Ерөнхий боловсролын 18 дунд сургуулийн сурагчид үл мэдэгдэх зүйлээс болоод хордлого авч, зарим нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Холбогдох албаныхан үнэртэй уснаас болсон гэх өөр тайлбар, судалгаагүй сууж байгаа нь ийм эрсдэл цаашдаа гарвал хэн хариуцах вэ гэсэн асуултын тэмдэг үлдээж байна. Түүнчлэн Улаанбаатар даяараа "хорт үнэр"-ийн асуудлаар шуугисан. Эцэст нь Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э” компанийн нэр бүхий ажилтнууд үйлдвэртээ ашиглахгүй болсон 10 орчим тонн орчим хаягдлыг бохирын шугамын худаг руу асгасан байж болзошгүй гэснээс өөрөөр энэ нь иргэдийн эрүүл мэндэд ямар үр дагавартай талаар мэдээлэл өгөх албаны ажилтан алга. Энэ бүхнийг дурдах учир нь нэг л өдөр хотоороо хордлоо гэхэд хордлогын шалтгаан нөхцөл, үр дагаврыг нь судлах газар үнэндээ Монголд алга.
Хорин жилийн түүхтэй Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ыг өнгөрсөн 2022 онд татан буулгасан. Улмаар салбар бүрийн харьяанд мэргэжлийн хяналтын чиг үүрэг шилжсэн юм. Гэвч салбарын хяналтыг яамдад хариуцуулах, онцгой болон тусгай чиг үүргийнхээс бусад хяналт шалгалтыг хувийн хэвшил болон төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх чиглэл бариад жилийн хугацаа өнгөрч байгаа ч үйл ажиллагаа нь жигдрээгүй хэвээр. МХЕГ нь авлига, луйврын үүр уурхай байсан уу гэвэл байсан. Гэхдээ нуухыг нь авах гээд нүдийг сохлохоос илүү асуудлыг цахимжуулах, үйл ажиллагааг нь шилэн болгох зэргээр өөрчлөлт хийж болох байв.
Мэргэжлийн хяналтын байгууллагын хэрэгцээ их байгааг нийгэмд үүсээд байгаа олон жишээнээс харж болно. Хэрэв хяналтын байцаагчид чиглэл тус бүрээр ажил үүргээ гүйцэтгэж байсан бол сургуулиудад хүүхдүүд хордсон шалтгаан нөхцөл, хүнсний аюулгүй байдал, стандарт бусаар баригдаж байгаа барилгын ажлыг зогсоох асуудал яригдах байсан нь лавтай.
Татан буугдсан МХЕГ-ын хяналт, шалгалтыг салгаснаар тухайн эрх бүхий албан тушаалтнуудад давуу байдал үүсгэхээс салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхгүйгээр хугацаа алдах зэрэг эрсдэл үүсч байна. Монгол Улсын хувьд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг 2003 онд шинэчлэн баталж, МХЕГ-ыг байгуулан ажиллаж байсан. Мэргэжлийн хяналтын байгууллага нь хил гаалиас эхлэн, эм, хүнс, хэрэглэгчийн эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөн асуудал, тусгай зөвшөөрөлтэй компаниудын үйл ажиллагаа гэхчлэн нийт 26 чиглэлийн нийтэд хамааралтай олон бүлэгт улсын байцаагч нар хяналт тавьж ажилладаг байв. Мэргэжлийн хяналтын аж ахуйн нэгжид дарамт учрууладаг, хүнд суртлаар элдэв чирэгдэл учруулдаг яг шалгах зүйлээ шалгадаггүй гэх шүүмжлэлийн дагуу татан буулгасан.
Мэргэжлийн хяналт зайлшгүй байх ёстой бол тухайн үйлчилгээг сайжруулахад чиглэсэн чиг үүргийн хүрээнд хяналтыг тавих юм. Мөн алдаа дутагдал гаргасан, зөрчилтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдвол эрх бүхий байгууллагад хүсэлт явуулж цаашид зөвшөөрлийг нь цуцлах ёстой ч энэ ажлаа хийхгүй ирсний балгаар өнөөдрийн хотын эмх замбараагүй барилгууд бий болсон.
Одоо мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг 11 чиглэлийн яамдад, орон тооны хязгаартайгаар шилжүүлээд буй. Тухайлбал,
- Соёлын яам,
- Барилга хот байгуулалтын яам,
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам,
- Боловсрол шинжлэх ухааны яам,
- Зам тээврийн хөгжлийн яам,
- Уул уурхай хүнд үйлдвэрийн яам,
- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,
- Цахим хөгжил, харилцаа холбооны яам,
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам,
- Эрчим хүчний яам,
- Эрүүл мэндийн яаманд МХЕГ-ийн чиг үүрэг урьдчилсан байдлаар шилжсэн.
Гэвч ганцхан жишээ авахад, сарын өмнө сургууль дээрээ хичээлээ хийгээд сууж байсан 20 гаруй сурагч ангидаа байхдаа нэгэн зэрэг хордлогын шинж тэмдэг илэрч улмаар хоёр ч удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Гэтэл энэ асуудлыг хариуцсан нийслэлээс гаргасан ажлын хэсгийнхэн, хордлогын шалтгаан нөхцөл шинжилгээний хариуг хүлээг асуудлыг шийдэж чадсангүй. Үүнийгээ "Хариуг хурдан гаргах боломжгүй. Шүүх шинжилгээний эмнэлэг хордсон шалтгааны дүгнэлт гаргана" гэдгээр тайлбарлаж, хүүхдүүдийн эрүүл мэнд хохирсоор байна.
Мөн голын ай сав, усны урсац бүхий онцгой бүс дэх барилга байгууламжид тавих хяналт. Энэ зун хотын иргэн бүрийн анхаарлыг татсан нэг сэдэв бол үер. Тэр дундаа үерийн бүс дэх орон сууцнууд болов. Онцгой бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд ч стандарт, холбогдох дүрэм журам үйлчлэх нь зүйн хэрэг. Хэдийгээр дүрэм, журам байдаг ч холбогдох албаныхан зөвшөөрөл өгсний гайг нийслэлээрээ амсав Үүнээс гадна хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компаниуд. Тэдэнд тавих салбарын хяналт дутмаг байгаагаас ХАБ-ын осол гэмтэл их гарч байна. Энэ мэтчилэн татан буугдсан МХЕГ-ын үүрэг гүйцэтгэгчдэд тавих хяналт сул байгаагаас салбаруудад гарч буй асуудал цэгцрэхээс илүүтэй хөглөрч, олны бухимдлыг төрүүлэх нэг шалтгаан болоод байгаа юм. Тиймээс хяналтыг хэрэгжүүлэх нэгж хэлтсүүдэд холбогдох яам нь анхаарлаа хандуулах шаардлага үүсээд байна. Хэн хариуцахаас үл хамаараад иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах стандарт, хяналт үгүйлэгдэж байна.
Холбоотой мэдээ