Монгол Улсын эдийн засаг энэ жил 4,8 хувийн өсөлттэй болж чадсан гэж Засгийн газар дүгнэж буй. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанд үг хэлж, өнгөрсөн гурван жилд төсвийн бодлогын үр дүнд цар тахлыг амжилттай даван туулж, дайны хүнд үед эдийн засгийн өсөлтөө хадгалж, авлигатай хийх тэмцлээ эрчимжүүлж, далд эдийн засгийн хөшгийг хуулж, эдийн засаг хүртээмжтэйгээр тэлэх суурь нөхцөлийг бүрүүлж чадсан гэдгээ хэлэв. Тиймээс ч энэ жил эдийн засаг өсөлттэй байгаа учраас ирэх 2024 онд эдийн засаг долоон хувиар өсч, дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдхүүн анх удаа 6000 ам.доллар давна гэж төсөөлснөө зарлав. Өөрөөр хэлбэл, ирэх онд эдийн засаг мөн өсөлттэй байж, нэг иргэнд ноогдох ДНБ 6000 ам.долларт хүрнэ гэв. Мэдээж өнөөдрийн төрийн хэрэгжүүлж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тоог харвал эдийн засаг өссөн.
Эдийн засаг өсөхийн хэрээр иргэдийн амжиргаа сайжирч, ажлын байр нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар өсөх ёстой. Гэхдээ өнөөдөр иргэдийн худалдан авах чадвар бүр л муудаж, өргөн хэрэглээний барааны үнэ өссөн, цалин орлого нь амьдралдаа хүрэлцэхгүй байгааг захын гэр хороололд байгаа хүнсний дэлгүүрийн өрийн дэвтрээс харж болно. Эдийн засаг өсөлттэй байгаа энэ олон тоонууд бодит хөрсөн дээр хэрхэн бууж байгаа, иргэдийн бодит амьдрал ямар байгааг гэр хороолол гэлтгүй хотын хаа сайгүй байгаа хүнсний дэлгүүрийн өрийн дэвтэр тодорхойлчихож байгаа юм.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар өргөн хэрэглээний гол нэрийн барааны үнийн өсөлт өнгөрсөн саруудынхтай хэвээр хадгалагдаж байна. Махны үнийг эс тооцвол төмс, ногоо, өндөг, элсэн чихрийн үнэ өссөн дүнтэй байгаа ч тоо ярьдаг дарга нарт лав бодит мэдээлэл хүрэхгүй байгаа бололтой. Эдийн засаг үнэхээр өсөлттэй байгаа бол ажлын байр нэмэгдэж, ажилгүйчүүдийн тоо буурах учиртай. Ажилтай орлоготой хүмүүсийн тоо нэмэгдэх тусах иргэдийн худалдан авах чадвар сайжрах учиртай. Тиймээс эрхэм дарга нараас асуухад та бүхний яриад байгаа эдийн засгийн өсөлт чинь иргэдийн хаалгаар орохгүй байна, иргэдийн халаас зузаарахгүй байна гэдгийг хүнсний гол нэрийн барааны өсөлт, хүнсний дэлгүүрийн өрийн дэвтэр хэлээд байна.
Тайлбар: ҮСХ-оос гаргасан 6 болон 9 дүгээр сарын томоохон зах, худалдааны төвийн барааны үнэ, ханш
Ердөө гуравхан сарын өмнө 500 төгрөг байсан өндөг өнөөдөр зарим зах худалдааны төвд 600 төгрөг болсон үүнээс цааш жижиглэнгийн хүнсний дэлгүүрт иргэдийн гарт очиход 650-700 төгрөг болж өсч байна.
Цагаан будаа гэхэд кг нь 5000 төгрөг байсан бол өнөөдөр 5600-6180 төгрөг болов. Энэ бол зөвхөн зах, худалдааны төвийн үнэ. Цааш жижиглэнгийн дэлгүүрт хүрэхдээ өртөг шингэнэ гэж тооцвол иргэд дарга нарт гаргаж өгдөг тооноос өөр дүнгээр худалдан авалт хийж байна.
Цар тахлын үед хил, гаалийн асуудлаас болж үнийн өсөлт хэт өндөр болсон. Ооо түүнээсээ өснө үү гэхээс бууна гэж үгүй. Иймээс л дарга нарын яриад байгаа тоо иргэдийн авч байгаа орлоготой таарахгүй, иргэдийн амжиргаа, халаасанд орж байгаа мөнгөтэй тэнцэхгүй, зөрөөд байгаа юм.
Иргэдийн орлого нэмэгдэхгүй байгаа нь, иргэдийн амжиргаа сайжрахгүй байгааг харуулах бас нэгэн тоо бол зээлийн хэмжээ өнгөрсөн сараас 16,7 хувиар өссөн явдал. Ипотек, цалингийн зээл зэргээс илүү хүрэлцэхгүй байгаа орлогодоо нэмэр болгох гэж банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч , нөхөж байна. Үндэсний статистикийн хорооны гаргасан өнгөрсөн сарын зээлийн мэдээллээс харвал, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 57 хувь нь иргэд, 41.8 хувь нь хувийн байгууллага, 0.6 хувь нь төрийн байгууллага, 0.6 хувь нь санхүүгийн болон бусад байгууллага байна гэжээ. Энэ нь иргэд олж чадахгүй байгаа орлогоо зээлээр нөхөх, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч орлуулаад байна гэхэд хол зөрөхгүй биз ээ. Мэдээж зээл авах, авахгүй нь хувь хүний эрх ч цалин орлого нь хүрэлцэхгүй, амьжиргаагаа зарцуулахад хүрэлцэхгүй учраас иргэдийн зээл өссөн дүнтэй гарч байж болох. Нэг зүйл өнгөрсөн хугацаанд бодитоор өссөн нь төрийн албан хаагчийн тоо, ТӨҮГ-ийн хөрөнгө л 16 их наядаас 54 их наяд болтлоо өсчээ. Энэ нь үйл ажиллагаанаас бус өр тавьж, хөрөнгө нэмэгдүүлэх замаар л өссөн байна. Өөрөөр хэлбэл, та биднээс авах татврын орлогооос урьдаад зээлээр хөрөнгийг нь зузаатгаад байна гэсэн үг.
Дарга нар эдийн засаг өссөн, ирэх жил ч өснө, бүр ДНБ-ийг 6000 ам.долларт хүргэнэ гэж яриад байгаа ч бодит амьдрал дээр иргэдийн орлого нь хаанаа ч хүрэхгүй, өргөн хэрэглээний барааны үнээ дийлэхгүй, та бүхний яриад байгаа эдийн засгийн өсөлт иргэдэд мэдрэгдэхгүй, мэдэгдэхгүй байгааг шүүмжлээд байгаа юм.