558 тэрбумаар хэчнээн айлын янданг буулгаж болох байсан бэ?

Хуучирсан мэдээ: 2023.10.23-нд нийтлэгдсэн

558 тэрбумаар хэчнээн айлын янданг буулгаж болох байсан бэ?

558 тэрбумаар хэчнээн айлын янданг буулгаж болох байсан бэ?

Улаанбаатар хотын гэр хорооллыг сайжруулсан түлшээр хангадаг “Тавантолгой түлш” компани өрөнд баригджээ.

Учир нь, нэг тонн сайжруулсан түлшийг 450 мянган төгрөгөөр үйлдвэрлэдэг боловч иргэдэд 150 мянган төгрөгөөр нийлүүлдэг. Нэг ёсны үйлдвэрлэсэн түлшнийхээ тонн тус бүрээс 300 мянган төгрөгийн алдагдал хүлээсээр иржээ.

Таван жилийн хугацаанд тус үйлдвэрийн зөвхөн түлш үйлдвэрлэлээс үүссэн алдагдал 558 тэрбум төгрөгт хүрсэн байна. Цаашдаа үйлдвэр энэ жишгээр ажилласаар байвал алдагдлын хэмжээ улам л өснө гэсэн үг.

Үйлдвэр алдагдал өндөртэй ажиллах болсны шалтгааныг “Тавантолгой түлш” компанийн захирал Ц.Даваацэрэн анхнаасаа үйлдвэрийг барьж байгуулахдаа ТЭЗҮ-д заасны дагуу бариагүй, тоног төхөөрөмжийг буруу сонгосон зэрэг нь алдагдлын үндсэн шалтгаан болж байна” гэж тайлбарлаад буй. Мөн тус үйлдвэр 600 мянган тонн түлш үйлдвэрлэхийн тулд 1.7 сая тонн түүхий эдийг боловсруулах шаардлагатай болдог.  Энэ нь эргээд цахилгаанаас эхлээд хүн хүчний асар өндөр үр ашиггүй зардал шаарддаг байна.

Уг нь Хятад улсад жилдээ  600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэдэг үйлдвэрт нь 300 гаруй хүн ажилладаг бол “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 3000 гаруй хүн ажилладаг.

Өөрөөр хэлбэл, технологийн горим алдсан үйлдвэр байгуулснаас тус үйлдвэрт 10 дахин их хүн хүч ажиллахаас аргагүй болжээ. Цаашдаа үйлдвэрлэлийн алдагдлыг бууруулахын тулд технологийн шинэчлэл хийх шаардлага тулгарч байна.

Нөгөөтэйгүүр, Улаанбаатар хотын гэр хорооллын 240 мянга орчим айл өрхийн зуухыг шинэчлэх шаардлага ч үүссэн. Учир нь, айл өрхүүдийн зуух нь стандартын шаардлага хангадаггүйгээс угаартах эрсдлүүд өндөр байгаа.  Зовлонтой нь, үйлдвэрийн технологийн шинэчлэхэд, мөн айл өрхүүдийн зуухыг шинэчлэхэд хөрөнгө шаардлагатай.  Гэвч агаарын бохирдол буурах найдвар бага. Учир нь, технологийн шинэчлэлээр үйлдвэрлэлийн алдагдлыг л бууруулах болохоос биш түлшний чанарт ахиц гарахгүй. Иймээс агаарын бохирдол дорвитой бууруулж чадахгүй үйлдвэрийг цаашдаа ч ажиллуулсаар л байх нь хэр оновчтой вэ гэдэг асуулт ч тавигдаж буй.

Уг нь Засгийн газар өнгөрсөн хугацаанд гарсан алдаа дутагдлыг засч залруулах арга хэмжээг цаг алдалгүй авч чадсан бол гэр хорооллын янданг тодорхой хэмжээгээр бууруулах боломж бүрэн байжээ гэж үзэж болохоор буй.

