УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг аравдугаар сарын 25-ны өдөр 10.00 цагт хийхээр товложээ. Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1941000320129 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг ийнхүү зарласан юм. Түүнтэй хамт охин Б.Гаваагийнх нь нөхөр, ХХААХҮЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан Э.Жаргалсайхан, авлигын хэрэгт ял шийтгүүлсэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Баярсайхан нар шүүгдэгчээр оролцох юм.
“Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппин улсаас саатуулагдан, ирсэн Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас хэд, хэдэн хэрэгт яллагдагчаар татан шалгаж, дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хэргийг нь хүргүүлсэн.
Харин нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Хэргийг тодруулбал, 2000-2004 онд Улаанбаатар хотын менежер, 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, мөнгө угаасан гэж үзжээ. Тухайлбал, 2018 онд Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежментийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчээр хахууль өгөгч хуулийн этгээдийг шалгаруулах үйл явцад өөрт давуу байдал бий болгох, ашиг сонирхлын үүднээс бусдад хахууль зуучилж, хахуулийн мөнгийг өөртөө ашиглан мөнгө угаасан.
Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал асан, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанийн захирал асан нарт хууль бусаар нөлөөлж, нэр бүхий компанид техникийн нөхцөл батлуулах, дулаан дамжуулах төвийг аялал жуулчлалын цогцолбор газарт байгулсны хариуд өөрийн хамаарал бүхий нэр дээр амины орон сууц шилжүүлэн авсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон юм байна. Сануулахад, сайд асан Т.Бадамжунай цагдан хоригдож байсан ч өмгөөлөгчийнх нь зүгээс хүсэлт гаргасныг шүүх өнгөрсөн долдугаар сарын 10-нд хуралдаж, хэлэлцээд суллаж, хилийн хориг тавьсан юм.
Тэрбээр 30 орчим орон сууцтай бөгөөд тэдгээр нь эхнэр, гурван охин, хоёр хүргэнийх нь нэр дээр байдаг талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм. Т.Бадамжунай нь 2012 онд Хүнс хөдөө аж ахуйн сайдаас бууснаас хойш төрийн ажлыг хийгээгүй ч МАН-ын санхүүжилт, сонгуулийн мөнгийг байнга зохицуулж ирсэн гэдэг.
Холбоотой мэдээ