НӨАТ-ын урамшууллын гуравдугаар улирлын буцаан олголтыг ирэх Баасан гаригаас олгож эхэлнэ. Буцаан олголтод 2023 оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримт буюу аравдугаар сарын 8-ны 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн дүн хамаарна.
Иргэд буцаан олголтын урамшууллаар татвараа төлөх боломжтой. Татварын байгууллагаас энэхүү хүсэлтийг аравдугаар сарын 18-23-ныг хүртэл авсан. Хүсэлт гаргаагүй иргэдийн хувьд буцаан олголтоо энэ сарын 27-ноос эхлэн авна.
Нийт 34 мянга 104 иргэн хөрөнгийн татвартаа 422,4 сая төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоороо төлсөн байна. НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр:
- Автотээврийн хэрэгслийн албан татвар
- Галт зэвсгийн албан татвар
- Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
- Газрын төлбөр
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
- Малын тоо, толгойн албан татвар
- Авто зам, замын байгууламжийн албан татвараа төлөх боломжтой юм.
НӨАТ-ын сугалааны тохирлын тухайд өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд тохиролд баримт таарвал:
- 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
- 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
- 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авах боломжтой.
НӨАТ-ын урамшууллын сугалааны өнгөрсөн есдүгээр сарын тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдсан. Шинэчлэн батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшуулын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.
Холбоотой мэдээ