Учир нь,  гэр хороололд зургаан ч дэд төвийг байгуулсан. Дэд төвийг түшиглэн гэр хороололд дахин төлөвлөлтийг эрчимжүүлж чадсан бол өнөөдөр 40 мянган өрх халаалт татах бололцоо бүрдэх байсныг үгүйсгэх аргагүй.

Монголбанкны ерөнхийлөгч ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэхэд 640 тэрбум төгрөг шаардлагатай тухай мэдэгдсэн.  Харин дээр дурдсан 580 тэрбумын алдагдал бол бараг л ипотекийн зээлийн санхүүжилтийг бүрдүүлэх бүрэн боломжтой мөнгөн дүн.

Нэг  өрхөд  200 сая төгрөгийн зээл олголоо гэж тооцоход 25 мянга орчим айлын орон сууцны ипотекийн зээл олгохтой тэнцэхүйц хэмжээний мөнгийг зөвхөн сайжруулсан түлш үйлдвэрлэхэд зориулж, алдагдал үүрчээ гэж хэлж болохоор байгаа юм.

Дээр нь “Тавантолгой түлш” компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-д дараа болсоор буйг ч сануулах эдийн засагчид буй. Шалтгаан нь, “Тавантолгой түлш” компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК- иас түлшний үйлдвэр байгуулах зорилгоор 900 орчим тэрбум төгрөгийн зээл аваад өнөөг хүртэл барагдуулж чадаагүй байгаа аж. Алдагдал ихтэй үйлдвэрлэл явуулж буйгаас авсан зээлээ төлөх боломж байдаггүй, арайхийн ажилчдынхаа цалинг чүү арай тавьж ирсэн.

"Тавантолгой түлш" компанийн захирал Ц.Даваацэрэн "Цаашдаа гэр хороололд дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх шаардлагатай. Түлш бол агаарын бохирдлыг бууруулах шийдэл биш" гэдэг сануулгыг ч өгсөөр байна.  Нөгөөтэйгүүр, гэр хороололд барилгажилтыг эрчимжүүллээ гэхэд цахилгааны эх үүсвэрийг нь дийлэхгүй гэдэг асуудлыг холбогдох албаныхан тавьж буй. Гэвч Covid-19 цар тахлын нэг жилд Засгийн газраас иргэн, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг тэглэх шийдвэр гаргаж, зардлыг нь "Эрдэнэт" үйлдвэр даахад 1.2 их наяд төгрөг зарцуулсан. Хэрвээ энэ мөнгийг цахилгаан станц барихад ашигласан бол өнөөдөр гэр хорооллоо барилгажуулахад эрчим хүчний асуудалгүй суух боломж байсныг ч хэлэх эдийн засагчид бий.

Гэвч сонгуульд зориулж улс төрийн шийдвэрүүд гаргадгаас энэ мэт ирээдүйгээ харсан төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэггүй нь асуудалтайгаа үлддэг, түүгээр ч зогсохгүй харьяанд нь байгаа үйлдвэр нь алдагдал хүлээж толгой компанидаа ч ачаа болж буйн тод жишээ болж байна.

Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Тавантолгой" компани Хятадад нүүрсээ үнэ хүргэн экспортоллоо ч охин компани нь жил бүр 100 гаруй тэрбум төгрөгийн алдагдал үйлдвэрлэж байхад яаж ч иргэдэд хувьцааны ногдол ашиг тараах билээ.

Цаашдаа төр агаарын бохирдлыг бууруулахад нэмэр болж чадахгүй, алдагдал үйлдвэрлэсээр байгаа "Тавантолгой түлш" компанийг хэрхэх вэ гэдэг шийдэл гаргахгүй бол дахиад таван жил болоход 558 тэрбум төгрөгийг "салхинд хийсгэсэн" гэдэг үлгэрээ ярин, мөн олон зуун хүн угаартаж, эрүүл мэнд, амь насаараа хохирсон гашуун түүхээ сонсон, Улаанбаатар хот өмхий хот хэвээр үлдэж мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж