСОН
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин:
-Манай зүгээс сургалтын орчин, нөхцөл, түрээсийн байртай холбоотой байж болзошгүй гэж үзсэн учраас түрээсийн байранд хичээллэхийг зогсоогоод байгаа. Тодруулбал, Монголын бизнесийн дээд сургуульд 18 дугаар сургуулийн 6-8 дугаар ангийн 720 хүүхэд хичээллэж байсан. Сурагчдын хичээлийг тасалдуулахгүйн тулд үндсэн сургуулийн танхим болон цахим сургалтыг хослуулан үйл ажиллагааг явуулж байгаа. Мөн тус сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж байгаа бөгөөд арванхоёрдугаар сард ашиглалтад орно. Нийслэлийн Боловсролын газраас өргөтгөлийн барилгыг түргэн, шуурхай бариулахад анхаарч ажиллаж байна.
Холбогдох мэргэжлийн байгууллагуудын шинжилгээнд үндэслэн хичээл сургалтыг хэрхэх вэ гэдгийг шийднэ.
ХОТ ДАЯАР ХИЙ ҮНЭРТЭХ ҮЕЭР ХҮҮХДҮҮДИЙН ХОРДЛОГО СЭДЭРСЭН
Эцэг эхчүүдийн төлөөлөл:
-Шүүх шинжилгээний хариуг хүлээж байгаа. Газны үнэр ангид хэрхэн дэгдсэнийг мэдээлэхдээ ёс зүйтэй байх байсан юм. Жаахан хүүхдүүдийг газ гаргаж ирээд үнэрлэсэн юм шиг ярьсан. Яаж тэгэх юм бэ? Агааржуулалт муу байсан. 40 хүүхэд хичээллэх ёстой танхимд 54 хүүхэд чихсэн. Хот даяар хий үнэртэх үеэр хүүхдүүдийн хордлого сэдэрсэн. Агаарын чанарын үнэлгээг нь гаргаж өгөөч. Үгүй гэвэл эцэг эхчүүд бид өөрсдөө мөнгө гаргая. Оношоо зөв тодорхойлуулж, эмчилгээ хийлгэмээр байна. Маш их гомдолтой байна.
ЭХЭМҮТ-ийн төлөөлөл:
-Эмнэлэгт ирсэн хүүхдүүдийг манай эмч нар журмынх нь дагуу эмчлээд, хоргүйжүүлээд гаргасан. Дутуу эмчилнэ гэж байхгүй. Долоон хүүхэд ирээд одоо гурав нь эмчлүүлж байна. Эмнэлгийн зүгээс зөвхөн хордоод ирсэн хүүхдүүдийг л эмчлэх үүрэгтэй. Яагаад дахиад ирж байна вэ гэдгийг эцэг эхчүүд өөрсдөө онцгой байдлынхныг дуудаад “Хүүхдүүд маань яагаад хордоод байна вэ?” гэдгийг тэднээс тодруулах ёстой.
ЦЕГ: ХҮҮХДҮҮД АНГИДАА ХОРДСОН ХЭРГИЙН ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хүүхдүүд ангидаа хордсон хэргийг шалгаж байгаа. Одоогоор шалгалт үргэлжилж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Ямартай ч ангидаа хичээлээ хийж байсан сурагчид яагаад хордсон шалтгааныг яаралтай тогтоож, нийтэд мэдээлэх нь зүйтэй. Хэрэв энэ мэт тохиолдол дахин гарахад ийнхүү сар гаруйн хугацаа өнгөрсөн ч шийдвэрлэж чадахгүй бол олон хүүхдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй.
18 дугаар сургуулийн хордлого авч, эмнэлэгт хүргэгдсэн сурагчидтай Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас болон дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс сэтгэл зүйчид болон бусад мэргэжилтнүүд ажиллаж байгаа нь сайшаалтай ч чухам юунаас сурагчид хордсон нь нийгэмд хүлээлт үүсгэж байна.
Холбоотой мэдээ