Японы зохиолч Харүки Мүракамигийн хувьд Газын зурвас дахь цуст мөргөлдөөн нь манай дэлхий хана хэрмээр хуваагдсаны аймшигт жишээ юм. Бид бодит байдлаас зугтах бус ойлгож, даван туулахад уран зохиол тусална гэж тэр үзэж байна.
"Надад Израильд еврей найзууд бий. Мөн Палестины байдал үнэхээр өрөвдмөөр байгааг би мэдэж байна. Тиймээс аль болох хурдан энх тайван тогтоосой гэж залбирч л чадах байна. Алиных нь зөв буруу гэдгийг би хэлж мэдэхгүй" гэж тэр хэлжээ.
Мүракамигийн "Хот ба түүний тодорхойгүй хэрэм" нэртэй шинэ роман энэ онд Японд гарсан. Гэхдээ англи хэлнээ хараахан орчуулагдаж амжаагүй байна. Энэ зохиолынхоо утга агуулгыг тэр Газын зурвас дахь мөргөлдөөнтэй холбон тайлбарлажээ. "Миний зохиолд гарах хана бол жинхэнэ хана. Миний хувьд хана бол маш чухал зүйл. Би давчуу орчноос айх эмгэгтэй. Хэрвээ би давчуу газарт түгжигдвэл бага зэрэг сандарч магадгүй. Тиймээс би хананы тухай боддог. Берлинд очиход тэнд хана байсан. Бас Израильд очихдоо зургаан метр өндөртэй хана хараад маш их айсан" гэж тэр ярьжээ.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Испанийн Астурийн гүнжийн шагналыг хүртжээ. 50 мянган еврогийн уг шагналыг Астуриасын гүнж сангаас жил бүр олгодог бөгөөд урлаг, харилцаа холбоо, шинжлэх ухаан гэх мэт найман салбарт олгодог.
Мүраками энэ жил 74 настай. Тэрбээр дижитал зохиолч буюу хиймэл оюун ухаан хэзээ ч өөрийг нь гүйцэхгүй гэж хэлжээ. "Би аль хэдийнэ 74 хүрсэн. Цаашид хэр олон зохиол бичихээ мэдэхгүй байна. Дижитал зохиолчийн монопольчлол гэж зүйл миний хувьд хэзээ ч болохгүй. Роман бичиж байхад миний тархи алдаануудаар дүүрдэг. Гэхдээ би тархиа ашиглаж роман бичсээр байна. Хэрвээ компьютер над шиг олон алдаагаар дүүрэх юм бол эвдрэнэ гэж би бодож байна" гэжээ.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