Хуучирсан мэдээ: 2023.10.22-нд нийтлэгдсэн

ШАРАВЫН СОДНОМЖАМЦ

(1960-2023)

Гүртэн овогт Шаравын Содномжамц 2023 оны аравдугаар сарын 20-ны өдөр хүнд өвчний улмаастаалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Шаравын Содномжамц 1960 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төржээ. Тонхил сумын дунд сургууль, Алтай хотын 10 жилийн сургууль, МУИС-ийн сэтгүүлчийн анги, Удирдлагын академийг тус тус дүүргэж, сэтгүүлч, төрийн удирдлагын менежер мэргэжил эзэмшин, сэтгүүл зүйн ухааны магистр цол хамгаалсан байна.

Ш.Содномжамц 1984 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөнөөсөө хойш 40 шахам жил төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага болон төрийн эрх барих дээд байгууллагын Тамгын газарт ажиллаж байв.

Тэрбээр 1984-1990 онд Говь-Алтай аймгийн “Алтайн хөгжил” сонинд сурвалжлагч, 1990-1991 онд Сүхбаатар аймгийн “Сүхбаатарын зам” сонины хариуцлагатай эрхлэгч, 1991-1994 онд Монголын Сэтгүүлчдийн Холбоонд “Сэтгүүлч” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, референт, 1994-1999 онд Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд сурвалжлагч, албаны дарга, Хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1999 оноос үндэсний чөлөөт хэвлэл “Өдрийн сонин”-ыг үүсгэн байгуулалцаж, Хариуцлагатай нарийн бичгийн даргаар нь ажилласан байна.

Энэ хугацаанд сэтгүүл зүйн бүх төрлөөр 2000 гаруй нийтлэл бичиж, шилдэг бичлэгийн болон уран бүтээлийн уралдааны шагналыг олон удаа хүртэж байсан Монголын сонины сэтгүүл зүйн нэртэй зүтгэлтэн, шилдэг редактор, олон залуусыг сэтгүүлчийн мэргэшилд сургаж, дадлагажуулсан туршлагатай сурган хүмүүжүүлэгч, утга зохиолын яруу найргийн төрөлд өөрийн авьяас билгийг сорьж, олон зуун шүлэг, найраглал бичсэн шилдэг яруу найрагч байв.

Тэрбээр 2009 онд “Монгол тэнгэр” яруу найргийн, 2010 онд “Бүтэн дэлхий” аян замын тэмдэглэл, нийтлэлийн, 2011 онд “Далд түүхийн ил хуудас” түүхэн тэмдэглэл, сурвалжилгын, “Хүмүүн заяа” хөрөг, ярилцлагын, 2023 онд “Гүртэн овгийнхны удмын түүх, ургийн товчоон” ном хэвлүүлсний зэрэгцээ сэтгүүл зүйн 10 гаруй номыг ариутган шүүж, хянан тохиолдуулжээ.

Ш.Содномжамц 20082022 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба, хэлтэст зохион байгуулагч, референт, ахлах референт, хэлтсийн даргаар ажиллаж, Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, шуурхай, бодитой, хүртээмжтэй байдлыг төлөвшүүлэх, парламентын сурвалжлагчдыг мэдээллээр хангах, мэргэшүүлэх, парламент-иргэд сонгогчдын хэлхээ холбоог бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Тэрбээр 2009, 2013, 2016 онуудад “Парламентын сурвалжлагчдын гарын авлага” цуврал товхимол, 2011 онд “Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны холбогдолтой зарим нэр томьёоны тайлбар толь” эмхэтгэл, 2012 онд парламентын үе үеийн сурвалжлагчдын дурсамж, нийтлэл, сурвалжилгын “Төрийн түүхийг үл тасламуй” эмхэтгэл, 2010, 2020 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 20, 30 жилийн ойд зориулсан “Байнгын ажиллагаатай парламентын Тамгын газрын түүхэн тойм” номыг бэлтгэж, хэвлүүлжээ.

Ш.Содномжамцын хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан, Төрийн албаны тэргүүний ажилтан цол, тэмдэг, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Мөн түүний мэргэжлийн ур чадвар, уран бүтээлийг Монголын сэтгүүлчдийн байгууллагаас үнэлж “Ган үзэгтэн” шагнал, Хэвлэлийн эрх чөлөөний одон, 2011 онд “Бүтэн дэлхий” тэмдэглэл, нийтлэлийн ном туурвисны учир МСНЭ-ийн нэрэмжит шагнал хүртээсэн байна.

Талийгаачийн Монголын сэтгүүл зүй, яруу найргийн салбарт үлдээсэн тод, гэгээн мөр, Монгол төрийн үйл хэрэгт цуцалтгүй зүтгэсэн хичээнгүйхөдөлмөр, тууштай, ажил хэрэгч, шударга зан чанар,тулх түшигтэй, хүнлэг энэрэнгүй, эгэл даруу, гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд мөнхөд үлдэх болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР,

ХАМТРАН ЗҮТГЭГЧИД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж