Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэхийг дэмжсэн. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хүүхдийн хүчирхийллийг асуудлыг онцлов. Тэрбээр "Хүүхдийн хүчирхийллийн асуудал бидний нүднээс далд яг юу болоод байна, хүүхдүүдэд юу тохиолдоод байна гэдгийг бид бодитоор мэдэж чадахгүй байгаа. Статистик харахад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам хоёр өөр тоотой сууж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрсдэлтэй хүүхдийн тоо 14270, манай яамнаас эрсдэлтэй хүүхдийн үнэлгээ хийхэд 55961 хүүхэд гэсэн тоо гарч байгаа. Монголын төр ингэж ажиллаж болохгүй. Бид нэг тоотой байх ёстой. Бид асуудлаа зөв тодорхойлж, оношоо зөв тавьж байж л эмчилгээгээ зөв хийх ёстой. Жишээ нь 55961 хүүхдээс үе тэнгийн дээрэлхэлтэд 11.000 орчим хүүхэд өртсөн байна. Энэ бол том тоо.
Нэг дэвшил бол Боловсролын хуулиараа сургууль бүхэн сэтгэл зүйчтэй байх эрх зүйн зохицуулалтыг хийсэн. Сүүлийн 2 жилд манай боловсролын салбарт хийсэн томоохон нүдэнд харагдахуйц, гарт баригдахуйц ажил бол энэ сургуулиудын сэтгэл зүйчдийг бэлтгэх ажил болсон.
Ер нь судалгаа хийгээд үзвэл цар тахлын үед сургуулийг удаан хугацаагаар хаасны хор холбогдол, сөрөг нөлөө маш их гарсан. Гурван хүүхдийн 2 нь сэтгэл гутралд орсон байна гэсэн судалгаа гарсан.
Цаашдаа бид альфа үеийн хүүхдүүдийн онцлогт тохирсон сэтгэл зүрхний боловсрол, хүүхдийн төлөвшлийн асуудлыг нийгмээрээ шүгэл үлээж, нийгмээрээ ойлгож, дүгнэлт хийх цаг ирсэн. Бид өөрсдөө сэтгэлгээ хандлагаа өөрчилж ажиллахгүй бол энэ асуудал хаалга тогшоогүй, хаалга нээгээд ороод ирсэн байгаа шүү гэдгийг хэлье" гэжээ.
Холбоотой мэдээ