Сурвалжлага: "EAST"-ийн газарт хүрээлэн биш барилга барина

Хуучирсан мэдээ: 2023.10.23-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: "EAST"-ийн газарт хүрээлэн биш барилга барина

Сурвалжлага: "EAST"-ийн газарт хүрээлэн биш барилга барина

Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд байрлах “East” худалдааны төв шатаад олон жил болсон тул өнгөрөгч онд нураасан. Иргэдийн зүгээс энэ барилгын газрыг дахин төлөвлөж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг хэлж байв.  Тухайн үед буюу 2022 оны зургадугаар сард барилгыг нурааж дууссан болохыг нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ мэдээлж байжээ. Ингэхдээ, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөөд удаж байгаа тус байршлыг ийнхүү чөлөөлж, суурин дээр нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон талаар мэдээлж байлаа.

Гэвч тус газарт орон сууц баригдахаар болсон талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигджээ. Биднийг очиход газар дээр нь цэцэрлэгт хүрээлэн битгий хэл тоос шороо бужигнасан орчин угтсан юм. Тус газрын барилгыг хашаалжээ. Харин дотор нь бүтээн байгуулалт өрнөж байгаа дүр зураг даанч алга. Иргэдийн зүгээс нийтийн тоглоомын талбай, амарч зугаалах орчныг бүрдүүлж өгөөсэй гэсэн хүлээлттэй байлаа. Байршилын баруун талд амьдардаг  иргэн Б.Ганзориг "Нурааснаас нь хойш хэсэг нам жим байсан. Саяхнаас доошоо суурь ухаж байгаа юм шиг шороо ухаад эхэлсэн. Уг нь энэ хавьдаа цэцэрлэгт хүрээлэн болгоод тохижуулаасай" гэв. Хүүхдээ салхилуулж буй иргэн Н.Халиун "Энэ хавиар тоглоомын талбай цөөтэй. Ихэнх нь барилга байгууламж. Хүүхдээ аятайхан тоглуулах тоглоомын талбай байдаггүй. Энэ барилга шатсаны дараа цэцэрлэгт хүрээлэн болгоно гэж байсан. Гэтэл сураг чимээ алга. Хотын удирдлагууд сүржин ярихаас цаашгүй. Үнэхээр иргэдэд ээлгүй" гэж бухимдангуй хэллээ.

Түүнчлэн иргэн Ц.Урнаа “Манайх энэ хажуугийн байр.  Уг нь энэ газар дээр ногоон байгууламж байгуулж, усан оргилуур хийчихвэл хэрэгтэй л байна. Яг энэ орчимд усан оргилуур, тоглоомын талбай их дутагдалтай байдаг учраас хүүхдүүдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү очиж тоглодог” талаар ярилаа.

Ямартай ч тус газрыг хашаалж барилгын ажлыг эхлүүлэх нь гэсэн яриа оргүй биш аж. Гэхдээ иргэдэд амласан шиг цэцэрлэгт хүрээлэн болгох уу, орон сууц барих уу гэдэг нь анхаарал татаж байлаа.

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАРИНА ГЭСЭН АМЛАЛТ УДААШРАЛТАЙ БАЙНА 

Эргэн сануулбал, “East” төвийн бууринд хуучнаар “Бат гүн” гэх шорон байсан гэдэг. 1912 онд Олноо өргөгдсөн Богд хааны зарлигаар Их хүрээний зургийг бурханч Жүгдэрээр ахлуулан нэртэй зураачид бүтээсэн бөгөөд уг бүтээлд “Бат гүн” шоронг тодорхой дүрслэн буулгасан байдаг талаар түүхч Д.Өлзийбаатар ярьж байв. Жанжин Д.Сүхбаатарын эцэг даамлаар ажиллаж байсан түүхтэй. Мөн Манлай ван Дамдинсүрэнг хорьж байсан бөгөөд  “Би гамингуудын нүдэн дээр хэвтээгээрээ үхэхгүй” хэмээгээд босоогоороо нас нөгчсөн түүхтэй. Манжийн үеэс л улбаатай уг шорон Ардын засгийн жилүүдэд өөрчлөгдөн, Төв гяндан буюу хорих байр болж, олноо “Бат цагаан” шорон хэмээн нэрлэгдэх болжээ. Тухайн үеийн шоронгууд өндөр модон шургааган хашаатай байжээ. Тиймээс тэндээс хоригдлууд оргож чаддаггүйн дээр барилга нь цагаан өнгөтэй байсан тул олон түмэн тийн нэрийдсэн түүхтэй ажээ.  1950-аад оны сүүлчээр шоронгийн үйл ажиллагааг зогсоож, арьс өнгөний эмнэлэг болсон бол 1990-ээд оны үед барилга нь муудсан тул сууриар нь нураасан байна. Улмаар “East” төв гэх худалдаа, үйлчилгээний байгууламж бий болж байжээ.

Энэхүү түүхийг үндэслэн эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн баатарлаг эрсийн дурсгалд зориулсан Цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэдгийг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ  2022 онд мэдээлсэн нь өдгөө ажил хэрэг болсонгүй хэвээр байна.

Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхүйц уг газарт хамгийн сүүлд гэр ахуйн цахилгаан бараа, өргөн хэрэглээний бараа, баар, ресторан, караоке зэрэг үйлчилгээний байгууллага үйл ажиллагаа явуулж байсан юм.

Энэхүү газрын эзэмшил нэгээс нөгөөд долоон удаа шилжиж, одоогоор “Пром-Импорт” ХХК-ийн эзэмшилд байгаа тухай Баянзүрх дүүргийн Засаг дарга хэлж байлаа.  Тэрбээр мөн тухайн газрын төлбөр тооцоонд маргаан байхгүй. Гэхдээ тус газар гэмт хэрэг, зөрчил гардаг, иргэдийн зүгээс хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхүйц уг барилгатай холбоотой гомдол, санал их ирдэг гэлээ.

Газрын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзвэл, энэ газар “Пром-Импорт” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байна. Тус компани 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд захирал, хувьцаа эзэмшигчээр Хатбаатарын Золжаргал бүртгүүлжээ. Тус компани гадаад худалдаа, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Харин газрыг нь 2022 оны гуравдугаар сараас эхлэн өмчилсөн бөгөөд өнгөрсөн онд өөр хуулийн этгээдээс шилжүүлж авсан аж.

Цэцэрлэгт хүрээлэн болгох явцын талаар, нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга мэдээлэл өглөө. Тэрбээр, "2022 оны дөрөвдүгээр сард барилгын архитектор төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг баталсан. Гурван блок барилгын загварыг тус оны есдүгээр сард хоёр блок барилга болгосон юм. Ингэснээр эдэлбэр газрын 36 хувьд барилга, 64 хувьд ногоон байгууламж, зам, талбай байхаар баталж, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн. Үүнээс хойш ямар нэгэн ажил хийгдээгүй. Барилгын компанитай холбогдоход “Хөрөнгө оруулалттай холбоотой ажил саатсан, бүтээн байгуулалтын ажил удахгүй эхэлнэ гэсэн” гэлээ.

 

Гэрэл зургийг О.Болорсувд 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж