"Төсвийн зардлыг өсгөвөл инфляци бидний төсөөллөөс өснө"

"Төсвийн зардлыг өсгөвөл инфляци бидний төсөөллөөс өснө"

"Төсвийн зардлыг өсгөвөл инфляци бидний төсөөллөөс өснө"

 Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очиртой ярилцлаа.


 -Төсөв, мөнгөний бодлого уялдаж чадахгүй байгаад олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Таны харж байгаагаар энэ хоёр бодлого одоо уялдаж байна уу?

-Энэ нь эдийн засгийн шинжлэх ухаанд, тэр дотроо макро эдийн засгийн бодлогуудын үр дүнг сайжруулах хүрээнд гарч ирдэг гол асуудлуудын нэг л дээ. Зөвхөн Монгол Улсын, манай эдийн засагчдын ярьж байгаа асуудал биш. Дэлхий нийтээрээ энэ асуудлыг ярьж байна. Энэ чиглэлээр манайд хийгдсэн судалгаа шинжилгээний үр дүнгүүд бол бий. Эцсийн зорилго нь монголын макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, улмаар иргэн бүрийн амьдралын чанарыг хангахын төлөө монгол төрийн бодлого явах ёстой. Энэ үүднээс аваад үзвэл төсөв, мөнгөний бодлого уялдах, оновчтой хослолын төлөө байх ёстой. Судалгааны үр дүнг аваад үзвэл үнийн өсөлт нам дор түвшинд, эдийн засаг, санхүүгийн салбар тогтвортой байж, бизнесийн орчин сайжирч, улмаар олон ажлын байр бий болгож, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, тогтвортой өсөлтийг хангахын тулд энэ хоёр бодлого тус тусдаа хэрэгжих бус, харин зорилгынхоо төлөө нийцтэй байх нь илүү үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл, урдаа тавьж буй нэгдсэн зорилгодоо энэ хоёр бодлого нийцтэй байдлаар чиглэж явах ёстой.

Өнөөдөр эдийн засагчид, судлаачдын шүүмжлээд байгаа асуудал бол төсвийн бодлого нь сонгуулийн мөчлөг, эдийн засгийн мөчлөг дагасан шинжтэйгээр явж байгааг хэлж байгаа. Энэ нь инфляцийг бууруулахад чиглэж буй мөнгөний бодлогын үр нөлөөг сулруулах, мөнгөний бодлого богино хугацаандаа эргэн зөөлөн төлөвт шилжих орон зайг хязгаарлах, улмаар хувийн секторын зээл, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байна.

Ийм төсвийн тэлэлт даамжрах нь эдийн засгийн дараагийн хүндрэлд хурдан хүргэх, эдийн засгийн дархлааг сулруулах эрсдэлтэй байдаг. “Манжин” гээд орос ардын үлгэр бий. Түүний гол сургамжтай адилаар бодлогууд нь инфляцийг бууруулах, тогтвортой өсөлтийг хангах, хувийн секторыг дэмжих зээрг үндсэн зорилгынхоо төлөө л хамтарвал илүү үр дүнд хүрнэ. Дан дангаараа асуудлыг шийдэхэд хүч мөхөсдөнө эсвэл илүү өндөр эдийн засгийн зардал, хохирол гаргана гэсэн үг. Манай орны хувьд эдгээр бодлогыг уялдааг улс төрөөс ангид, мэргэжлийн түвшинд хангадаг болох институци, зохион байгуулалт, чадавхи, эрх зүйн хамгаалалтыг бүрдүүлэх шаардлага бол бий.

"ТӨСВИЙН РЕФОРМЫГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ ЗӨВ ХИЙХ, МӨРДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА"

-Нэг ёсондоо өнөөдөр төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог хангаж ажиллаж чадахгүй байгаа гэдэгтэй санал нийлж байна гэж ойлгож болох уу?

 -Шууд болж байна, болохгүй байна гэхээсээ илүүтэй, амьдрал дээр гарч байгаа үр дагаврууд нь илүү сайжруулах, асуудалд илүү мэргэжлийн түвшинд, өнөө маргаашаас илүүтэй дунд хугацааны тогтвортой байдал чиглэсэн байдлаар хандах хэрэгцээ, шаардлага өндөр байгааг илтгэж байна. Бодлогын боловсруулалт, уялдааг хангахад шаардлагатай засаглал, институцийн реформ, сайжруулалт зайлшгүй шаардлагатай гэдэгтэй санал нэг байгаа. Төсвийн сахилга бат, удирдлага, институцит анхаарах ёстой хамгийн том асуудлуудын нэг өөрөө болж байна.

Төсвийн реформыг жинхэнэ утгаар нь зөв хийх, мөрдүүлэх хэрэгцээ байсаар байна. Сонгууль, популизм, эрдэс бүтээгдэхүүний зах зээлийн мөчлөгөөс ангид төрийн төлөвлөлт, төсөвлөлт рүү орох засаглал, институцийг бид бүрдүүлэх учиртай.

-Тухайлбал, ирэх онд төсвийг таван их наядаар тэлж 27.3 их наяд төгрөгт хүргэчихлээ.  Тэгвэл Монголбанкны хувьд ирэх онд бодлогын хүүгээ 13 хувь хэвээр хадгална гэж ойлгож болох уу. Бизнес эрхлэгчдэд улам л хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх нь байна шүү дээ. Монголбанк  өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн дайсан мэт харагдах болсон шалтгааныг та юу гэж харж байна?

 -Үр дагавар нь хаана очиж гараад байна гэдэг л асуудал шүү дээ. Өнөөдрийн инфляци дан ганц төсвийн бодлогоос үүдэж бий болж байна гэвэл бас өрөөсгөл ойлголт.  Дайн, цар тахал, шатахуун, хүнсний үнийн өсөлт зэрэг олон асуудлаас үүдэн бий болсон үнийн өсөлт бий. Харин үнийн өсөлтийн дарамт, хүлээлт өндөр байгаа үед нь төсөв тэлснээр нэмэлт дарамт үүсгэж байгаа тухай л асуудал. Төсвийн зардлын тэлэлтийг дагаад нийт эрэлт, тэр дундаа хэрэглээ, хөрөнгө оруулалт, импортын эрэлт өснө. Эрэлт тэлэхээр дагаад нийлүүлэлт нь хангалттай байхгүй тохиолдолд үнийн өсөлтийг бий болгоно. Нөгөө талдаа, нийтийн албаны цалингийн өсөлтийг дагаад хувийн хэвшлийн цалин, зардал нэмэгддэг судалгааны үр дүнгүүд ч бий. Энэ зардлын өсөлт нь эцсийн хэрэглэгчийн төлөх бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэд шингэнэ. Хэрэглээний үнийн өсөлт нь инфляцийг дагаж орлого нэмэгддэггүй, тогтмол орлоготой болон орлого багатай бүлэгт илүү хүндээр тусдаг. Энэ нь эргээд ядуурал, орлогын тэгш бус байдалдаа ч нөлөөлнө. Иймд инфляци, түүний хүлээлтийг туших, иргэдийн бодит орлогыг хамгаалахын тулд Төв банк хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж мөнгөний бодлогоо чангаруулах, бодлогын хүүгээр зохицуулалт хийхээс өөр аргагүй.

 Мөнгөний бодлого талаасаа Монголбанк өөрийн үндсэн чиг үүргийнхээ ажлаа хийж байгаа юм. Мөнгөний бодлогын шаардлагатай тохируулгыг хийхгүй бол инфляци илүү өндөр түвшинд хүрч өсөх, төгрөгийн бодит өгөөж буурах, эргээд санхүүгийн зуучлал, эдийн засгийн тогтвортой байдалдаа том сөрөг нөлөөтэй.

Инфляцийг бууруулах зорилготой мөнгөний бодлогыг төсвийн бодлогоор дэмжвэл үр дүн нь илүү сайн гарах учиртай. Харин эсрэгээрээ төсөв тэлэх, инфляци илүү удаан буурах хүчин зүйл болоход хүргэнэ. Инфляци даамжрахаас сэргийлэх, хурдан зорилтот түвшин хүртэл бууруулахын тулд хэрэгжүүлж буй мөнгөний бодлогын богино хугацааны үр дагавар нь эргээд зээл авч байгаа өрхүүд, бизнесийн салбарт дээр очиж байгаа. Энэ нь макро эдийн засгийн бодлогын хувьд зохистой, оновчтой сонголт мөн үү гэвэл үгүй. Иймд Төсвийн сахилга баттай, зохистой бодлого баримтлах нь чухал байна. Энд яригдаж буй зохистой төсвийн бодлого гэдэгт дан ганц нийт зардлын дүнг бууруулахаас гадна төсвийн алдагдлыг багасгах, зардлын бүтцэд тохируулга хийх, бүтцийн реформуудыг дэмжих, төсвийн орлогын нэмэгдүүлэх асуудлуудыг цогцоор нь ойлговол зохино. Эн тэргүүнд урсгал зардлыг илүү зорилтот, ядуурлын түвшинг бууруулах, тэгш бус байдлыг багасгахад чиглүүлэх, дараагийн тогтвортой өсөлтийг бий болгох суурь дэд бүтэц, хүмүүн капитал, институцийн хөгжил, хувийн сектор тэлэх боломжийг бүрдүүлэхэд чиглүүлэх шаардлагатайг олон улсын санхүүгийн байгууллагууд зөвлөсөөр байгааг анхаарах шаардлагатай.

-Эхний хоёр улирлын дүн мэдээг аваад үзэхээр Монгол Улсын эдийн засаг эерэг үзүүлэлттэй гарсан. Гэтэл өрхийн бодит орлого үнийн  өсөлтөд дарлуулаад өндийж чадахгүй байна. Цалин, тэтгэврийг нэмэгдүүлсэн нь үнийн өсөлтийг өдөөхөд нөлөөлсөн үү?

-Энэ оны хоёрдугаар улирлын эцсийн байдлаар аваад үзэхээр өрхийн бодит орлого сөрөг үзүүлэлттэй байна. Тэр дундаа тэтгэвэр, цалингийн орлогын оруулж байгаа хувь нэмэр нь инфляцидаа идэгдээд буурсан үзүүлэлттэй гарсан. Тэгвэл зарлагын бүтцийг нь аваад үзэхээр үнийн өсөлт өндөр байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээнд төлж буй зардлуудын эзлэх хувийн жин өссөн үзүүлэлттэй байна. Монгол Улсын нийт өрхүүдийг хамгийн бага орлоготой 20 хувь, түүний дараагийн 20 хувь, дундаж орлоготой 20 хувь, дунджаас дээш 20 хувь, өндөр орлоготой 20 хувь гэсэн таван бүлэгт хувааж авч үзэхээр хамгийн доод талын 40 хувьд хүнсний зардлын эзлэх хувь маш өндөр байна. Тиймээс эдгээр бүлэгт хэрэглээний үнийн сагсанд байгаа үнийн өсөлт хамгийн хүнд тусч байна. Тэгэхээр цалин, тэтгэвэрийн орлогоос илүүтэй хамааралтай байгаа иргэдийн цалин, тэтгэврийг нэмэх бодлого нь өрхүүдийн худалдан авах чадварыг хамгаалахад тусалсан нь дамжиггүй.

Гэхдээ инфляци өндөр үед цалинг нэг дор өндөр хувиар дагалдуулж өсгөх нь дараа дараагийн инфляцийг өдөөдөг. Богино хугацаандаа эерэг нөлөөтэй мэт боловч дунд, урт хугацаандаа цалин, тэтгэвэрийн өсөлт нь инфляцад эргээд идэгддэг буруу цикл руугаа аваачих болгоомжлол бол байгаа.

Төсвийн тэлэлтийг илүү зорилтот болгож, эрэмбэлж, импортын өсөлт, инфляцид үзүүлэх дарамтыг бага байлгахад чиглэсэн төсвийн зардлын бүтцийн бодлого барих нь чухал. Төсвийн бодлого бол мөнгө тараах бодлого биш, харин эдийн засгийн бүтцийг зөв болгох, нийт нийлүүлэлтийг нэмэгдүүлэх салбарын бодлогуудын санхүүжилтийг зохистой шийдвэрхэх ёстой. Энэ агуулгаар төсвийн зардал болгоны хойно бүтцийн бодлого, реформ яригдах учиртай. Төсвийн зарлага нь импорт, хэрэглээ болоод гардаг бус, харин хувийн секторыг тэлэх боломжоор хангаж, салбар бүрийн нийлүүлэлт, гарцыг тэлж, улмаар инфляци нийлүүлэлтийн хомсдол, зардлаас болж өсдөггүй болоход туславал их сайн. Үүн дээр нэмээд гадаад, худалдаа хөрөнгө оруулалтын орчноо бүрэн зураглалаар нь өрсөлдөхүйц болгож, гадаад валютын дотогшлох урсгалаа тогтвортой болгож чадвал инфляцийг зорилтот түвшин болох 6 хувийн орчимд тогтворжуулж, бодлогын хүүг 6-9 хувь хүртэл бууруулж, зээлийн хүү жилийн 12 хувь болж, бизнесийн салбар, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн зорилтуудыг хангах боломжтой.

-Монголбанкнаас инфляцийн түвшнийг ирэх онд нэг оронтой тоонд байхаар төсөөлсөн. Яг ямар үзүүлэлт, судалгаан дээр тулгуурлаж энэ төсөөллийг гаргадаг юм бэ?

-Энэ оны тавдугаар сард УИХ-аас баталсан Төсвийн хүрээний мэдэгдэл дээр 2024 оны  төсвийн зардлыг 23 их наяд төгрөг байхаар баталсан. Энэ баримт бичиг дээр үндэслээд ирэх оны инфляцын суурь төсөөллийг 7.8 хувьтай байх бололцоотой гэж үзсэн. Тийм учраас бид ирэх оны инфляцийн зорилтыг 6 +/- 2 буюу 8 хувиас доош барих зорилтоо тодорхойлж, түүнд чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлэхээр томьёолж үндсэн чиглэлд оруулсан. Бидний хувьд инфляци 8 хувиас дээш байх нь өрхийн амьжиргаа, ААН-ийн бизнес, үйл ажиллагаа, эдийн засгийн өсөлт, хөгжилд сөрөг нөлөөтэй гэж харж байна гэсэн үг.

Ирэх оны эцэст инфляци зорилтын дээд интервал буюу 8 хувьд байх бол одоо 13 хувьтай байгаа бодлогын хүү инфляцын бууралтыг дагаад цаг хугацааны хувьд буурах орон зай үүсэхээр тооцож байсан. Энэ нь хувийн хэвшил болон өрхийн секторт очих зээлийн хүүний хүртээмжийг нэмэгдүүлэх боломж үүснэ гэсэн байдлаар үндсэн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслөө боловсруулсан.

Мэдээж төсвийн зардал дээрх төсөөлөлд ашигласан дүнгээс нэмэгдсэн байдлаар зардлыг оруулж ирж байгаа бол тэр хэмжээгээр инфляци бидний төсөөллөөс өсөхөд хүрнэ. Мэдээж инфляцид нөлөөлөх бусад хүчин зүйлс, тэр дундаа дотоодын хүнсний үнэ бидний төсөөлж байгаас бага өсөлттэй байвал инфляци үүнээс буурах боломж бүрдэнэ. Төсвийн зардлын тэлэлтийн нөлөөгөөр инфляци өсөөд 10-11 хувь руу ороод ирвэл бодлогын хүүний буурах орон зай нь багасна.

Иргэдийн бодит худалдан авах чадварыг хамгаалах, бизнесийн тогтвортой үйл ажиллагааг дэмжихийн тулд төв банкны үндсэн зорилтот болох инфляцийг зорилтот интервал руу аль болох хурдан бууруулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг хэлбэрэлтгүй, холбиролгүй, улс төрөөс ангид авч хэрэгжүүлэх ёстой.

Монголбанк улс төрөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулж чаддаг эсэх нь эргэлзээтэй байдаг. Монголбанк инфляцийг сүүлийн 30 сар нэг оронтой тоонд байхаар төсөөлсөн ч бодит байдал дээр инфляци хоёр оронтой тоон дээр л байна шүү дээ. Бодит байдлаас доогуур инфляцийг тооцоолж, “хийсвэр” тооцоолол гаргадаг гэх нэрийг Монголбанк зүүсэн нь нууц биш. Үүний шалтгаан юу вэ?

-Өмнөх бодит үр дүнг гуйвуулж, баллуурдаж болохгүй. 2016-2020 онуудад инфляци тухайн үеийн 8+/-2 хувийн зорилтот түвшний орчим тогтвортой байсан. Үүнийг дагаад инфляцийн хүлээлт ч зорилтот түвшинд “аргамжигдаж” ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, инфляци зорилтот түвшинд тогтвортой байх нь инфляцийн хүлээлтийг аргамжих зүй тогтол манай эдийн засагт “ажиллах” бүрэн боломжтойг бид харсан. Монголбанкны төсөөллүүд ч бодит байдалд ойр, ханатай байсан. Гол нь 2020 оны сүүл үеэс цар тахлын улмаас Монгол Улс дотооддоо хөл хорио тогтоосон. Цар тахлын үед дэлхий нийтээр тодорхой бус байдал үүсэж, тээвэр, логистиктэй холбоотой нийлүүлэлтийн тасалдлууд, зардлын өсөлтүүд урьдчилан төсөөлөхөд хүндрэлтэйгээр үүссэн. Үүнийг залгаад Орос-Украины хурцадмал байдал, эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээнд хэрэгжсэнээр дэлхий нийтээр газрын тос, байгалийн хий, хүнсний үнүүд огцом өсөж, улмаар улс орнуудын хооронд инфляци импортлогдсон. Өөрөөр хэлбэл, маш олон төрлийн шок эдийн засагт бий болсон.

Эдгээр гэнэтийн, урьдчилан таамаглахад хүндрэлтэй асуудлууд нь 2021-2022 онууд дэлхийн төв банкууд, олон улсын санхүүгийн байгууллагуудын төсөөллийн алдаанууд нэмэгдэхэд хүргэсэн. Харин энэ оноос нөхцөл байдал арай тогтворжиж, төсөөллүүд бодит байдалтай нийцэх байдал сайжирч байна. Энэ оны 9 сард хийсэн төсөөллөөр энэ онд инфляци нэг оронтой гарах буюу 2023 оны зорилт хангагдахаар байгаа.

-Нэг оронтой тоотой гарна гэж үү?

-Гарна. Энэ оны эхний долоон сарын байдлаар инфляци 9.2 хувьтай гарсан. Наймдугаар сард 10 хувь, есөн сарын инфляци 10.2 хувьтай байна. Бидний харж байгаагаар 11, 12 дугаар сард инфляци буурч өөдрөгөөр төсөөлөхөд 9.3 хувьтай, өндөр гарлаа гэхэд нэг оронтой тоонд багтана. Монголбанк улирал тутам төсөөллөө шинэчилдэг. Тухай бүрдээ инфляцийн төсөөлөл ямар болов, ямар нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс болоод өсөж, буурч байгааг тайлбарлан Инфляцийн тайлан гэсэн баримт бичигтээ тусган нийтэд мэдээлдэг. Дэлхий нийтэд эдийн засгийн засаг, санхүүгийн нөхцөл байдал маш өөрчлөгдөж буй энэ цаг үед шинэчлэгдсэн мэдээллийн тусган төсөөллөө шинэчлэх шаардлага үүсэж байна. Тийм учраас Монголбанкны улирал бүр шинэчлэн гаргаж буй төсөөллийг харж явах нь зүйтэй.

-Монголбанк тавдугаар сард гаргасан төсвийн хүрээний мэдэгдэл дээр үндэслэж ирэх оны инфляцийг төсөөлсөн гэж харж болох уу. Гэтэл Төсвийн хүрээний мэдэгдэл зүгээр л бэлгэдлийн чанартай зүйл болж хувираад өнгөрсөн хугацаанд нийт 10 гаруй удаа өөрчлөлт оруулчихлаа шүү дээ. Гэтэл тавдугаар сард 23 их наядын зарлагатай байхаар төсөөлж байсан бол одоо 27 их наяд болчихлоо шүү дээ?\

-Монголбанк ирэх оны эдийн засгийн төсөөллийг гаргах, бодлогын баримт бичгээ боловсруулахад төсвийн төлөв ямар байх вэ гэдэг мэдээлэл чухал үүрэгтэй. Бидний ганц барьж болох хамгийн гол баримт, бичиг бол жил бүрийн  тавдугаар сард батлагддаг Төсвийн хүрээний мэдэгдэл. Энэ утгаараа УИХ-ын тогтоолоор баталчихсан байгаа баримт бичгийн тоог үндэслэж бид тооцооллоо хийж байгаа гэсэн үг.

Тийм учраас өргөн барьж буй ирэх жилийн төсөв нь хавар баталдаг төсвийн хүрээний баримт бичигтэйгээ нийцтэй байх, энэ баримт бичиг хэлбэрэлтгүй, холбиролгүй хэрэгждэг байх нь Монголбанкнаас намар гаргаж байгаа ирэх жилийн төсөөллийн чанарыг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ гэдгийг энэ удаад хэлж чадах байна.

"БОГИНО ХУГАЦААНДАА ЭКСПОРТ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭМЖЭЭ БҮР ИЛҮҮ НЭМЭГДЭХ Л ШААРДЛАГАТАЙ"

-Монголбанкны хуулиар хүлээсэн бас нэг чухал үүрэг бол төгрөгийн ханшийг тогтвортой байлгах. Монгол Улсын валютын нөөц тогтмол өсөж байгаа талаарх мэдээллийг холбогдох сайд нар мэдэгдсэн. Тэгвэл төгрөгийн валюттай харьцах харьцаа яагаад чангарахгүй байна вэ?

-Өнөөдөр төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1 ам.доллар=3454 төгрөг байна. Энэ оны эхний нөхцөл байдлыг авч үзье. Тухайлбал, хоёрдугаар сарын 3-нд 1 ам.долларыг 3508 төгрөгөөр авч, 3512 төгрөгөөр зарж байсан. Энэ үзүүлэлтээс харахад төгрөгийн ханш тодорхой хэмжээгээр чангарсан нь харагдаж байна. Гадаад валютын нөөц энэ оны 9 сарын байдлаар 4.1 тэрбум ам.доллар байна. Валютын орох урсгал, нөөц нэмэгдэхийн хэрээр валютын зах зээл дээрх тусгал нь тодорхой хэмжээнд гарч байгаа.

Үүнээс илүү чангаруулахын тулд богино хугацаандаа экспорт, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ бүр илүү нэмэгдэх л шаардлагатай.

Харин дунд, урт хугацаандаа илүү хатуу валюттай болохын тулд монгол хүний, үйлдвэрлэлийн салбаруудын бүтээмж, чадвар, орчин үеийн технлоги нэвтрүүлэлт нэмэгдэх, үүнийг дагаад нэмүү өртөг шингэсэн, илүү төрөлжсөн экспорт, аялал жуулчлал, үйлчилгээний салбаруудыг бий болгох ёстой болно. Манай орны хувьд эдгээрийн суурь нөөц, боломж байгаа нь хамгийн том давуу тал.

-Валютын нөөц нэмэгдэхэд голлон юу нөлөөлж байна. Нүүрсний экспортын биет хэмжээ өссөн эсвэл биржийн худалдаа голлон нөлөөлсөн зүйл ажиглагдаж байна уу?

-Маш олон хүчин зүйл нөлөөлж байна. Ганцхан нүүрсний биржээр арилжаалж, нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдсэнээр валютын нөөц өссөн гэвэл өрөөсгөл дүгнэлт болно. Нүүрсний экспорт нэмэгдсэн нь ганцхан хүчин зүйл. Энэ онд нүүрс биет хэмжээгээр 50 сая тонныг давж биелэхээр харагдаж байна. Биржээр арилжаалсан дүн нь нийт экспортын 15 хувьд хүрэхгүй байгаа. Энэ оны эхний хагаст нүүрс, зэсийн үнэ өндөр байсан. Дээрээс нь Оюутолгойн хөрөнгө оруулалт өмнөх онуудаас дутахааргүй байсан. Сар бүр 100-150 сая ам.долларыг монголд оруулж ирж бүтээн байгуулалтын ажлаа дуусгах, бусад туслан гүйцэтгэгч нартаа төлбөр төлөх, ажилчдынхаа цалин, урсгал зардлаа санхүүжүүлж байна. Мөн банкууд ногоон санхүүжилт, тогтвортой санхүүжилтийн хүрээнд харьцангуй том дүнтэй валютын урсгалыг энэ онд татан оруулж ирж байна. Мөн монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгчдийн газрууд  ч энэ чиглэлээр дэмжин хамтран ажиллаж байна. Гэх мэт маш олон ажлуудын үр дүнд валютын нөөц нэмэгдсэн.

-Монголбанкнаас мөнгө их хэмжээгээр хэвлэж байгаа нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна гэж үзэх хүмүүс бий. Сүүлийн жилүүдэд хэдэн их наяд төгрөг хэвлэсэн бэ. Шалтгаан юу байв?

-Албан ёсоор хэлэхэд Ковидын хууль өнгөрсөн оны арван хоёрдугаар сард дуусгавар болсон. Түүнээс хойш хууль эрхзүйн хүрээнд Монголбанкан дээр энэ хэлбэрийн үйл ажиллагаа явагдаагүй. Ковидын хууль хэрэгжиж байх үед 10 их наядын хөтөлбөр хэрэгжсэн. Энэ хүрээнд төв банкийг ипотекийн зээлийн санхүүжилтийг үргэлжлүүлэх, алтны салбарт санхүүжилт олгох, урт хугацаат репо санхүүжилттэй зээл гаргах шийдвэрүүд гарч хэрэгжсэн. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг Ковидын үед тодорхой хэмжээгээр хойшлуулсан. Тиймээс эргэн төлөлтөөс бараг мөнгө орж ирээгүй. Сайн дураараа төлөлт хийсэн иргэдийн бага хэмжээний мөнгө орж ирсэн.

Тэр үед ипотекийн зээлийг сар бүр 10 их наядын хөтөлбөрт тусгасан дүнгээр буюу 2 хүртэл их наяд (үүний 80 хувийг Монголбанкнаас гарах ёстой гэсэн)-ыг олгох ёстой болсон. Энэ эх үүсвэрийг Монголбанк балансын дотоод цэвэр активаа нэмэгдүүлэх буюу банк, санхүүгийн байгууллагаас авах авлага хэлбэрээр гаргана. Үүнтэй ижил, цар тахлын үед алтны олборлолт, алтны тушаалтыг нэмэгдүүлэх хүрээнд тодорхой санхүүжилт түр хугацаанд хэрэгжээд дууссан.

УИХ-аар тогтоол гарсан, хууль батлагдчихсан асуудал дээр Монголбанк хуулийг дагаж мөрдүүлэх хүрээнд л хэрэгжсэн үйл ажиллагаанууд. Олон улсын байгууллагууд төв банк төсвийн шинжтэй ийм үйл ажиллагаанаас бүрэн ангид байх ёстой зөвлөмжийг байнга өгдөг. Дээрээс нь энэ хэлбэрийн төв банкны санхүүжилт нь макро эдийн засгийн тогтвортой байдалд ч сөрөг нөлөөтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн судалгаанууд манай орны хувьд олон бий.

-Ипотекийн зээлийг Монголбанк үргэлжлүүлэхээр болсон. Ирэх жилүүдэд ипотекийн зээл олголт ямар процессоор явагдах вэ?

-Өнгөрсөн оны Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл хэмээх баримт бичигт 2023 оны зургаадугаар сарын 30-наас өмнө ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх агуулга бүхий тогтоол гарсан. Өнөөдрийн бодит байдлыг аваад үзвэл энэ шилжүүлэг хийгдээгүй. Үүнд олон шалтгаан бий. Засгийн газрын өнөөгийн төсөв, санхүүгийн нөхцөл байдал, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн байдал, чадавхын хүрээнд ипотекийн хөтөлбөрийг шилжүүлж авах бололцоо бага байна гэсэн тайлбар, шалтгаан бий. Монголбанкны хувьд ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхтэй холбоотой өөрөөс хамаарах бэлтгэл ажлыг хангаад бэлэн болгочихсон байгаа. УИХ-аас гарсан тогтоол гэдэг бол хуультай адилтгах баримт бичиг. Тийм учраас одоогоор энэ баримт бичиг хүчин төгөлдөр байгаа.

Энэ утгаараа Монголбанкнаас УИХ-д бодит нөхцөл байдлаа хэлж байгаа. УИХ-аас “Засгийн газарт шилжүүлэн өгөх хүртэл Монголбанк ипотекийн хөтөлбөрөө үргэлжлүүл” гэсэн агуулга бүхий тогтоол, шийдвэр гарснаар Монголбанк ипотекийн санхүүжилтүүдээ олгоод явна.

Одоогийн байдлаар арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрийн хүрээнд ипотекийн хөтөлбөрийг тодорхой түвшинд хэвийн үргэлжлүүлээд явж байна.

-Улсын эдийн засаг өссөн эерэг үзүүлэлттэй байгаа ч өрх гэрийн эдийн засаг сайжрахгүй, үнийн өсөлтийн дарамт их байгаа энэ зөрчилдөөнт байдлыг хэрхэн дүгнэж байна?

-Зөрчилдөөд байгаа гэхээс илүүтэй, нөлөө нь өрхийн секторт нөлөөлөх нь цаг хугацааны л асуудал. Монголын эдийн засаг сэргэж байгаа макро тоо, нотолгоонууд байна. Эдийн засгийн өсөлт 6.4 хувьтай, инфляци буурч нэг оронтой тоонд орж байгаа, валютын нөөц 4.1 тэрбум төгрөг болчихлоо, эхний 9 сарын байдлаарх төсвийн орлого, зарлагын зөрүү эерэг, дээрээс нь төгрөгийн ханш тодорхой хэмжээгээр чангарсан гэдгийг танд өмнө хэлсэн. Тэгвэл эдийн засгийн энэ эерэг өөрчлөлт өрхийн хаалгаар хэзээ яаж орох вэ гэдэг нь таны болоод уншигчдын анхаарлыг татах байх. Хэд хэдэн сувгаар нөлөөлнө. Нөлөөлөл нь цаг хугацааны хувьд харилцан ялгаатай байна.

Хамгийн эхний нөлөө нь бодит сектороор дамжина. Уул уурхайн салбар сэргэж нүүрс, зэс, алтны үнэ өндөр байсантай холбоотойгоор тээвэр, үйлчилгээ, худалдааны салбар дагаад богино хугацаанд сэргэж байна. Эдгээр салбаруудад ажил эрхлэлт сайжирч, цалин нь өсөж байна. Энэ салбарт ажиллагсдын өрхийн хаалгаар эдийн засгийн өсөлт ороод эхэлчихсэн. Тэгвэл эдгээрээс бусад салбарт эдийн засгийн өсөлтийн үр өгөөж хангалттай очоогүй байгаа нь үнэн.

Гэхдээ бидний тооцооллоор ирэх 4 улиралд эдгээрээс бусад салбаруудын идэвхижил илүү сэргэх, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэхээр хүлээгдэж байна. Энэ нөлөөг хурдасгахын тулд төр бодлогын түвшинд дахин хуваарилалт хийх ёстой. Энэ хүрээнд энэ онд төсөвт тодотгол хийгдсэн. Ирэх оны төсөвт ч цалин, тэтгэврийн нэмэгдэл тусгагдсан. Эдгээр нь өрхийн секторт энэ 7 сараас хойш хийгдэж байна, ирэх саруудад бодит нөлөө нь илүү мэдрэгдэнэ.  Энэ нь өрхийн хаалгаар төсвийн дахин хуваарилалтаар дамжиж эдийн засгийн өсөлт нөлөөлж байгаагийн илрэл. Гагцхүү илүү зорилтот, инфляцад дарамт багатай, импортыг өдөөхгүй байх нь чухал байсан. Тэгвэл уул уурхай, тээврийн салбар болон төрд ажилладаггүй, тэтгэвэр, тэтгэмж авдаггүй хэсэг дээр эдийн засгийн өсөлт одоогоор харьцангуй бага байгаа.

"МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН АСУУДЛЫГ ИЛҮҮ ТОМООР ХАРЖ РЕФОРМУУДЫГ ХИЙЖ ЭХЛЭХ ШААРДЛАГАТАЙ"

-Тэгвэл бусад эдийн засгийн өсөлт очоогүй салбар энэ үр өгөөжийн гадна үлдэнэ гэсэн үг үү?

-Эдийн засаг өөрөө харилцан нэгэндээ нөлөө үзүүлдэг амьд систем. Цалин, тэтгэвэр, бусад орлого нь нэмэгдсэн иргэд зах зээлээс бараа, үйлчилгээ худалдан авна. Энэ нь бусад салбаруудын идэвхижилд нөлөөлнө. Гэхдээ үүнд тодорхой хугацаа хэрэгтэй. Бидний тооцооллоор шууд нөлөөлөлд өртөж байгаа салбарууд сэргэж, ажлын байр нэмэгдэх хүртэл жилийн хугацаа шаардлагатай.

Эдийн засгийн сэргэлт энэ оны нэг болон хоёрдугаар улиралд эхэлсэн учраас 2024 оны нэг болон хоёрдугаар улиралд бусад сектор руу эдийн засгийн эерэг нөлөөлөл нь илүү тод очно гэдэг дүн гарсан. Өөрөөр хэлбэл ялгаатай сувгуудаар, ялгаатай хугацааны зөрүүтэй эдийн засгийн өсөлтийн нөлөө гарч байгаа. Одоогийнхоос илүү хурдацтай инфляцийг бууруулж чадвал өрхийн бодит орлого дээрх эерэг нөлөө илүү тод гарна.

Хамгийн гол асуудал нь Монголын эдийн засаг хэлбэлзэл өндөртэй учраас үр нөлөө бүрэн нь очиж амжихаас өмнө эдийн засаг нь эргээд уначихдаг. Иймд энэ хэлбэлзлийг аль болох бага байлгах бодлого л явуулах ёстой. Тиймээс нэг асуудал дээр тантай санал нэг байна. Илүү сайн үр дүн гаргахын төлөө эдийн засгийн бодлогууд чиглэж, монголын төр, иргэд бүгд ажиллах ёстой.

-Төрийн бодлого нь эдийн засгийн хэлбэлзлийг бууруулах биш улам өсгөх бодлого явуулж байгааг юу гэж харж байна. Эрх баригч нам 2020 онд мөрийн хөтөлбөртөө эдийн засгийн мөчлөг сөрсөн бодлого явуулахаа амласан. Гэтэл өнөөдрийг хүртэл мөчлөг дагасан бодлого явуулсныг бид бүгдээрээ харж, горыг нь амсаж байна шүү дээ?

-Асуудлын гол нь наана чинь л байгаа юм. Бодит байдал дээр цалин, тэтгэвэр нэмэх нийгмийн шаардлага үүссэн үнэн. Гэхдээ хавтгайруулснаар  сөрөг үр дагаварт аваачих вий гэсэн болгоомжлол эдийн засагчдад бий. Гэхдээ энэ бүх тооцоо судалгааны ард таны хэлж байгаа параметрүүд явж байдаг. Жишээ нь, ирэх оны төсөв дээр 60 сая тонн нүүрсийг тонн тутмыг нь 100 ам.доллароос багагүй үнээр экспортлохоор тооцоолж байна. Макро эдийн засгийн өнөөдөр бэлэн байгаа тоон судалгаа мэдээллээс харахад хэрэв 60 сая тонндоо хүрвэл монголын макро эдийн засгийн үзүүлэлт өнөөдрийнхөөс дордохгүй, магадгүй илүү сайжрах боломжтой.

Хэрэв энэ хэмжээндээ хүрэхгүй бол түүнийг дагасан эрсдэлүүд багагүй гарна. Тухайлбал, экспортын орлого төлөвлөсөн шигээ байхгүй бол 10 сая тонн нүүрс тутамд 1 тэрбум ам.доллар дутна л гэсэн үг. Энэ нь төлбөрийн тэнцэл дээр сөргөөр нөлөөлж, валютын нөөц дээр дарамт ирнэ, төсвийн орлого бүрдэхгүй нөхцөл байдал үүснэ. Нөгөө талдаа зардлын хэмжээгээ өндөрөөр баталчихна. Зардлын 50-60 хувь нь импорт, үйлчилгээний төлбөр болоод гарна.

Импорт нь валютын нөөцөд сөргөөр нөлөөлнө. Том зургаараа валютын зах дээр ханш сулрах эрсдэл рүү аваачиж болзошгүй. Цаашилбал, улсын өр, зээлийн хэмжээг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Магадгүй инфляцийг өсгөснөөр бодлогын хүүг өсгөх нөхцөл байдал руу аваачиж санхүүгийн дарамт, ачааллыг бүх түвшинд нэмнэ. Тиймээс бид төсвийг төсөөлөхдөө хэт өөдрөг төсөөлөх нь эрсдэл гэдгийг бодлогын түвшинд анхаарахаас өөр аргагүй.

-Хэрэв төлөвлөсөн, төсөөлсөн хэмжээндээ хүрэхгүй бол ямар нэгэн Б төлөвлөгөө байх ёстой биз дээ?

-Монголчууд 60 сая тонн нүүрс экспортолж үзээгүй байгаа. Хятадын импортоор авдаг коксжих нүүрсний хэмжээ нь өсөөд 80 саяыг давж өсөх төсөөлөлтэй байгаа гэсэн. Энэ зах зээл дээр ОХУ, Австрали, Индонез гээд томчууд бидэнтэй бас чанар, тээврийн зардал гээд олон давуу хүчин зүйлсээрээ өрсөлдөнө.  БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, хэрэглэгчийн индекс уначихсан, банк санхүүгийн нөхцөл байдал нь дордчихсон, дотоод хэрэглээ буураад байна. Үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт нь тус улсын  дэд бүтцийн салбар, гангын үйлдвэрлэлд нөлөөлнө. Энэ нь нүүрсний экспорт эрэлт, үнэд нөлөөлнө.

Одоогоор Хятадын гангийн экспорт нэмэгдэж, үнэд эерэг нөлөөтэй байгаа боловч хэр тогтвортой үргэлжлэх нь эргэлзээтэй хэвээр байна. Түүнчлэн боомтын, тээврийн төмөр замууд баригдаж байгаа хэдий ч яг бүрэн холбогдсон замууд байхгүй хэвээр л байна. Ийм үед 60 сая тонн гэж макро эдийн засгийн төсөөллөө хийж байгаа бол УИХ, Засгийн газар дээр нөөц төлөвлөгөөтэй байх л ёстой.

Үүнээс гадна ирээдүйд тогтвортой орлого, өсөлт бий болгодог болохын тулд төсвийн бодлогын зардлыг бүтцийн реформтой уяад илүү алсыг харах сонголт руу явахгүй бол манай эдийн засгийн эмзэг байдал хэвээр байна. Гадна зах зээл дээр ямар нөхцөл байдал үүсэхээс бүрэн хамааралтай байна. Дэрээс нь, ирэх жилийн хувьд гадаад нөхцөл байдал монголын эдийн засагт таагүй орчин бүрдүүлж болзошгүй байна. Шатахуун, хүнсний импортын үнэ өсөх, гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал буурах, хувийн сещторын гадаад өр, зээлийн дахин санхүүжилтийн зардал өндөр байх эрсдэлтэй. Геополитикийн хуваагдмал, хурцадмал байдал шалтгаалан ойрын хугацаанд гадаадаас  монгол руу орж ирэх хөрөнгө оруулалт хязгаарлагдана. Тиймээс хар үүл холоос ирж байгаа энэ үед дотооддоо дархлаатай, болгоомжтой байж энэ нөхцөл байдлыг ажрахгүй даван туулах ёстой.

Нөхцөл байдал бүр муудвал төсвийн бодлогын орон зай, гадаад валютын нөөцийн хүрэлцээтэй байх нь чухал. Эдгээр орон зайгаа авч үлдэх ёстой. Бид аз, эз сорьсон байдлаар явж болохгүй. Одоогоор гадаад нөхцөл байдалд үүлэн чөлөөний нар гарсан хэдий ч, дараагийн хар үүл холгүй байааг мартаж болохгүй.

-Ирэх онд 27 их наядын зарлагаас 21 их наяд төгрөг нь урсгал зардалд зарцуулагдахаар байгааг юу гэж дүгнэж байна?

Яг үнэндээ Монгол Улсын эдийн засаг, нийгмийн бодит царай, төрх нь ийм л байдалд хүргэж байгаа гэж харж байна. Орлого багатай бүлгийн эзлэх хувийн жин өндөр. Нийт ажиллах хүчнийх нь 20 гаруй хувь нь төрдөө ажиллаж байна. Бусад орнуудтай харьцуулахад энэ бол өндөр хувь. Нийт хүн амынх нь 40 орчим хувь нь ядуу, ядуурах эмзэг байдал өндөртэй хэсэг байна. Төрөөс хамааралтай нийгмийн бүлэг том байгаа нь төрийн үүрэг, хариуцлагыг ч өндөр болгож, цалин, халамж, тэтгэврийг нэмэгдүүлэх, түүний зардлын дүн том байх үр дагаварт хүргэж байна. Энэ нийгмийн үр дагавар, хэрэгцээ, шаардлага нь улс төрийн шийдвэрээр дамжиж төсөв дээр ирж байгаа тусгал. Иймээс монголын эдийн засаг, нийгмийн асуудлыг илүү томоор харж, жижиг нэгжээс том нэгж хүртэл цогцоор нь авч үзэж, реформуудыг хийж эхлэх шаардлагатай. Ийм орчинд төрийн бодлого нь илүү хянуур, ултай суурьтай, асуудлын шийдлийн төлөө л явах ёстой болж байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-23 66.181.161.157

Нэг юмаа гүйцэд тайлбарла. Төсвийн хөрөнгө оруулалтыг нэмлээ. Нэг ёсондоо цаас хэвлэж урьдчилсан байдлаар санхүүжүүлж байгаа юм. Гэтэл нүүрсний экспорт төлөвлөсөндөө хүрэхгүй бол яах уу? Бид 60 саяыг экспортлоход бэлэн байгаа нь сайн хэрэг. Гэтэл цаад тал авахгүй бол яах уу? Эсвэл үнэ нь уначихвал яах вэ? Ингэвэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл, товарын худалдаагаар баталгаажих ёстой байсан мөнгө маань жинхэнэ утгаараа цаас болно. Ингэвэл бид эдийн засгаа хорлосон болно.

Avatar

Нэргүй 2023-10-23 213.87.130.231

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

хулан 2023-10-23 103.212.118.251

Монгол банк ажлаа маш муу хийж байгаа, та нар долларын ханшийг барих бодлого явуулахгүй эсрэгээр Мөнгө хүүлэлтийг хэсэг бүлэг хүмүүстэй нийлж хийсээр олон жил болж байна.Цагаан гартай дарга нарын хэдэн гадаадад төгссөн өөрсдийгээ бүхнийг мэдэгч гээд бодчихсон хэдэн газрын дарга нартай, Монгол сэтгэлгээгүй юу ч мэдэхгүй хэдэн эдийн засагчидтай.Та нар онол, хэдэн цээжилсэн сайтаас сору паст хийхээс өөр юу ч мэдэхгүй байгаа тул төгрөг шалдаа буучихсан, цаас боллоо

Avatar

Нэргүй 2023-10-23 172.59.190.28

dollariin kolonchlold baigaa tsag hansj unana baylagaa hebelsen dollaroor inegui ugch ba urund orsoor l na

Avatar

Зочин 2023-10-23 202.126.89.101

Имфляцад идэгдэдгүй эдийн засгийн үр ашиг түүний дотор цалин хөлс тэтгэвэр тэтгэмж энэ ертөнцөд байдаг юм уу. Ковид дараа нь барууны том хөрөнгөтнүүдийн ОХУ-ыг устгах гэж өдөөсөн дайнаас болж дэлхийн бүх орон эдийн засгийн хүнд байдалд оров Ёстой имфляц цалин тэтгэвэрийг нь идэж байна. Харин энэ талаар монгол гайгүй.Иргэдийнхээ амьдралыг хүндрүүлэхгүй гэж бололцоот бүхнээ хийж байна. Хятадын хил сая л нээгдэж,энэ чиглэлээр манай бололцоо сайжирч байна. Сөрөг хүчин бүх зүйлийг харлуулахыг боддог

Avatar

Зочин 2023-10-23 202.126.89.82

Анхнаасаа л өмч хувьчлалаар бүгд баяжина гэж ямар ч үнэгүй өчүүхэн цаасаар иргэдийг хуурч, нийгмийн бүх өмчийг хэдхэн зальт этгээд үнэгүйдүүлж залгиж луйвардсан. Энэ луйврыг толгойлсон хэдэн хулгайч одоо манай тэргүүн баян бочоод ,улс орныг мөлжлөгийн нийгэм болгоод, иргэдийн хөдөлмөрийг тасралтгүй шулж байна. Нийгмийн үйлдвэрнин үр ашгийн ихэнх нь эдний хармаа рүү л цутгаж байна.Зах зээлийн нийгэмд хэдэн баячууд л сайхан амьдрана.Бусад иргэд хөлсөө дуустал ажиллаж,ясаа цайтал мөлжүүлнэ.

Avatar

иргэн 2023-10-23 202.21.117.210

Төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах нь энэ хүмүүсийн үүрэг авч ажилаа ерөөс хийсэнгүй.

Avatar

Бурхан мэдэг 2023-10-23 103.212.118.208

60 сая тонн нүүр гаргаж чадахгзй бол 10 сая тн 1тэрбум доллар алдана доллар ??? (100 Төгрөг )

Avatar

Зочин 2023-10-23 139.5.218.167

Монгол банк бодлогоо шинэчилээ Монгол банк чдуурлыг нэмэгдуулэхэд хэрхэн нолоолж байгааг бодитоор судал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж